Б.Хурцыг Францын талд шилжүүлэх болов уу?

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг Францын талд шилжүүлэх болов уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн долоо хоногт хамгийн ихээр анхаарал татаж, шуугиан тарьсан үйл явдал бол ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг Лондонд баривчилсан тухай мэдээлэл байлаа. Түүний баривчлагдсан талаарх асуудалд албаныхан маш болгоомжтой хандан тодорхой хариулт өгөхгүй байсаар долоо хоногийн төгсгөлд л мэдээлэл хийж, Лондонд шүүх ажиллагаа эхэлсэн тухай ам нээсэн юм.

    Зарим мэдээллийн хэрэгсэлд Б.Хурцыг шүүх ажиллагаа Германы талын нэхэмжлэлээр үүссэн гэжээ. Уг нь түүнийг буруутан болоход хүрээд байгаа Дамирангийн Энхбатыг хулгайлсан хэрэг явдал Францад болсон билээ.

    Өнгөрсөн зун Улаанбаатарт Францын хоёр сэтгүүлч жинхэнэ утгаар эрэн сурвалжлага хийсэн гэдэг мэдээлэл байна. Тэд Д.Энхбатын төрөл төрөгсөдтэй уулзаж, түүний талаар мэдээлэл цуглуулахаар ирсэн бөгөөд Монгол дахь хүний эрхийн төлөөх байгууллагуудад ч хандсан байна. Сэтгүүлчид “Эмнэсти Интернэйшнл” байгууллагын Монгол дахь салбарынханд зорилгоо тайлбарлахдаа “Францаас хүн хулгайлагдаж,  улмаар эрх чөлөө, амь нас нь аюулд учирсан энэхүү хэрэг явдалд манай төр, засаг анхаарлаа хандуулах ёстой” гэж  өгүүлж байжээ.
    2003 оны тавдугаар сард Францын Гавр хэмээх хотод “Мак Дональдс”-ын сүлжээ түргэн хоолны газраас Д.Энхбатыг хүчээр авч явахыг харсан гэрчүүд, Францын Гадаад, дотоод хэргийн яам гээд олон эх сурвалжад хандан хэрэг явдлыг тодруулах гэсэн эрэн сурвалжлага саяхан тэндхийн хэвлэлүүдээр гарсан бололтой.

    Тэгэхээр мартагдаад байсан Д.Энхбатыг хэд хэдэн улсын хил дамнуулан хулгайлсан хэрэг явдал адтай сэтгүүлчдийн “хүчээр”  Францад бас дахин сөхөгдсөн байна.  Д.Энхбаттай холбоотой асуудал түүнийг хулгайлагдсанаас жилийн дараа Францад анх “Чөлөөт Гавр” сонинд сөхөгдөж, улмаар Гадаад хэргийн яам нь “Бид Монголын эрх баригчдын энэхүү үйлдэлд маш их цочирдсон, таагүй хүлээж авч байна. Энэхүү үйлдэл маш ноцтой асуудал” гэж мэдэгдсэн аж.

    Эл хэргийг дахин сөхсөн франц сэтгүүлчдийн өгүүлж буйгаар одоо тэндхийн албаныхан бас л ам нээх дургүй, архивт үлдсэн материал ч ховор байгаа бололтой. Учир нь хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн асуудалд холбогдсоноороо Францын тал тухайн үед төвөгтэй нөхцөлд орж байсан аж. Үүнээс болоод ч юм уу, Франц энэ хэрэгт нэг их анхаарал тавиад байх сонирхолгүй байж болохыг зарим эх сурвалж тэмдэглэж байжээ. Өнөөдөр эл хэрэгтэй холбоотойгоор Б.Хурцыг Лондонд Германы нэхэмжлэлээр шүүж байгаа нь дээрх байдалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Юутай ч Францын тал Б.Хурцыг шилжүүлэн авахаар хүсэлт гаргачихлаа. Тэнд асуудал ямар байдлаар өрнөх бол, Монголын талаас тавиад байгаа Б.Хурцыг эх оронд нь татаж авчрах асуудал яаж шийдэгдэх вэ гээд олон асуулт өнөөдөр хариултгүй байна. Д.Энхбатыг олон улсын хэм хэмжээг зөрчин барьж явсан хэрэг дэгдэж байх үед Францын өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркози дотоод хэргийн сайд байжээ. Энэ нь Б.Хурцыг шүүх ажиллагаанд нөлөөлөх эсэх мөн л бидний мэдэх хэрэг биш болоод байна.

    Харин хамгийн тодорхой байгаа зүйл гэвэл Д.Энхбатыг баривчилсан шалтгаан нь Монголын улс төрийн бохир орчиндоо таарсан шоу байсан явдал. Үүнийг “дэглэсэн” эрх баригчдийн увайгүй шийдвэрээс болоод Б.Хурц тэдний өмнөөс хэрэгтний нөмрөг өмсч, улсын нэр хүнд шалан дээр унахад хүрчээ. Тэгээд ч зогсохгүй Франц улс олон улсад, наанадаад Европийн холбооны өмнө төвөгтэй байдалд орсон бололтой.

    Хориннэгдүгээр зуун гарчихаад байхад олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс гажууд баривчилгаа, гүйцэтгэх ажиллагаа явуулсныхаа тайлбарыг бид хэрхэн хийх бэ?


    З.БОРГИЛМАА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж