Үдийн цайнд хориглосон бүтээгдэхүүн өгч байжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Үдийн цайнд хориглосон бүтээгдэхүүн өгч байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Үдийн цай” хө­төл­бөрийн хэрэгжилтийг шалгажээ. Шалгалтад аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 232 сургууль, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа 145 байгууллагыг хамруулсан байна. Энэ нь өмнөх шалгалтад хамрагдсан сургуулийн 65.1, аж ахуйн нэгж байгууллагуудын 89.5 хувь юм. Засгийн газар “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдүүдийн хичээлийн идэвх сайжирсан, сургууль завсардалт буурсан гээд нааштай үр дүн гарсныг багш нар хэлдэг. Гэхдээ өнгөрсөн жил “Үдийн цай”-наас хүүхэд хордсон тохиолдол нэг бус гарсан нь үдийн цайны чанар, цэсэнд анхаарах шаардлагыг бий болгож байгаа юм. Тиймээс Завхан, Говьсүмбэр, Дорноговь, Ховд, Баян-Өлгий, Төв, Өвөрхангай, Увс зэрэг аймаг “Үнэлгээний хороо” байгуулж, сургуулиудад үдийн цайны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулдаг болжээ. Мөн Орхон, Дундговь, Завхан, Говьсүмбэр аймгийн сургуулиуд нь орон нутгийн хүнсний үйлдвэрүүдээс сүү, тараг, ингэний хоормог, нэрс, чацарганы шүүс зэргийг үдийн цайны цэсэнд тогтмол оруулж хэвшсэн байна. Өмнөх шалгалтад 332 сургууль хамрагдсаны 124 нь буюу 34.8 хувь нь зөрчилтэй байсан бол энэ удаа 25.3 хувь болж буурчээ. Харин сургуулиудын 16.8 хувь нь өнөө хэр үдийн цайнд хяналт тавих комисс байгуулаагүй хэвээр байна. Өмнөх шалгалтаар сургуулийн цайны газруудын 39.4 хувь нь стандартын шаардлага хангаагүй байсан бол гүйцэтгэлийн хяналтаар эл үзүүлэлт 35.5 хувьд хүрчээ. Мөн сургуулиудын 63.9 хувь нь үдийн цайны бүтээгдэхүүн хадгалах шаардлага хангасан өрөөгүй байна. Тухайлбал, Дундговь аймгийн төвийн дөрвөн сургуулийн хоёр нь бэлтгэн нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүнийг санхүүгийн өрөө, агуулах, эмчийн өрөө зэрэг зориулалтын бус газарт хадгалж байжээ. Сүхбаатар аймгийн “Тэмүүлэл” цогцолбор бүтээгдэхүүн хадгалах өрөөгүй, зориулалтын гал тогоогүй, угаалга, хоол үйлдвэрлэл нь нэг дор байсны дээр үлийн цайнаасаа дээж авдаггүй байх юм. Ихэнх сургуульд хүүхэд үдийн цай уухын өмнө гараа угаах нөхцөл хомс, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сургууль хиамтай ороомог, лууван, жимсний салат, контик, кекс, шанзан хавчуургатай пирог, шоколадтай жигнэмэг зэрэг хориглосон бүтээгдэхүүн өгдөг зөрчил илэрчээ. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ шинжлүүлж дүгнэлт гаргуулаагүй, сав баглаа боодол нь шаардлага хангахгүй байгааг мэргэжилтнүүд буруушааж байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн “Дархан дээжис” компанийн нарийн боовны шошго дээр жин, хадгалах нөхцөлийг бичээгүй, Өмнөговь аймгийн “Ачит говь”, “Анд­гай” компани зарим бүтээгдэхүүнээ шинжилгээнд хамруулаагүй, Ховдын Жаргалант сумын “Сүүн боз”, “Баян-Ундрах” компани ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргийн зарим сургуулийн сурагчдад өгч буй хоол, ундаа, жимсний шүүсийг шинжлүүлээгүй, “Мөнх хаан уул” компанийн нарийн боов чанарын баталгаажилтгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймээс шалгалтын явцад нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49, 72 дугаар сургууль шаардлага хангахгүй нөхцөлд үдийн хоол олгож байсныг зогсоох арга хэмжээ авчээ. Мөн Хан-Уул дүүргийн 59, Сэлэнгэ аймгийн Алтан­булаг сумын сургууль, Сүхбаатар аймгийн “Тэмүүлэл” цогцолборт хоолны хордлогот халдвар үүсэх нөхцөл бүрдсэн байсан тул үйл ажиллагаа нь түр хугацаагаар зогсоожээ.

Энэ удаагийн шалгалт нь Ерөнхий бо­ловсролын сургуулиудын удирдлагууд “Үдийн цай” хөиөлбөрийн хэрэгжилтэд хариуцлагатай хандахын чухлыг,  үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанар, баталгаанд анхаарахыг, “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд ногдож буй 400 төгрөгийн хэмжээг өөрчлөх хэрэгтэйг байгааг харууллаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар хэлж байлаа.

Д.Цэцэн    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж