Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байна

Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр, ОБЕГ-ын улсын нөөц, сэргээн босголтын газрын дарга, дээд ахмад Д.Батсайхан нар Хэнтий аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалтын явц, шүлхийн эсрэг авч буй ажил байдалтай танилцлаа. Хэнтий аймаг энэ жил 125 000 тонн өвс хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас одоогийн байдлаар 117 000 тонн хадлан бэлтгэж, аймгийн нөөцөд 6000 боодол өвс, 150 тонн овъёос нөөцөлж аваад байна. Өнгөрсөн өвөл хавар улс орныг бүхэлд нь хамарсан зуднаас сургамж авч энэ жил Хэнтий аймаг бүх сумандаа өвс тэжээлийн нөөцтэй болоход нь зориулж сум бүрт 2 сая төгрөг олгосны үр дүнд сумд нийтдээ 1100 тонн өвс нөөцөлж авчээ. Төв суурин газруудад хэрэглэх нүүрсний гэрээ хийгдэж, 19000 тонн нүүрс ачихад бэлэн болгож, төсвийн байгууллагууд халаалт цахилгааны өр төлбөрөө бүрэн барагдуулсан байна. Аймгийн дүнгээр өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагдсан байна гэж дүгнэжээ. Дорнод, Сүхбаатар аймагтай хил залгаа Норовлин, Батноров, Баян-Овоо, Галшар, Баянхутаг сумдын малд вакцин тарих 89 хэсгийг зохион байгуулж бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ сарын 4-нд вакцин ирэхэд нийтдээ 20000 зүү тариур худалдаж авахад шаардагдах 6 сая төгрөгийг аймгийн Гамшгаас хамгаалах сангаас зарцуулах шийдвэрийг аймгийн онцгой комиссын хурлаас гаргалаа. Өмнөх хурлаас малд вакцин тарих үйлчилгээний зардалд 9 сая төгрөгийг мөн сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Улсын онцгой комиссын гишүүд оролцсон аймгийн онцгой комиссын хурлаас бас ариутгал халдваргүйтгэл хийхэд шаардагдах 2 тонн хлорын шохойгоор постуудыг нэмж хангахаар боллоо. Улс, аймгийн онцгой комиссын гишүүд тус аймгийн Биндэр, Өмнөдэлгэр, Баян-Адарга сум, Бэрх тосгонд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан юм. Малчид өвлийн бэлтгэлээ базааж гаднаа өвс тэжээл хурааснаас гадна сум бүр өвсний нөөц бүрдүүлсэн нь дэмжүүштэй ажил болжээ гэж улсын онцгой комиссын орлогч дарга онцлов. Тариалан эрхлэх санд аймгийн тариаланчдын бэлтгэсэн тариаг худалдаж авах, чанарын шаардлага хангасан үр авах, тариа цэвэрлэх машин техник зээлээр олгох зэрэг газар тариаланд тулгамдсан олон асуудлыг ч газар дээр нь шийдлээ.       

И.Байгалмаа     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж