
Мөн Монголд хөрөнгө оруулж байгаа Канадын хөрөнгө оруулагчдад давуу боломж олгохгүй харин тэдэнд бизнесээ найдвартай явуулах тогтвортой, хууль эрх зүйн нээлттэй, тунгалаг орчныг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллана гэдгээ гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ.
Торонто хотноо болсон энэхүү форумд “Rео Tinto”, “Centerro Gold”, “South Gobi”, “Ivanhoe Mines” зэрэг олон улсын зах зээлд бүртгэлтэй уул уурхайн томоохон компаниудаас гадна банк санхүү, худалдаа, даатгал, зөвлөгөө, үйлчилгээ, хөдөө аж ахуй, барилгын чиглэлийн компаниудын төлөөлөгчид оролцсон бөгөөд тэдний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Канадад хийж буй айлчлалд чухал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж байлаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг байгуулах ажлыг эрчимжүүлэхийг хүссэн юм.
Ерөнхий сайд энэ үеэр хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих хууль эрх зүйн актуудыг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар УИХ- тайгаа ажиллаж байгаа, Монгол Улсын хувьд түүхий эдээ гадагш нь зөөгөөд байх биш харин түүнд түшиглэсэн Канад стандарт загварын боловсруулах үйлдвэрүүд байгуулах сонирхолтой байгаагаа хөрөнгө оруулагчдад хэллээ.
Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо
Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 30-нд Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо.
1852 онд байгуулагдсан 157 жилийн түүхтэй тус бирж нь бүртгэлтэй уул уурхайн компаниудын тоогоороо дэлхийд нэгдүгээрт, бүртгэлтэй нийт компанийн тоогоор хоёрдугаарт, Хойд Америктаа хамгийн томд тооцогддог юм байна. Тухайлбал, 2010 оны байдлаар тус Хөрөнгийн биржид уул уурхайн 1419 компани бүртгэлтэй байгаагийн 134 нь олон улсынх байна.
Торонтогийн Хөрөнгийн биржид ашигт малтмал олборлох, үйлдвэрлэх, нефть, хий, аж үйлдвэр, судалгаа, хөгжлийн болон технологийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тус бирж дэлхийн эдийн засгийн гүн хямралын үе 2009 онд 65 их наяд долларын ашигтай ажилласан тухай Торонтогийн Хөрөнгийн биржийн зах зээл болон ТМХ группийн хувьцааны асуудал эрхэлсэн Ерөнхийлөгч Кеван Кован Ерөнхий сайд С.Батболдод ярилаа.
Тус биржид бүртгэлтэй уул уурхайн 19 компани Монголд үйл ажиллагаа явуулдаг байна. Манай улсын Засгийн газрын тэргүүн тус биржийн удирдлагауудтай уулзахдаа Монголын Хөрөнгийн биржийг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхээр ажиллаж байгаа, дэлхийн нэр хүнд бүхий хэд хэдэн бирж хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн, 157 жилийн арвин их түүхтэй Торонтогийн биржийн туршлагаас мөн суралцах сонирхолтой байна гэлээ. Мөн Монголын Үндэсний компани анх удаагаа олон улсын зах зээлд хувцаа гаргах гэж байгаа тухай дурдав.
Торонтогийн Хөрөнгийн биржийн удирдлага Монголын Хөрөнгийн биржтэй бүх талаар хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайдад хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Канад дахь монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзав
Мөн өдөр Ерөнхий сайд Ванкувер хотноо хүрэлцэн ирлээ. Тус хотноо ажиллаж, амьдарч сурч байгаа 300-гаад Монгол иргэдийнхээ төлөөлөлтэй Засгийн газрын тэргүүн уулзаж улс орныхоо байдал,төр засгийн бодлого хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийнхээ талаар танилцуулав. Мөн Канадын хөгжлийн загварыг Монголдоо бий болгох боломжийн тухай үүнд хилийн чанадад тэр тусмаа Канадад мэргэжил эзэмшиж байгаа, энэ улсын хөгжлийн технологиос суралцаж байгаа монголчуудын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлолоо. Өнөөдөр улс оронд нэн хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд Засгийн газраас ихээхэн анхаарч байгаа, БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзахдаа техникийн нарийн мэргэжлээр Монголчуудыг сургах, төгсөхөд нь мэргэжлийн гэрчилгээ олгож өгөх хүсэлт тавиад байгаа тухай Ерөнхий сайд мэдээлээд одоо бид бусдын хөгжлийг гайхаж амьдрах биш харин өөрсдөө эх орондоо тийм орчныг бүрдүүлэхийн төлөө санаачилгатай эрчтэй ажиллах юм бол Монгол Улс маань хурдтай хөгжих гараандаа ирчихээд байна гэж ярьсан юм.
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Канадтай хамтарна
Канад улсад айлчилж байгаа Ерөнхий сайд С.Батболд аравдугаар сарын сарын 1-нд Ванкувер хотноо зохион байгуулсан Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцож үг хэллээ. Энэхүү арга хэмжээний үер Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Канад улсын Бритиш Колумби мужийн Ойжуулалт, хөрөнгө оруулалтын байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа