Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Төрөөс
2011 онд баримтлах Монгол мөнгөний бодлогын баримт бичгийг өчигдөр  төв
банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан
юм. Үүнтэй холбогдуулж түүнээс дараах асуултад хариулт авсан юм.  
 
-Монголбанкнаас ирэх жил мөнгөний ямар бодлого баримтлах вэ гэдгийг тодруулахгүй юу?

 -Юуны
өмнө эхлээд 2010 онд байдал ямар байсныг хэлэх нь зүйтэй гэж бодлоо.
Монгол Улсын хувьд оны эхэнд инфляци ихээхэн өсч, 16-17 хувьд хүрсэн
байсан, Бид мөнгөний бодлогод өөрчлөлт оруулж, бодлогын хүүгээ нэг
хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр инфляийн хүлээлтийг зогсоож, суурь
инфляци хөдөлж байсныг мөн зогсоож чадсан. Үүний хүчинд инфляци буурч
одоо 11 орчим хувьтай байна. Оны төгсгөлд найман хувь хүртэл бууруулах
зорилт тавьсан ч, түүнд хүргэж чадахгүй нь ойлгомжтой боллоо.  Гэхдээ 10
хувиас хэтрэхээргүй дүн харагдаж байгаа. Нөгөөтэйгүүр, бид мөнгөний
бодлогоо хатууруулсан ч зээл олголт зогсоод байсныг арилгаж чадсан. 
Зээл олголт өнгөрсөн оны эцсээс энэ оныг дамжих хугацаанд нэмэгдэж, 30
орчим хувиар өссөн. Нийт дүнгээрээ 400-500 орчим тэрбум төгрөгөөр
өсөхөөр харагдаж байна. Энэ нь бодит эдийн засгийг хөгжүүлэхэд чухал
дэмжлэг болсон.

Мөн Монголбанк валютын төгрөгийн ханш чөлөөтэй
хөрвөх бодлогыг баримталж байна. Ханшид огцом өөрчлөлт гарсан нөхцөлд
зохицуулалт хийж ирсэн, энэ нь ч амжилттай хэрэгжлээ. Нөгөө талаасаа бид
валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого барьж ирсэн, үүний хүчинд валютын
нөөц 1.6 тэрбум ам.долларт хүрсэн. Оны эцэст бага зэрэг нэмэгдэнэ гэж
бодож байна.

-Ирэх онд ямар байх юм бэ?

-Ирэх оны
тухайд инфляцыг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байх, тэр дундаа 
дөрөв, таван хувьд барина гэж шахахгүй. Гол зорилго нь мөнгөний
нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, энэ үндсэн дээр зээл олголтыг өргөтгөх,
мөнгөний бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг тэтгэх тал дээр 2010
оныхоос түлхүү анхаарах зорилт тавьж байна. Гэхдээ нэг нөхцөлтэй. 
Монгол Улсын 2011 оны төсвийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцээд, өнөөдөр /өчигдөр/ УИХ-д өргөн барьсан. Тиймээс төсөв энэ
өргөн барьсан хэмжээнд батлагдаж, хэрэгжсэн нөхцөлд Мөнгөний бологыг
ирэх онд тэлж, өргөтгөж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, монголчуудын аж
амьдралд өөрчлөлт оруулах боломж нэмэгдэх юм. Хэрвээ оны явц дундуур
төсөвт томоохон өөрчлөлт оруулж, зарлагаа ихээхэн нэмэгдүүлж, алдагдал
ихээхэн өссөн нөхцөлд энэ бодлогыг тууштай хэрэгжүүлэх боломж алдагдана.
Харин валютын ханшийн тухайд өнөөдөр хүртэл баримталж ирсэн бодлогоо
үргэлжлүүлнэ. Мөн Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжийг
ашигласаар байх болно гэдгийг хэлэх байна.

-Жил ирэх тутам
уул уурхайг дагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, тэр хэрээр монгол
төгрөгийн ханш чангарна гэж байгаа. Үүнийг 2011 оны бодлогод хэрхэн
төсөөлсөн бэ?

-Монголбанкны зүгээс хэд, хэдэн зүйлийг УИХ
болоод Засгийн газарт санал болгож байгаа. Уул уурхайг дагаад төгрөг
чангарах хандлага бий. Ойрын хоёр жил тогтвортой байх боловч, 2013 оноос
Оюутолгой ордын эхний хэсэг ашиглалтад ороод ирэх үед огцом өөрчлөлт
үүсэх хандлага үүснэ.

Төгрөгийн ханш чангарна гэдэг нэг талдаа
сайн, импорт хямдардаг. Монголчууд импортоос ихээхэн хараат учраас,
эдийн засгийн өсөлтөд нэлээн сайн нөлөө үзүүлнэ. Гэхдээ нөгөө талдаа
экспортын үр ашгийг бууруулж, уламжлалт секторуудын гадаадад өрсөлдөх
чадварыг бууруулна, бас Монгол Улсын өрсөлдөх чадварыг бүхэлд нь
бууруулах учраас энэ асуудалд анхаарч,  иж бүрэн судалж, бодлогоо гаргаж
ирье гэдэг санал тавьсан. Нөгөө талаас монголын банкны салбарт
хуримтлагдсан хөрөнгийн нөөц боломж, төв банкны үнэт цаасаар татагдаж,
үр ашиггүй хэлбэртэй байна. Үр ашигтай болгох тал дээр Засгийн газрыг
санаачлага гаргаач гэж хүссэн. Төсөв алдагдалтай байвал Засгийн газар
үнэт цаас гаргаж, дотоодын эх үүсвэрээрээ нөхөж, бүтээн байгуулалтын эх
үүсвэр болгож ашиглавал илүү үр дүнд хүрэх юм л даа.

-Монголбанкны бодлогын хүү хэд байх вэ, бууруулах бодлого барих уу?

-Мөнгөний
бодлогоо зөөлрүүлэх зорилт тавьж байгаа учраас бодлогын хүүг бууруулах
боломжийг эрж хайсаар байх болно. Гэхдээ зөвхөн мөнгөний бодлоготой
холбоотой асуудал учраас тухай тухайн үед нь шийднэ. Бид сар бүр
мөнгөний бодлогыг мэдээлж байх учраас тэр үед нь олон нийтэд мэдээлэл
өгнө

 -Монгол Улсын нэгдсэн төсөв 2011 онд нэг их наядаар
томорч байгаа. Тэр хэрээр зарлага өсч байгаа болов уу, жишээ нь
цалингийн нэмэгдэлд 300 орчим тэрбум төгрөг зарцуулна, дээр нь Хүний
хөгжил сангаас иргэн бүрт олгох хувь хишгийн хэмжээ өсч байгаа. Энэ
тохиолдолд гарах эрсдлийг хэрхэн зохицуулсан байгаа вэ?

-Төсөвт
суулгасан, иргэдийн гарт очих бэлэн мөнгө 700-800 тэрбум төгрөгөөр
нэмэгдэж байгаа. Үүнийг Засгийн газар яаж зохицуулсан бэ гэхээр хөрөнгө
оруулалтаа хасч, нийт төсвийнхөө өсөлтийг хязгаарласан. Төсвийнхөө
алдагдлыг бууруулж байгаа учраас ерөнхий дүнгээрээ инфляци тэгж их
хөөрөгдөөд  байх нөхцөл үүсэхгүй гэж үзсэн.

-Хүний хөгжил сантай холбогдож ямар нэг эрсдэл гарах байх. Түүнийг тооцсон уу?

-Мэдээж
өнөөдөр бүгдийг тооцно гэж байхгүй ерөнхий бодлогоороо тооцож үзээд
инфляцийг нэг оронтой тоонд багтааж баръя гэдэг зорилт тавьж байгаа.

-Ирэх онд банкны салбар ямаршуу байх бол?

-Ирэх
онд банкны салбарт чухал зорилт тавигдаж байгаа. Банкны салбар
хямралаас гарч байна, энэ оныг дамжаад, Гэхдээ хямралын үр холбогдол
банкны салбараас гадна эдийн засгийн бусад салбарт ч байж л байна. Маш
тодорхой жишээ бол барьж дуусаагүй барилга. Үүний цаад талд банкны зээл,
чанаргүй зээл байгаа юм. Энэ нь банкны салбарт хүндрэл үүсгэж байгаа.
Би монголчууддаа хэлж байгаа. Монголын банкны салбар бол өөрийн хөрөнгө
буюу өмчлөгчийн хөрөнгө төлбөрийн чадварыг илэрхийлдэг нэг гол үзүүлэлт
болох энэ хөрөнгө 450 их наяд төгрөг байжээ, хямралын өмнө шүү. Одоо бол
200 гаруй их наяд төгрөг болж хоёр дахин шахуу багассан. Үүнийг түргэн
шийдэх ёстой,

-Ямар аргаар шийдвэрлэх ёстой вэ?

-Шийдэх
үндсэн үүрэг нь өмчлөгчид буюу монголчуудын хөрөнгийг цуглуулаад бизнес
эрхэлж байгаа хүмүүст ногдож байгаа. Тэд хямралаас болж ийм байдалд
хүрсэн учраас төр засаг туслах ёстой. Нөгөө талаас тэднийг шахах ёстой
гэж үэж байгаа. Тийм учраас банкны бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг
боловсруулсан. Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх санал тавьж байгаа,
УИХ-ын гишүүдэд санал тавьсны дагуу өргөн бариад байгаа. Монголын
харилцах хадгаламж 3.5 их наяд төгрөгт хүрсэн. Монгол Улсын нэгдсэн
төсөв 3.5 их наяд төгрөг. Тэгэхээр Монголын Улсын нэг жилийн төсөвтэй
тэнцэх хэмжээний хөрөнгийг төр даачихсан байна шүү дээ. Ийм байдалтай
удаан явж болохгүй, үүнийг буруу зөрүү ашигладаг, банкны салбарын
хариуцлага сулардаг, үндэстэй үндэсгүй шалтгаанаар монголчуудын нуруун
дээр ачаалал үүрүүлдэг гээд шалтгаан нөхцөл олон байгаа учраас энэ
байдлаас түргэн гарах учиртай. Гарах үндсэн нөхцөл нь банкууд өөрсдөө
жигд тогтвортой ажиллагаанд шилжих ёстой. Хэрвээ банкуудын санхүү эмзэг
хэвээрээ байхад нь тогтолцоогоо өөрчилчихвөл банкны салбарт итгэх итгэл
алдагдах, хямрал үүсэх нөхцөл бий болох аюултай. 

-Хариуцлага алдсан томоохон зээлдэгчдийг зарлана гэж байсан. Энэ ажил юу болж байна?

-Захаасаа зарлаад сонинд гарч байгаа.

-Чанаргүй зээлийн эргэн төлөлт хэр байгаа бол?

-Нэг үеэ бодвол зээл төлөлт сайжирч, чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа.

-Валютын дуудлага худалдааг үргэлжлүүлэх үү, ирэх онд?
-Үргэлжлүүлнэ.

-Жижиг банкуудыг нэгтгэх бодлого хэрэгжих үү?

-Хямралыг
давчихсан учраас, нэгтгэчихье гэсэн бодол байхгүй. Гэхдээ нэгтгэх
шаардлага байгаа. Зарим банкууд хөрөнгөөр дутаж байгаа, зарим нь банкны
үйлчилгээ нь жижиг гэх мэт асуудал бий. Хэрвээ хууль хэрэгжүүлэх явцад
тухайн банкин дээр арга хэмжээ авахаар бол авна. Хүчээр нэгтгэх бодлого
барихгүй ч, нэгдвэл урамшуулна.

-Нэр бүхий хоёр банкны үйл ажиллагаа доголдож байна гэсэн мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Энэ мэдээлэл хэр үндэстэй вэ?

-Удирдлага
талаасаа Транс банк, Тээвэр хөгжлийн банкин дээр хоёр өмчлөгч нь
хоорондоо тохирохоо байсан. Гүйцэтгэх удирдлагаа сайн тавьж чадаагүй,
Сүүлийн үед Төлөөлөн удирдах зөвлөлөө хуралдуулж чадахгүй байгаа гэх мэт
асуудал бий. Нэг үгээр хэлбэл, дээрх банк удирдлага талаасаа эзгүйдэх
хандлагатай байгаа, Гэхдээ энэ хоёр банкинд санхүүгийн талаасаа ямар ч
доголдол байхгүй.  Монголбанк шаардлагатай арга хэмжээг авч байгаа.
Өмчлөгчдөд нь “Та нар тодорхой хугацаанд засч сайжруулах ёстой“ гэж маш
тодорхой анхааруулсан. Тэгэхээр арга хэмжээ авна гэж бодож байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж