Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 3

Аравдугаар сарын 3-ны баяр

Герман нэгдсэн өдөр

Немцийн нэгдлийн өдөр нь (Tag der deutschen Einheit) ХБНГУ-ын үндэсний баяр юм. Баруун ба Зүүн Герман албан ёсоор амжилттай нэгдсэн 1990 оны аравдугаар сарын 3-нд энэ баярыг тэмдэглэж байна. Нэгдсэн энэ өдрийг Үндэсний баяр гэж албан ёсоор зарлан бүх нийтийн амралтын өдөр болгосноос хойш хуучин ХБНГУ-ын зургадугаар сарын 17-ны баярыг цуцарсан байна. Энэ баяр хамгийн залуу үндэсний баярт орж байгаа учраас одоогоор яг тогтсон уламжлал үгүй бөгөөд зарим нутагт хурал цуглаан, нөгөө нутагт нь нийтийн зугаалга, ёслолын буудлага болж байдаг. Хамгийн том арга хэмжээнүүд нь Берлин хотноо хийгддэг байна.

Өдрийн домог

Эртээ урьдын цагт Хурмастын хаан Хванины хүү Хванун нэртэй нэгэн сайхан ханхүү амьдарч байжээ. Хванун хүмүүс туслахаар шийдэн Солонгосын хойгийн эзэн болгоод өгөөч гэж эцгээсээ гуйжээ. Эцэг нь хүүгийнхээ хүслийг биелүүлэн түүнийг 3000 зарцтайгаар дэлхийд илгээжээ.

Тхэбэксан уулын энгэр дэх зандан модны ойролцоо Хванун дэлхийд бууж ирээд  “Тэнгэрлэг хаан” буюу Чхонван цол аван Бурханы гэгдэх Цэнхэр хотыг үндэслэв. Салхи, Бороо, Үүл гэсэн гурван сайдаа томилоод, хүмүүсийг загас агнуур, мужаан, нэхмэл, анагаах, газар тариалан, урлагийн 360 мэргэжилд сургав. Мөн тэдэнд сайн, муу үйлсийг ялгаж сурган өөрийн хуулиудаа бий болголоо.

Тэр үеэр Хванун хүн төрх олсон зандан дэргэдэх агуйд баавгай, бар хоёр амьдарч байв. Тэд өдөр бүр тэр модонд ирж, Хванунд мөргөдөг байжээ. Эцсийн эцэст хурмастын хаан тэднийг өрөвдөн 20 хумс саримсыг агь шарилжийн бутын хамт өгөөд “Үүнийг идээд 100 хоногийн турш өдрийг бүү үзэгтүн. Тэр цагт та нар хүн болно” гэжээ.

Солонгос улсыг үндэслэгч Тангун

Баавгай, бар хоёр өгсөн зүйлийг нь идээд агуйдаа ирэн бүрэв. Бар тэсэлгүй гадагш гарч хэвээр үлдэв. Тэвчээртэй хүлээсэн баавгай 21 хоногийн дараа үзэсгэлэнтэй бүсгүй болон хувирчээ. Тэрээр Унне гэх нэрээр алдаршсан ба маш их ганцаардмал байлаа. Тэгээд тэрээр дахин Хурмастын тэнгэрт мөргөлөө. Хванун эмэгтэй хүсэлтийг биелүүлж, Унне хүү төрүүлэн Тангун гэж нэрлэв. Хожим тэрээр Солонгосын хойгийг захирсан анхны ердийн хүн болсон ба өөрийн улсыг Чосоны вант улс гэж нэрлэн Пхеньяныг нийслэлээ болгожээ. Дараа нь Тангун нийслэлээ Тхэбэксан уулын Асадалд нүүлгэн авчраад 1500 жил улсаа удирдан захирчээ. Эцэст нь тэрээр хаан ширээнээсээ татгалзан уулын тэнгэр болжээ.

Домгоор манай эриний өмнөх 2333 онд Солонгосын эцэг гэгдэх Тангун Солонгос улсын анхны захирагч болсон энэ өдрийг жил бүр Өмнөд Солонгост үндэсний баяр болгон Улс байгуулагдсаны (National Foundation Day in South Korea) ой гэж тэмдэглэдэг.

Үйл явдал

Далай тэнгисийн ослын SOS дохио батлагджээ

 1906 он: Энэ өдөр Берлин хотноо 29 улс оролцсон Далайн бага хурлаар далай, тэнгисийн ослын SOS дохиог баталсан байна. Радио бүтээгдтэл далайн хөлөг онгоцнуудад харах болон сонсох дуут дохиог ослын үеэр хэрэглэж ирсэн байв. Үүний тулд галт болон гэрлэн дохио дарцгийг хэрэглэдэг байв. Хөлөг онгоц радиогоор тоноглогдож эхэлсний дараа аюулын дохиог стандартчилах хэрэгтэй болсон юм. Эхлээд CQD гэсэн Морзийн үсгүүдээс дохио бүтэж байсан ба эхний хоёр үсэг нь бүх радио дуудлагын код байсан ба сүүлчийн D үсэг нь Danger – аюул гэсэн англи үсгийн эхний х нь байжээ. Эдгээр үсэгт тохируулан усан цэргүүд «Come Quick, Danger» гэсэн үгийг гаргаж ирсэн нь «Хурдан ирээрэй, аюул» гэж англиас бууж байв. Гэхдээ Морзийн үсэгт энэ өгүүлбэр нэлээд ээдрээтэй бууж байснаас SOS гэсэн үгийг сонгон авсан байв. Тэр Морзийн үсгээр гурван цэг-гурван зураас-гурван цэг гэж бууж байсан нь амархан байжээ.  Тийм маягаар далайн аюулын дохиог цэвэр техник талаас нь сонгосон байна. "Save Our Ship" (манай хөлгийг авраарай), эсвэл "Save Our Souls", "Save Our Spirits" (бидний амийг авраарай), ба "Swim Or Sink" (ирээрэй буюу живлээ), бүр цаашлаад "Stop Other Signals" (бусад дохиогоо зогсоо) гэж тэр гурван үсэгт тааруулсан өгүүлбэрүүд нь дохиог хүлээн авснаас хойш гарч иржээ. Далайн бүх хөлөг онгоцнууд 1999 оны хоёрдугаар сарын 1-нээс GMDSS гэх төгс системийг ашиглах болсноор «SOS» дохионы ашиглалт буурсан гэдэг.

А-4 пуужингийн туршилт амжилттай болов

1942 он. Фашист Германы Пенемюндегийн туршилтын талбайд баллистик пуужингийн туршилт амжилттай болов. Хийгдсэн дарааллынхаа дагуу А-4 нэртэй пуужин 192 км замыг туулж, 90 км-ын өндөрт хөөрчээ. Хожим түүнийг  "V-2", "Фау-2" гэж нэрлэсэн ба 1944 оноос Английн хотуудыг уг пуужингаар буудаж байв. Туршилт амжилттай болсны дараа ерөнхий зохион бүтээгч нь пуужин хөөргөсөн талбайн дэргэд “1942 оны аравдугаар сарын 3-нд миний зүрхнээс энэ чулуу уналаа. Вернер фон Браун” гэсэн үг сийлсэн бул чулууг тавсан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж