Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Шинэ
зуун гараад 10 жил өнгөрсөн ч хэлмэгдэл тасрахгүй л байна. Түүний
сүүлийн жишээ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга
Б.Хурц болов. Түүний талаар авлигач, тамхины наймаачин, луйварчин гэсэн
хаяг шошго наасан зүсэн зүйлийн мэдээлэл тарж байна. Хазайсан хүнийг
яав, юу болов гэхээсээ өмнө “Энэ мууг нэг чадаад, хэлтийсэн зүг рүү нь
түлхээд өгье” гэдэг өөнтөгч өөдгүй монгол зангаараа манайхан “тэр тэгж
таарна, харах царайны…” гээд л авч өгч байна. Б.Хурц үнэхээр тийм талын
хэрэг төвөгт орооцолдсон байж болно. Өөрийг нь Авлигатай тэмцэх газар,
өөр бусад газраас байцааж, шалгаж, өрөө тасалгааг нь лацадсан талаар
Б.Хурц өнгөрсөн жил сэтгүүлчдэд мэдээлэл хийж л байсан. Асуусан болгонд
хариулж л байсан. Түүний хийсэн байж болох хэргүүдийг шалгаж нягтлаад
үнэн мөнийг тогтоох нь шүүх, цагдаагийн ажил болохоор бусад хүн өмнөөс
нь ялын тогтоол уншаад яах вэ. Одоо зүгээр л Монгол төрийн хариуцлагатай
алба хашдаг энэ хүнийг Англид ажлаар очиход нь юуны учир баривчилж
саатуулав гэдгийг л тунгааж үзэх нь зөв байх.

Юуны өмнө УИХ-ын
2004 оны, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн өмнөх нөхцөл
байдлыг эргэж харъя. УИХ-ын сонгуулиар гол өрсөлдөөн МАХН-ын дарга,
Ерөнхий сайд Н.Энхбаяр, Ардчилсан намын дарга М.Энхсайхан нарын дунд
өрнөсөн. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч ялгаагүй. Тэдний хувийн харилцаа ч
тухайн үед сайнгүй байв. Тийм болохоор МАХН-ынхны дунд М.Энхсайханыг
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт орооцоолдуулах сонирхол төрсөн нь
нууц биш. Угаасаа тухайн үеийн сонгууль болгонд Ардчилсан намыхныг
унагаж МАХН ялах хамгийн том шалтгаан нь С.Зориг агсны учир битүүлэг
аллагын эзнийг тодруулах “аян” байсан хойно. Тэр цагт Бат, Оюун гэсэн үг
орсон нэртэй насанд хүрсэн иргэдээ толгой дараалан шахам шалгаж, үснээс
нь дээж авч шинжлээд “Алуурчин Монголд лав алга. Гадаадад гарсан байх”
гэсэн таамаг дэвшүүлж л дээ. Ямар нэг аргаар хэн нэгнийг авч ирээд
сонгуулийн өмнө “С.Зоригийг хөнөөсөн сэжигтэнг олоод ирлээ. Эзэн нь
Ардчилсан намынхан л байсан байна” гэх нь чухал болоод байсан цаг.
Ингээд хүчний байгууллагуудаас С.Зоригийн аллагын захиалагч, түүнийг
гүйцэтгэсэн эзнийг ямар ч хамаагүй аргаар олох ажиллагаа зохион
байгуулж, түүний бүрэлдэхүүнд тагнуулын ажилтан Б.Хурц оржээ. Тагнуулч
Б.Хурц “Би оролцоод С.Зоригийг хөнөөсөн этгээдийг олоод ирье” гээгүй нь
мэдээж.

Францад аж төрж байсан Монгол Улсын иргэн Дамирангийн
Энхбат тэр ажиллагааны золиос болсон. Францын хэвлэлүүдээр шуугиж байж л
Монголын хүчний байгууллагынхан Европын хэд хэдэн орны нутгаар
дамжуулан хүн хулгайлсныг бид нэлээд сүүлд мэдсэн. Францын нэг хотын
бааранд найз бүсгүйтэйгээ сууж байхад нь Д.Энхбатыг барьж аваад
нойрсуулах тариагаар тарьж, дипломат дугаартай машины тээшний хэсэгт
хонины гулууз мах шиг чихээд хэдэн улс дамнуулаад ОХУ-аас онгоцоор
авчирсан тухай адал явдалт кино шиг зүйл хэвлэлүүдэд гарч, Европын
тагнуулын байгууллагууд ч Монголын хүчнийхний тэр их эрсдэлтэй, аймаар
үйлдлийг гайхан шагшаад бараагүй юм гэсэн. Тэгж амиараа дэнчин тавьж
үүрэг даалгавар гүйцэтгэснийхээ төлөө одоо Б.Хурц Англид хорионд
орчихоод байна.

Дипломат ажилтнууд бол бүр хэрэг мандсан 2003
онд тухай тухайн сууж байсан орноосоо шийтгэл хүлээж манай гадаад
харилцааны нэр хүндийг сэвтээсэн. Тухайн үед Гадаад хэргийн сайдаар
Л.Эрдэнэчулуун, дэд сайдаар өнөөдрийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд
С.Батболд, Германд Элчин сайдаар Д.Тэрбишдагва, Францад Б.Батбуян, 
Бельгид Ц.Онон нар ажиллаж байв. Хэрэг мандсаныг мэдмэгцээ Герман улс
Монгол Улсыг төлөөлөн сууж байсан Элчин сайд Д.Тэрбишдагвыг 48 цагийн
дотор нутгаасаа гарахыг шаарджээ. Гэвч манай тал байдлыг зохицуулж, хэл
ам багатай шиг нутагтаа авчирч сайд болгосон. Харин Франц дахь Монголын
ЭСЯ-нд доогуур албан тушаал хашиж байсан Д.Гэрэлмаа гэдэг бүсгүйг золигт
гаргаж “Персона нон грата” буюу “тааламжгүй этгээд” гэсэн хаягтайгаар
Улаанбаатарт дуудаж ирүүлсэн. Тэр бүсгүйгээр Д.Энхбатыг нуусан дипломат
дугаартай машиныг жолоодуулж Брюссельд хүргүүлсэн гэх мэдээ ч бий.
Тиймээс Д.Гэрэлмааг хэрэг явдлын дараахан Берлинд нэг, Вена хотод хоёр ч
удаа саатуулж байсан гэх. Манай тал мөнгө төгрөг өгч түүнийг суллуулж
байсан гэдэг мэдээлэл бас чих дэлсдэг. Хэрэв үнэн бол бүсгүй хүнээр тийм
хэрэг хийлгэж байдаг мөн бөх зүрхтэй улс аа. Д.Энхбатыг хулгайлснаас
үүдэн  Германы тал хоёр ч нөхцөл байдлыг тайлбарлахыг манай талаас
хүсчээ.

Нэгд, ийм үйлдэл хийх болсон шалтгаанаа тодруул гэжээ.
Хоёрт, бүхэл бүтэн хүнийг яаж нууж, хаагуур яаж авч явснаа нэг бүрчлэн
тайлбарлахыг шаарджээ. Терроризмын аюул гэж юу байдгийг АНУ-ын жишээнээс
мэдрээд тийм ч удаагүй байхад нь хэд хэдэн улсын нутгаар дамжуулаад хүн
хулгайлаад гарч явдаг,  түүндээ дипломат дугаартай машинууд ашигласан
байдаг. Түүнээс болоод Герман улсын эрх баригчид хамгийн их эмзэглэж,
аюулгүй байдалдаа түгших болсон юм гэнэ лээ. Нэг их удалгүй 2004 оны
эхээр ХБНГУ-ын Тагнуулын газрын дарга Монголд ихээхэн нууцлаг байдалд
айлчилж, МонголУлсын Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзаж, нэр бүхий
хүмүүстэй уулзах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Германы Тагнуулын газрын
дарга манай хүчнийхэнтэй уулзаж Д.Энхбатыг хулгайлсан гүйцэтгэх ажилд
оролцсон хүмүүсийн нэрсийг гаргаж өгөхийг шаардсан аж. Хэдийгээр манай
хүчнийхэн дээрээс даалгасан ажлыг сайн гүйцэтгэсэн ч ардчиллын хэм
хэмжээг зөрчиж, нутгаар нь дайран өнгөрсөн орнуудыг доромжилсон шахуу юм
болж л дээ, тэр хэрэг. Тэгээд хэн хэн гэдэг ажилтан үүнийг гүйцэтгэсэн
талаар мэдээлэл нэхэж, мүр тулган шаардах болсон байна. Тэр үеэр Б.Хурц
нарыг манай хүчнийхэн илчилж,гүйцэтгэх ажилтнуудынхаа хамаг нууцыг
дэлгэсэн бололтой байдаг. Гүйцэтгэх ажил нь тухайн улс орны эрх ашгийн
төлөөх номер нэг асуудал байдаг тул хууль тогтоомжоос гадуур үйл
ажиллагаа явуулахаас өөр аргагүй үе тохиохоос аргагүй. Гагцхүү түүнийг
нь тухайн үеийн эрх баригчид маань эмээхдээ гаднынханд дэлгэж орхисон нь
өнөөдөр Б.Хурцыг баривчлагдахад хүргэжээ.

Долоон жил орчмын
өмнө болсон хэргийн төлөө Б.Хурцыг өнөөдөр яагаад барив. Хаа хамаагүй
Англи улсад түүнийг баривчилдаг нь ямар учиртай вэ гэсэн асуулт одоо
гарч ирж байна.

Тэгвэл Франц, ХБНГУ, Бельги, Европын бусад оронд
өнөөдөр хүн хулгайлсан тэр хэргийг хаахгүй, дуусаагүй гэж үздэг байна.
Тиймээс Б.Хурц нарын нэр бүхий хүмүүсийг Европын аль нэг оронд очих
аваас баривчлахыг Франц, ХБНГУ-ын зүгээс хүссэн байж болохыг албаны эх
сурвалж үгүйсгэсэнгүй. Тэдгээр орнууд ихэд нэхэл хатуутайгаар Д.Энхбатыг
хулгайлахдаа ямар ажиллагаа зохион байгуулсныг хэл хэмээн тулгаж буй
бололтой. Ядахдаа угийн бие муутай Д.Энхбат нэг их удалгүй шоронд насан
өөд болсон. Юун С.Зоригийн хэргийн эзэн болохтой манатай. Манай ГХЯ л
дуугараагүй болохоос биш Б.Хурцыг есдүгээр сарын 18-нас хойш хоёр удаа
байцааж, одоо гурав дахь байцаалтаа өгч буй.

Б.Хурцыг Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж томилсон хэмээсэн ташаа ойлголт ч гадуур тарлаа.  Хэрэг
дээрээ Ажлын албаны даргыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн
бичгийн дарга томилдог журамтай. Хэдийгээр Б.Хурц нь Ц.Элбэгдоржийг
Ерөнхийлөгч болсны дараа энэ ажилд ирсэн ч түүнийг томилсон хүн нь
тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
Б.Ганболд ажээ.

Ингээд дарга нарынхаа өгсөн даалгаврыг сайн
биелүүлснийхээ төлөө Б.Хурц хэлмэгджээ. Түүнийг Тагнуулын ерөнхий
газрынхан маш шударга сайн ажилтан, ясны чекист байсан хэмээн үнэлдэг.
Одоо түүнийг Английн тал нэхээд байгаа Герман руу нь шилжүүлж өгч
магадгүй байна.Манайхан ч түүнийг нааш нь ирүүлэхээр хөөцөлдөж байгаа
сурагтай. Овоо хөөцөлдвөл нутагт нь буцааж магадгүй л юм.  Гэхдээ
Б.Хурцыг, үүрэг гүйцэтгэсэн чекист нараа биш, тухайн үеийн эрх баригчид
өөрсдийнхөө нэр нүүрийг аврах гэж тэр шүү дээ. Малчны хонь шуурганаар
уруудаад хил давахад нас, зүсээр нь хэлж байгаад эргүүлээд аваад ирдэг
манай эрхтэн дархтнууд гүйцэтгэх ажилтнаа гадаадад баривчлуулчихаад
өнөөдөр хэлмэгдсэн хүнийхээ өмнөөс дуугарч, олигтой тайлбар ч хийхгүй
таг чиг сууж байгааг харин юу гэж ойлгох вэ?

                                Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж