Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 2

Аравдугаар сарын 2-ны баяр

Ганди Джаянти
Мохандаса Карамчанда Ганди

Энэтхэгийн үндэсний чөлөөлөх хөдөлгөөний суут удирдагч, албан ёсоор Үндэстний эцэг гэж нэрлэгдсэн Мохандаса Карамчанда Гандийн (Mohandas Karamchand Gandhi) төрсөн өдөрт зориулагдсан Ганди Джаянти (Gandhi Jayanti) гэх үндэсний баярыг энэтхэгчүүд тэмдэглэдэг бөгөөд тэр нь тус орны үндэсний гурван баярын нэг болдог.

М.Ганди 1869 оны аравдугаар сарын 2-нд Гужарат мужийн Порбандар хотод төржээ. Ганди 1893-1914 онуудад Өмнөд Африкт амьдран арьсны өнгөөр гадуурхахын эсрэг тэмцлийг удирдаж байв. Л.Н.Толстой тэр хоёр захидлаар харилцдаг байжээ.

Ганди 1915 онд Энэтхэгт буцаж ирээд үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг толгойлсон байна. Тэрээр Энэтхэгийн үндэсний конгресс намын (ЭҮК) үзэл суртлын удирдагч нь байсан ба нэг биш удаа намын ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Нийгүүслэлийг номлон индус ба лалын эв нэгдлийн төлөө байж, анги давхаргын болон нийгмийн тэгш биш эрхийг устгахын төлөө тэмцэж байв. Ганди 1942 онд Английн эсрэг хөдөлгөөнийг толгойллоо. Хэд хэдэн удаа баригдан хоригдож байв. “Миний амьдрал” гэдэг намтрын номоо бичсэн байна. Түүнийг амьд ахуйд нь Махатма (санскритаар. mahātmā) гэж нэрлэсэн нь “Агуу сэтгэл” (Great Soul) гэсэн утгатай. Энэ нэрийг түүнд анх Энэтхэгийн сонгодог зохиолч Р. Тагор
1915 онд өгчээ. Гандийг мөргөл хийж байхад нь индусийн хэт даврагч 1948 онд хөнөөжээ.

Ганди Джаянти баярыг Энэтхэг даяар тэмдэглэдэг ба Дели хотноо Улаан усан цайзын ойролцоох Жамнагийн эргийн Ражгхат дахь түүний чандрын хэсгийг нутаглуулсан Ганди Самадхи  булшинд нь хүндэтгэл үзүүлэх гол ёслол болдог.
Аравдугаар 2-ны өдөр дэлхий нийтээрээ  Хүчирхийллийн бус өдрийг  (International Day of Non-Violencе) тэмдэглэж байна.

Өдрийн ишлэл
“ Би монгол хүний саруул ухаанд итгэдэг”
“ Бидний хувь заяа бидний гарт л байна”
“ Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай”
 (Монголын ардчилсан хувьсгалын лидер Санжаасүрэнгийн Зориг (1962-1998) 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр хүчирхийлэлд өртөн амь насаа алджээ.)
Түүний хамтран зүтгэгчид нь энэ өдрийг Монголын Хүчирхийллийн эсрэг өдөр болгуулахаар 12 жилийн турш тэмцэж байна.

Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн юм. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон байдаг. Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.

1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны зургадугаар сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв. Гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

Түүнийг эрх баригч эвслийнхэн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь нотлогдоогүй аж.

Үйл явдал

Иерусалим султан Саладинд бууж өгөв
1187 он: Египетын султан Салах ад-Дин (европчууд түүнийг Саладин гэдэг) Иерусалим нэртэй католикийн вант улсын нийслэл Иерусалим хот буун өгчээ. Загалмайтны анхны аянаар 1099 онд эзлэгдээд байснаас 88 жилийн дараа энэ үйл явдал болж загалмайтнууд тэндээс хөөгджээ.

Ром Италийн бүрэлдэхүүнд оров
1870 он: Бүх хүн амын санал асуултаар Ром хот Италийн бүрэлдэхүүнд орсон байна. Дараагийн жилийн нэгдүгээр сарын 26-ны өдөр Ром хотыг
Италийн вант улсуудын нийслэлээр тунхагласан байлаа. Үүгээр Италийн үндэсний улс байгуулах ажиллагаа төгсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж