Гүйцэтгэх албаныхан ажлаа танилцуулдаггүй

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Гүйцэтгэх албаныхан ажлаа танилцуулдаггүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Англид баривчилсан хэрэг явдал өнөөдөр дуулиан тариад байна. Тухайн үед дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгэх ажил биелүүлснийхээ төлөө гадаад оронд баригдсан түүний хамт Францаас хулгайлсан хүнийг дамжуулалцсан хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас зарим зүйлийг тодрууллаа.

    -Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц Англи улсад албан ажлаар очоод баригдаад байна. Дамирангийн Энхбат агсныг манай хүчний байгууллагынхан Францаас хулгайлж авчрахдаа хэд хэдэн орноор дамжуулсны нэг нь ХБНГУ. Та тэнд тухайн үед Элчин сайдаар ажиллаж байхдаа Д.Энхбатыг нуухад оролцсон гэж 2003 оноосхойш яригдаж байгаа. Өнөөдөр нөхцөл байдал ийм болоод байгаа үед та энэ талаар юу хэлэх вэ?

    -Энэ талаар манай хэвлэл, мэдээллийнхэн сүүлийн үед нэлээд бичиж байна. Тухайн үед би Монгол Улсаас ХБНГУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан. Нэг зүйлийг хэлэхэд хүчний  байгууллагын үйл ажиллагаа, дипломат байгууллагын үйл ажиллагаа хоёр өөр өөр юм билээ. Надад хүчний байгууллагын зүгээс албан ёсоор танилцуулж, албан ёсоор тэр хүнийг танай ЭСЯ-нд байрлуулна гэж хэлсэн юм байхгүй. Сүүлд авсан мэдээгээр бол Д.Энхбат гэдэг хүнийг баривчлаад авч явсан гэж байсан. Сонин хэвлэлд мэдээлэл гарсан байсан.

    -Танаас Германы тал энэ талаар мэдээлэл авч байсан гэсэн. Юу асууж байв?

    -Тэр үед ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Германы Пррокурорын газраас надтай уулзаж ярилцаж байсан. “Ийм юм болсон байна. ЭСЯ хүн хоргодуулдаг газар мөн үү, биш үү” гэсэн асуудал  ярьсан.  Тэгэхэд манай ЭСЯ –ны барилгын ажил яг эхэлж байсан. Маш их барилгын ажилтай байсан Тийм учраас бид юун гадна дотноос ирсэн хүн амьтныг мэдэхтэй манатай ажиллаж байсан л даа. ЭСЯ-нд чинь нэг юм байдаг юм. Гадна дотноос баригдсан хүмүүсийг цагдаагийн машинтай авч ирээд аваад л явж байдаг. Манайхан чинь гадаадад хэрэг төвөг нэлээд хийдэг. Барьсан хүнээ оруулж ирж л байдаг, тэгээд аваад л явж байдаг. Тэр бол ЭСЯ-ны Консулын асуудал байдаг л даа. Элчин сайд бол орж байгаа, ирж байгаа хүн болгонтой уулзаад учраад байдаггүй. Тийм учраас  би Германы Гадаад хэргийн яаманд ч гэсэн, Германы Прокурорын газарт ч гэсэн ямархуу үйл явдал болсон талаар ярилцлага өгч, тэр бол үнэхээр хүчний байгууллагуудын үйл ажиллагаа юм гэдгийг Германы тал хүлээн зөвшөөрч байсан л даа.

    -Ийм хүн авч явна. Хүчний байгууллагынхан тусгай үүрэг гүйцэтгэж байгаа гэж Элчин сайдад мэдэгдсэн үү?

    -Тэд чинь тусгай үүрэг гүйцэтгэж байгаа болохоор хамаагүй мэдээлэл өгнө гэж үү. Үгүй шүү дээ. Дахиад хэлэхэд ЭСЯ-аар орж гардаг хүн олон, баривчлагдсан хүн ч байдаг болохоор баривчлагдсан, машин унаагаар зөөж байгаа хүмүүсийг Консул хүлээж авдаг. Яг түүн дээрээ тулахаар Д.Энхбат гэдэг хүн үү, ямар хүн бэ гэдгийг хүчнийхэн танилцуулдаггүй. Зарим тохиолдолд танилцах ч шаардлага байхгүй. Цагдаагийн хуягласан машинтай хүмүүс ч ЭСЯ-ны хашаанд орж ирээд л доогуур консулынхантай  уулзаад явж л байдаг.

    -Д.Энхбат гэдэг хүнийг үнэхээр ЭСЯ-ны байранд хонуулсан нь үнэн үү?

    -Тэр үед ЭСЯ-ны байрны асар их барилгын ажлыг бид өөрсдөө хийж байсан. ЭСЯ-ны подвалд, нэг дутуу зассан өрөөнд тодорхой хугацаанд Д.Энхбатыг байрлуулсан гэсэн мэдээлэл сүүлд ирж байсан л даа.

    -Консул нь ямар хүн байсан бэ?

    -Алтансүх гэдэг хүн Консулаар ажиллаж байсан. Гүйцэтгэх ажил хийж байгаа тусгай албаны хүмүүс чинь ийм юм хийгээд ингэж явна гэж хөндлөнгийн хүмүүст танилцуулахгүй шүү дээ. Тийм ёс ч байхгүй байх. Ийм л юм болсон.

    Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж