
Сүүлийн хоёр ч парламентын хугацаанд МАХН, Ардчилсан нам хамтран засаг барьсны үрээр бараг мартагдаад байсан энэ хэрэг харин өнгөрөгч сарын 17-нд Лондонд болсон баривчилгааны улмаас дахин олны анхааралд орж ирлээ. 2004 оны сонгуулийн өмнө эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын шийдвэрээр /гол нь сонгуулийнхаа “пиар”-ийг хийх гэж/ С.Зоригийн амь насыг хөнөөсөн гол сэжигтэнг баривчлахаар Франц улсыг зорьсон манай тагнуулын офицерүүд тус улсаас Д.Энхбат /Францаас баригдаж ирээд шоронд хоригдож байхдаа нас барсан/ гэгчийг хулгайлан Франц, Бельги, Герман улсуудын нутаг дэвсгэрээр дамжуулан авч ирсэн нь тухайн улсуудын хууль болоод олон улсын эрх зүй, хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл болж, тухайн үед дээрх улс орнууд өөрийн оронд суух манай Элчин сайд нарыг хөөн гаргах сануулга хүртэл өгч байсан билээ. Уг үйл ажиллагааг гүйцэтгэсэн тагнуулын офицерүүдийн нэг, өдгөө ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа Б.Хурцыг өнгөрөгч сарын 17-нд ИХ Британийн Үндэсний аюулгүй байдлын хорооныхонтой ажлын уулзалт хийхээд Лондонд буухад нь тус улсын цагдаа нар баривчилжээ. Баривчилгааны дараа ямар үйл явц өрнөсөн талаар бид өмнө мэдээлсэн.
Харин Францад болсон дээрх баривчилгааны улмаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн дээрх хэргийг үргэлжлүүлэн мөшгих бас нэгэн шалтаг гараад байна.
Б.ЗАЯА