“Голын хоржигноон”-д жаазаар амьсгалаарай

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

“Голын хоржигноон”-д жаазаар амьсгалаарай

Олон улсын жааз  хөгжмийн фестиваль Монголд дөрөв дэх удаагаа болж байгаа билээ. “Их талын жааз” ТББ-аас хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын фестиваль энэ удаад есдүгээр сарын 28-наас  аравдугаар сарын 2-ны хооронд зохиогдож байна. Энэ удаагийн фестивальд  АНУ-аас  “Ari Roland” хамтлаг, Швейцариас дуучин, хөгжимчин Eliane Amherd , Норвегиос “Skaidi”, “Steinar Raknes” хамтлаг гэсэн дөрвөн хамтлаг ирж  оролцож байгаа ажээ. Харин Монгол Улсаа төлөөлөн “Морин хуур” чуулгын дэргэдэх “Арга билэг” хамтлаг, хуучир хөгжимчин Н.Одноо, “A-Sound” болон “Арга билэг” хамтлагийн төгөлдөр хуурч, чөлөөт уран бүтээлч Т.Пүрэвсүх, Германд долоон жил ажиллаж амьдарч байгаа хөгжимчин Н.Энхчимэг нар жааз хөгжмийг амтлуулж байгаа юм.

“Их талын жааз” олон улсын дөрөвдүгээр наадмын хүрээнд олон улсын фестиваль, цуврал тоглолтууд зохион байгуулахаас гадна СУИС болон ХБК-ийн мэргэжлийн ангийн оюутнуудад тус наадамд уригдан ирсэн мэргэжлийн хөгжимчид  үнэ төлбөргүй нээлттэй сургалт, хичээл явуулах  зэрэг үйл ажиллагаанууд багтжээ.Өчигдөр “Хаан банк”-ны театрт“Их талын жааз” олон улсын хөгжмийн наадмын “Нэгдсэн гала тоглолт” болсон бол өнөөдөр хаалтын тоглолт нь 19.00 цагт “River sounds” клубт “Ari Roland”, хөгжимчин, дуучин Eliane Emherd болон хөгжимчин Энхчимэг нар дахин тоглоно. Энэхүү ховор боломжийг ашиглан “Голын хоржигноон”-д жаазаар амьсгалаарай.

Монголын хөгжимчид ур чадварын хувьд өндөр

“Их талын жааз” олон улсын хөгжмийн наадамд АНУ-аас ирж оролцож байгаа  “Ari Roland” хамтлагынхантай уулзлаа.

-Та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу? Монголд хэд дэх удаагаа зочилж байгаа вэ?

– Би New York-оос “Ari Roland” хамтлагтайгаа ирсэн. Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Анх ирэхэд үнэхээр гайхалтай байсан учраас дахин ирэхийг юу юунаас илүү хүссэн. Бид нарт ид шидийн мэт  учирлаар Монголд  хоёр дахь удаагаа ирж байгаадаа баярлаж байна. Та өөрөө монголынхоо хөгжмийг гайхалтай сайхан гэдгийг мэднэ биз дээ. Бид нар анх ирэхдээ Багануурт тоглолт хийж байсан. Тэнд байсан монголчууд бид гайхалтай сайхан дуунуудыг дуулж байсан. Эдгээр дуунууд нь үнэхээр “country song” байсан. Тийм учраас бид нар гэртээ байгаа юм шиг байсан.

-Монголын дуу хөгжмийн тухай ингэж хэлсэнд баяртай байна. Монголд дөрөвдэхь удаагаа болж байгаа жааз хөгжмийн фестивалийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Надад үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байгаа. Монголын хөгжимчид ур чадварын хувьд өндөр түвшингийн хөгжимчид. Залуу монгол хатагтайн уламжлалт хөгжмөөр тоглож байга  нь яг л мөрөөдөл мэт санагдсан. Энэ хүмүүстэй хамтдаа нэгэн тайзан дээр өөрсдийнхөө сурсан дууг тоглох гэж байгаадаа сэтгэл өндөр байна. Хөгжимчин хүний хувьд энэ бол жинхэнэ фестиваль болно гэж мэдэрч байна.

-Монголчуудын хувьд жааз хөгжим гэдэг бол тийм ч өргөн сонсдог хөгжим биш. Тэгвэл таны хувьд жааз хөгжим, монгол хөгжим юугаараа ялгаатай болон төсөөтэй вэ?

-Монголын зарим нэгэн аялгуунууд нь жааз хөгжмийн аялгуутай адилхан байдаг. Жааз хөгжимд тодорхой хэмжээний хэмнэл хөг аяз байх ёстой байдаг. Гэвч мэдрэмжгүй байхад үүнийг тоглож чадахгүй. Тэгвэл би монгол хөгжмийг сонсоход бүгдээс нь энэ мэдрэмжийг олж хардаг. Хайрын дуу, амьдралын хүнд хэцүү тэр бүгд багтсан байдаг нь яг л жаазын өгдөг ойлголт хамт явж байдаг юм шиг санагддаг.

Монголын морин хуур, хөөмийг сурах гэж оролдсон
Швейцариас энэхүү жааз хөгжмийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байгаа дуучин, хөгжимчин Eliane Amherd-тэй уулзлаа. Тэрбээр Швейцари ардын дуу хөгжмийг жааз хэмнэл рүү орууулан уран бүтээлээ туурвидаг авьяаслаг бүсгүй юм.

-Таныг юу монголд хоёр дахь удаагаа ирэхэд хүргэсэн бэ? Энэ удаагийн айлчлал тань анхныхаасаа юугаараа ялгаатай вэ?

-Анх ирэхдээ би Хятадаас Монголд ирсэн. Тэр үед би жааз хөгжмийн тоглолтуудыг ганцаараа хийж явсан. Заримдаа төгөлдөр хуурчидтай хамтран тоглож байлаа. Гэтэл энэ удаа би ийм гайхалтай хамтлагтай хамтран тоглож байна. Ари Роландийнхан надтай тоглох хөгжмийг зөвхөн ганцхан хоногт бэлдээд тоглож байна. Би үүнээс илүү жаргалтай байж чадахгүй ээ. Анх удаа Монголд ирэхдээ Улаанбаатартай танилцаж музей үзэн түүх соёлын дурсгалт газруудад зочилж  байсан. Гэтэл энэ удаад би тун завгүй байна.

-Та монгол хөгжимчидтэй хамтран тоглож байгаа шүү дээ. Энэ тухай сэтгэдлээсээ хуваалцахгүй юу?

-Энд уулзсан болон хамтран тоглож байгаа хөгжимчид маань өндөр төвшний  чадвартай жинхэнэ стандартад нийцсэн уран бүтээлчид. Жишээлбэл хуучир хөгжимчин Одноо. Тэр үнэхээр хурдан сурдагт нь би биширсэн.

-Та үндэснийхээ аялгууг жаазтай хослуулан тоглодог. Таны хувьд жааз хөгжмийг монгол хөгжимтэй хослуулан тоглох төлөвлөгөө байгаа юу?

-Миний хувьд хэлний бэрхшээл тулгарах байх гэж бодож байна. Гэхдээ Ари Роланд өчигдөр зарим монгол дуунуудыг жааз хөгжимтэй хослуулан тоглосон. Энэ нь үнэхээр гайхалтай сонсогдсон. Өнгөрсөн жил би морин хуур болон хөөмийг сурах гэж оролдсон боловч энэ нь үнээхээр хэцүү байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Та дахин хэзээ монголд ирэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Тун удахгүй  гэж найдаж байна.

Н.Энхчимэг: Би сүүлийн үед жааз хөгжимд дурлачихаад байна

Герман улсад сонгодог хөгжмийн чиглэлээр долоон жил суралцаж байгаа хөгжимчин Н.Энхчимэгтэй ярилцлаа.

-Жааз фестивальд анх удаа оролцож байгаа гэсэн. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш сайхан байна. Мундаг уран бүтээлчид ирсэн байна. АНУ-ын  хамтлаг, Швейцарийн дуучин бүсгүй мөн өнөөдөр Монголын хуучирч Одноо гээд бүсгүйтэй хамтран тоглолоо. Хамтран ажиллахад маш хялбар, урамтай бүгдээрээ мэргэжлийн хүмүүс болохоор бие биенээсээ их зүйлс суралцаж байна. Би жааз хөгжимчин биш. Сонгодог хөгжмөөр Германд багш, гоцлол хөгжимчин мэргэжлээр сурдаг. Өөрийнхөө сонирхлоор надад санал тавьсны дагуу ирсэн.
-Жааз хөгжмийн фестивальд яагаад оролцох болов оо? Хэн анх санал тавьсан бэ?
-Би жил хагасын өмнө ирээд өөрийнхөө тайлан тоглолт хийгээд явсан. Тэрний дараа Холбооны бүгд найрамдах Герман улсын соёлын хүрээлэн, төлөөлөлөгчийн газар, Гёте институтээс надад санал тавьсан. Хөгжим бүжиг дээр төслийн чанартай оюутан сурагч багш нартаа мэдээлэл өгөх зорилготой тоглолтыг өчигдөр орой хийсэн. Сургуулиудтай хамтарч ажилладаг төсөл дээр нь өөрийнхөө хөгжмийн талаар мэдээлэл өгөх, Германы үндэсний урлаг, дууны  талаар ярих  хэд хэдэн зорилгоор ирлээ. Мөн жааз хөгжмийн фестивалийг зохион байгуулагчдаас надад санал тавьсан. Сайхан байна аа.

-Жааз хөгжим юугаараа өөрийг чинь татав аа?

-Би сүүлийн үед жааз хөгжимд дурлачихаад байна. Сонсох дуртай л даа. Германд сонсох, үзэж харах боломж нь хамаагүй их байдаг. Намайг яагаад татаад байна вэ гэвэл сонгодог хөгжимд бол бүр багаасаа нотыг тэр чигээр нь уншаад сурчихдаг, тэр нот дээр нь  бүх юмыг нь тэмдэглээд өгчихсөн байдаг. Харин жааз хөгжимд  бүтэн групп тоглож байгаа болохоор ерөнхий нэг барих схем өгөөд үлдсэн дээр нь өөрийнх нь сэтгэмжээр тоглох боломжтой болохоор тоглох бүрт өөр өөр юм гарч ирдэг үүгээрээ сонирхолтой.

-Өөрийг тань энэ сарын 8-нд тоглолтоо хийх гэж байгаа гэж сонссон?

-Улсын филармонид болох энэ тоглолт маань хоёр Герман нэгдэсний 20 жилийн ойг тохиолдуулаад зохиож байгаа гала концерт байх юм. Германы элчин, Гёте институт хамтран зохион байгуулж байгаа. Германд төгсөгчдийн тоглолт юм. Энэ тоглолтонд би флит хөгжмөөрөө мөн манай олны сайн мэдэх “Спайк” хамтлагт байсан Мөнхтуяа төгөлдөр хуураар бид хоёрын хамтарсан тайлан тоглолт болох юм.

-Сургуулиа хэзээ төгсөх вэ? Төгсөөд эх орондоо ирж ажиллах уу?

-Одоо зөвхөн миний төгсөх шалгалтын тоглолт үлдчихсэн байгаа. Энэ өвөл нэг юм уу хоёр сард төгсөнө дөө. Залгуулаад цаашаа магистартаа сурах бодолтой байгаа. Яагаад гэхээр нэгэнт тийм боломж олдсон дээр өөрийнхөө хүч чадлыг сориод цаашаа өшөө мундаг уран бүтээлчидтэй уран бүтээл хийж туршлага цуглуулах бодолтой байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж