“Нинжа”-г хэн төрүүлсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

“Нинжа”-г хэн төрүүлсэн бэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    “Нинжа” гэдэг ад үзмээр ч юм шиг шоовдорлогдсон ч юм шиг үг бидэнд хэдийнэ танил болсон. Яагаад ч тэднийг нинжа гэж нэрлэдэг болчихсон юм гэдгийг бидний олонх маань мэдэхгүй. Уг манай эрхэм хууль тогтоогчид хувиараа ашигт малтмал олборлогчид гэж нэрийдэхээр тогтсон ч “нинжа” “нинжа”-гаараа л байгаа.
    Улстөрчид, иргэний хөдөлгөөнийхний үгээр бол тэд хамгаалал эрж байгаа өрөвдөлт ард түмэн, уул уурхайн компаниудын хувьд бол заналт дайсан нь. Уул уурхайн компаниуд, харийн ховдоглогчдоос болж, уул ус маань устаж үгүй боллоо гэж халаглах мөртлөө хэнд ч татвар төлөөгүй, хэзээ ч хариуцлага үүрэхгүй нинжа нарыг тэд өмөөрөн харуусдаг. Ажлын яс цагтаа баригдан, торгууль шийтгэл хүлээн байж сарын цалингаа авдаг хүмүүсийн дэргэд тэр нинжа нар харин ч жаргалтай мэт, аз нь таарвал арав хорин сая төгрөгөөр үнэлэгдэх алт олно. Харин нөгөө талаас нь харах ахул тэдний амь нас хэврэг.

    Та өнөөдөр ч гэсэн телевизийн мэдээгээр хаа нэгтээ нинжа гэдэг тодотголтой нэг бус хүн амиа алдсан гэсэн мэдээллийг сонсох байх. Харин яг тэр мөчид хөдөөгийн бөглүү сумын төвд “Гончиг голын тохойноос алт олж гэнэ, арван сая элбэг хүрнэ. Хэдүүл тийшээ дайрах уу” гэж хямдхан архиндаа дуниартаж, хямдхан амьдралаасаа “гэнэт” салахыг хүссэн нэгэн шүлсээ савируулан ярьж байхыг телевизийн мэдээгээр харахгүй. Албан тасалгааны бус цонхоор харах юм бол нинжа гэдэг өрөвдөлт нэртэй хүмүүс хууль журмын дагуу татвар төлдөг нэгнээс ч илүү орлоготой ч байж магадгүй, амьд явах, эрүүл, жирийн орчинд амьдрах баталгаа нь байхгүй ч…

    Анх 1990-ээд оны ороо бусгаа гэдэг үед алт хайж газар ухах гэсэн хүмүүс ч цөөхөн байж. Гэхдээ “…яндаж болдоггүй далай шиг…” гэж дуунд гардагчлангаар хаа сайгүй л орос ах нарын хайгуул судалгаагаар, үгүй дээ л нутгийн олны “нүдэн баримжаа”-гаар газар доорхи баялаг харагдаад л байдаг. Яг тэр үед шороог усаар зайлж алт авдаг хүмүүсийн гол “зэвсэг” юм хойно түмпэн үүрч шороо малтагсад хөдөөгүүр анх гарч ирж. Үүрсэн түмпэн нь манай ганц нийлүүлэгч урд хөршийн ногоон өнгөтэй хүмүүсийн хэлж заншсанаар бол “пийвэр” түмпэн. Тухайн үед нь ч мэлхий нинжа гэж дуулиант хүүхэлдэйн кино гарч байсан нь таарч ”нинжа” гэж нэршсэн гэж ярилцдаг юм билээ.  Орчин үеийн үлгэр ингэж эхлэв. Уг нь энэ бол арваад жилийн өмнөх түүх. Гэвч ашигт малтмалын гэх асуудлыг хариуцдаг албаны хүний хэлснээр бол “нинжа” нарын тоо таван жилийн өмнөхөөс арав дахин нэмэгдсэн гэнэ.  Арваад жилийн өмнөөс л “нинжа” нарын асуудлыг шийднэ, зохицуулна гэж ярьж байсан эрхмүүд энэ түүхийг санаж байгаа байх. Гэхдээ тэр үеэс хойш ”нинжа”-гийн тоо хэд дахин өссөн бэ гэдгийг эргэж харсан болов уу? Ер нь бол Монгол Улсад хэдэн “нинжа” байгааг бүү хэл хэдэн хүн ажилтай байгааг баримтаар нотолгоожуулан хэлчихмээр тоо ч бараг байхгүй биз.

    Тэднийг хэн төрүүлээд байгаа юм бэ? Яагаад олон олон жил яригдсан энэ асуудлыг хууль эрх зүйн талаас нь ч болтугай зохицуулж болдоггүй юм бол, бүхнийг “зохицуулагч” төр гуай…

    А.ТУЯА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж