Ажилгүйдлийн тэтгэмжийг ирэх оноос хуучин хуулиар олгоно

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Ажилгүйдлийн тэтгэмжийг ирэх оноос хуучин хуулиар олгоно

Дэлхий нийтээрээ санхүү эдийн засгийн хямралд өртсөнтэй холбогдуулан ажлын байрыг хадгалах, ажлаасаа гарсан иргэдийг түр хугацаанд ч болов орлоготой байлгах үүднээс ажилгүйдлийн тэтгэмж олгох хоногийг сунгах шийдвэрийг гаргасан. Тухайн даатгуулагч нь  24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн зургаан сар нь тасралтгүй ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд ажлаасаа гарахдаа энэ төрлийн тэтгэмжийг авах эрхтэй байдаг. Ингэхдээ улсад ажиллаж хөдөлмөрлөсөн жилээсээ шалтгаалаад сарын цалингийн 45-75 хувийг нэг удаа олгодог. Тэтгэмжийг хүсэлт гаргасан өдрөөс хойш 76 хоногийн турш олгодог байсныг 2009 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 126 хоног болгон нэмэгдүүлсэн юм. Энэхүү түр хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг  2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр хуулинд заасан. Харин тухайн иргэн ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн зэрэг шалтгаанаар тэтгэмжийн хэмжээг 36 өдөрт ногдох хэсгийг хасч тооцдог аж. Ажилгүйдлийн тэтгэмжийн түр мөрдөх хугацааг сунгахгүй бөгөөд ирэх оны эхнээс ажилгүйдлийн тэтгэмжийг хуучин хуулийн дагуу 76 хоногоор тооцон олгох ажээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж