“Транс” банкны экс захирлыг хайж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

“Транс” банкны экс захирлыг хайж байна

“Транс” банкны гүйцэтгэх захирал асан С.В.Новожиловт холбогдох хэргийн  тов өнгөрсөн сард Чингэлтэй дүүргийн шүүхэд гарсан ч тэрбээр шүүх ажиллагаанаас   оргон зайлсан юм. Манай хууль хяналтынхан оргосон этгээдийг  эрэн сурвалжлах ажил сар гаруй үргэлжилсний эцэст Монгол улсын нутаг дэвсгэрт нуугдсан байх  гэсэн таамаг гараад буй. Тодруулбал дээрх зальжин этгээдийн хэргийг хянаж, яллах дүгнэлт үйлдсэн  нийслэлийн Прокурор  Г.Мижиддорж  хэлэхдээ “ Нийслэлийн Прокурорын газарт Хил хамгаалах ерөнхий газар болон түүний харьяа хилийн боомтууд, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба, Улсын мөрдөн байцаах газар зэрэг холбогдох байгууллагууд сар гаруй хугацаанд шалгалт хийж түүнийг  улсын хилээр оргон зайлсан гэх үндэслэлгүй гэж үзсэн” гэх тайлбарыг сэтгүүлчдэд өгсөн. Тэгэхээр хууль хяналтынхан түүнийг Монгол улсын  нутаг дэвсгэрийн аль нэг хязгаарт орогнож буй хэмээн эрэн сурвалжлах ажиллагааг үргэжлүүлсэн  ч өнөөдрийг хүртэл сураг ажиг гараагүй  байна. Банк  дамнуулан залилан хийсэн хойд хөршийн иргэдийн тухай  олон баримтууд бий. 

Одоогоор  тэдгээр  иргэдэд холбогдох  залилангийн хэргийг хууль хяналтынхан  эцэслэн шийдсэн нь нэгээхэн ч үгүй.  Тэдний нэг жишээ бол яах аргагүй  “Транс” банкны захирал асан С.В.Новожилов . Одоогоос  хоёр жилийн өмнө банкны захирлын алба хашиж байхдаа  монголчуудын хадгалуулсан 400  сая төгрөгийг ямар ч барьцаа хөрөнгөгүй нутгийн найзууддаа зээлүүлсэн гэх хэрэгт холбогдсон.Түүний  хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан илрүүлэн шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд зааснаар 150.3, 156 дугаар зүйлийн 156.3-рт зааснаар ял төлөвлөж прокурорт шилжүүлсэн байдаг. Уг зүйл ангиар  С.В.Новожиловыг ялласан бол шүүх бүрэлдэхүүн  5-10 жилийн хорих ял оноох  байв. Түүнд нийслэлийн Прокуророос  төлөвлөсөн ялын зүйлчлэлийг тодруулбал “Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, бусдын хөрөнгийг завшиж үрэгдүүлснээс бусдад их хэмжээний хохирол учруулсан”  гэдгээр буруутгаж өнгөрсөн сард Чингэлтэй дүүргийн шүүх  хянан хэлэлцэж олон хүнд хохирол учруулсан гэх  хэргээр  “дээлийн нь нөмөргөж” болох байв.  Харамсалтай нь манайхан яллагдагч этгээдийг алдчихсан. Шүүх ажиллагаанаас хэзээ оргосон, шүүх хурлын товыг тэр мэдсэн эсэх нь  тодорхойгүй. Уг хэрэгт өмгөөлөл явуулахаар тогтсон өмгөөлөгч ч энэ талаар мэдэх зүйлгүй хэмээсэн.  Яллагдагчийг шүүх ажиллагаанаас алдсан нь  хэрэг шийдэхдээ яст мэлхийн  хурдаар  ажилдгийн тод жишээ энэ. Энэхүү  банкны захирлын хэргийг халуун зуны турш нийслэлийн Прокурор Г.Мижиддорж  хянаж, намрын турш  Чингэлтэй дүүргийн шүүгч уншсаар  байтал нөгөө этгээд   аль эрт “нуувчин”-даа орж сураг тасрав.  

Манай шат шатны хуулийнхан  болсон хойно сэжигтнүүдэд ял завших боломж олгодог жишгээр энэ хэрэг прокурор дээр зусч шүүх дээр намаржсаны эцэст  ийн  хэргийн эзэн ичээндээ орж амжлаа. Одоогоор   түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа төдийлөн үр дүн өгөөгүй ч учир мэдэх хүний хэлснээр С.В.Новожиловыг  хилийн дээс гаргаад алдчихгүй л бол өмнө нь төлөвлөсөн 150 дугаар зүйл анги, 156 дугаар зүйл анги   дээр нэмж шүүх ажиллагаанаас оргон зайлсан гэх зүйчлэл нэмэгдэж  дахин таван жилийн ял нэмэгдэх бололтой.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж