
-Өнөөдрийн явуулж буй ажлын ач холбогдол юу вэ?
-Байгаль орчноо хамгаалахад иргэн хүн бүр оролцох ёстой. Энэ ч утгаараа манай цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн байгаль орчноо хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэдгээрээ ач холбогдолтой. Энэ арга хэмжээ долоо хоног үргэлжилнэ. Өнөөдрийн Богд хан уул, Туул голыг цэвэрлэх ажил цагдаагийн ерөнхий газрын даргын гаргасан захирамжийн нэг хэсэг. Бид бүрэн бүрэлдэхүүнээрээ 30 гаруй километр газрын хогийг цэвэрлэлээ. Өмнө нь манай НЦГ-ын алба хаагчид Сэлбэ голыг цэвэрлэж байсан. Тэр үед оршин суугчид болоод ард иргэд маш сайхан хүлээн авч байсан.
-Өнөөдөр та бүхэн аль хэсгийн хогийг цэвэрлэсэн бэ?
-Хар усан тохойгоос Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн гүүрээс Маршалын гүүр түүнээс цааш зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр хүртэлх голын сав газар, уулын бүс нутгийн хогийг цэвэрлэлээ.
-Хог цэвэрлэхээс гадна пост ажиллуулж хэрэг зөрчлийг илрүүлж байгаа гэсэн?
-Тийм ээ. Бид өнгөрсөн сарын 29-өөс Туул голын бүсэд нэвтрэх 40 цэгт хамгаалалтад гарч Баянзүрх товчооны гүүрээс Их тэнгэрийн амны гүүр цаашлаад Сонгины амралтын гүүр хүртэл морин эргүүл хийж байгаа. Мөн Богд уулын 10 аманд пост ажиллуулж мод тээвэрлэх зэрэг хууль бус үйлдлийг газар дээр нь таслан зогсоох, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байна. Гарсан зөрчлийг газар дээр нь арилгах цаашлаад торгууль ногдуулах, захиргааны арга хэмжээ авах зэргээр хариуцлага тооцож байгаа.
С.Отгон