С.Ламбаа ОДАШТ-ий бэлтгэлтэй танилцана

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

С.Ламбаа ОДАШТ-ий бэлтгэлтэй танилцана

Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн эхлэхэд хоёр хоногийн хугацаа үлдээд байна. Маргаашнаас тамирчдын жингийн үзлэг эхлэхэд бэлэн болоод байна. Тэмцээнд оролцохоор хамгийн түрүүнд ОХУ-ын баг тамирчдын эхний хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэй ахлах дасгалжуулагч Романаар удирдуулан хүрэлцэн ирсэн бол Недерланд, Словак, Казакстан, Тайланд, Хятадын Тайвань, Турк улсын баг тамирчид Улаанбаатарт хэдийнэ ирж, урьдчилсан бэлтгэлээ Спортын төв ордонд базааж байна. Маргааш Коста Рика, Литва, Молдав, Польш, Украйн, Чех, Белорусь улсын баг ирнэ.  Монголын оюутны боксын шигшээ баг Эрдэнэт УБҮ-ийн амралтын төв, БНХАУ-ын Хөх хотод бэлтгэл хийж байсан бол өнөөдрөөс эхлэн гадаадын баг тамирчидтай нэгдэн, “Баянгол” зочид буудалд байрлажээ.

ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны төлөөлөгчөөр Япон улсын  иргэн, олимпийн аварга Игариши Хисато, Боксын техникийн төлөөлөгчөөр ОУОСХ-ны боксын техникийн хорооны дарга, ОХУ-ын иргэн Эдуард Абдулманов, хяналтын төлөөлөгчөөр БНХАУ-ын иргэн Шинь Жин, эмнэлгийн төлөөлөгчөөр Финлянд улсын иргэн Тапио Каллио, ОУОСХ-ны ХЭГ-ын төлөөлөгчөөр Бельгийн иргэн Лорент Бриел, ОУСБХолбооны техникийн төлөөлөгчөөр Польшийн иргэн, ОУСБХ-ны дасгалжуулагчдын комиссын дарга Адам Кусиор нар ирээд байгаа бол Азийн боксын холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Зин Гуа Зин энэ сарын 6-нд манай улсад хүрэлцэн ирэхээр болсон байна. Тэмцээн Спортын төв ордонд ирэх мягмар гаригаас эхлэн өдөр бүрийн 15.00 цагт үргэлжлэх бол 9-10-ны өдрийн хагас шигшээ, шигшээ тоглолтууд 13,00  цагаас болох юм.

Өнөөдөр тус тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажилтай гадаадаас ирсэн албаны хүмүүс танилцаж, Спортын төв ордон, заал танхимтай танилцсан бол маргааш Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Спортын төв ордонд зочилж, тэмцээний бэлтгэл ажлыг хянах юм байна.

Боксын Оюутны ДАШТ-д өрсөлдөх Монголын тамирчид:

49 кг: П.Сэрдэмба
52 кг: Н.Төгсцогт
56 кг: Э.Идэрхүү
60 кг: Д.Отгондалай
64 кг: Б.Түвшинбат
69 кг: Л.Шинэтулга
75 кг: Н.Шинэбаяр
81кг: С.Эрдэнэбаяр
-91кг: Г.Эрболат
+91кг: Д.Идэрбат  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж