Өлсгөлөнд нэрвэгдэгсдэд туслах хүсэлтээ илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Өлсгөлөнд нэрвэгдэгсдэд туслах хүсэлтээ илэрхийлжээ

БНСУ-ын Кёонжу хотноо есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан  НҮБ-ийн ХХААБ-ын Ази, номхон далайн бүсийн 30 дугаар хуралдаан болон бүс нутгийн ХХАА-н сайд нарын уулзалтад  манай улсаас ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай оролцож байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг энэхүү чуулга уулзалтад бүсийн 28 орон, 12 орны олон улсын ТББ, НҮБ-ийн төрөлжсөн байгууллагын 300 гаруй төлөөлөгчид оролцжээ.  Бүсийн энэхүү уулзалтад Монгол улсыг НҮБ-ын ХХААБ-д төлөөлдөг ХХААХҮ-ын сайд  анх удаа оролцож байгаа юм.  Уулзалтад оролцогчид хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй байгаль цаг уурын өөрчлөлт, өөрчлөлтөд дасан зохицох, түүний хөдөө аж ахуйд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах,  хөдөө аж ахуйн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийн нийтийн хэмжээнд тулгамдаад байгаа олон чухал асуудлаар санал бодлоо солилцсон байна. Бүсийн чуулганы бас нэг онцлог нь НҮБ-ын ХХААБ-ын төвлөрлийг сааруулах шинэчлэлийн хүрээнд хийж буй бүтэц зохион байгуулалтын асуудлаар гишүүн орнуудын саналыг авах, 2010-2011 оны санхүүжилт, бүсийн хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төслийн талаар болон 2012-2013 оны санхүүгийн жилийн төсөв зэрэг асуудлыг анх удаа хэлэлцэж байгаа явдал юм. Дээрх асуудалтай холбогдуулан манай төлөөлөгчид  Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.

Сайд Т.Бадамжунай Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, тухайлбал “АТАР-3” аян, “Монгол мал” хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийжээ. Түүнчлэн тэрбээр бүс нутгийн хэмжээнд өлсгөлөнд нэрвэгдээд буй 600 сая хүнийг хүнсээр хангахад Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй байгааг илэрхийлсэн байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж