Л.Гүндалай: Ардчилсан нам Засгийн газрын алдааг илүү үүрч магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай: Ардчилсан нам Засгийн газрын алдааг илүү үүрч магадгүй

УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай ярилцлаа.
-Та сая Хөвсгөл аймаг руу ротацийн сонгуулийн үеэр яваад иржээ. Хөвсгөлд сонгууль будилаангүй болж чадсан уу?
-Аймаг аймагт янз бүр л болсон байх. Манай Хөвсгөлд нэлээд өрсөлдөөнтэй боллоо. Ротацийн дөрвөн суудал дээр есөн хүн өрсөлдсөн. Нэгэнт сонгууль юм болохоор янз бүрийн асуудал гарах нь гарсан. Гэхдээ будилаагүй. Тухайн үеийн цагийн байдалд хэн зөв үнэлгээ өгч нөхцөл байдалдаа тохирсон үйл ажиллагаа хийсэн нь л сонгуульд ялж байна даа.
-Ямар дөрвөн хүн ҮЗХ-д сонгогдсон бэ?
-Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга байсан Б.Ганбат сонгогдлоо. Бусад нь шинэ залуучууд. н.Нарантуяа гэж эмэгтэй байна. н.Батсайхан, н.Батчулуун гээд шинэ залуучууд гарч ирлээ.
-Гүйцэтгэх зөвлөлд хүн сонгосон уу?
-Гүйцэтгэх зөвлөлд нэг жилийн хугацаатай сонгодог. Манай аймгийн гишүүдийн бүрэн эрх дуусаагүй байгаа.
-Нийслэлийн дүүргүүд дээр Алтангадас, МоАХ-аараа талцаад зэрэгцээ сонгуулиуд болсон. Хөдөө бас тэгж талцсан уу, гайгүй юү?
-Манай Хөвсгөлд тэгж талцаагүй. Хөвсгөлийн Ардчилсан нам зарим газрынх шиг хоёр тамга, хоёр даргатай болоогүй. Ер нь фракцаар хуваагддаг зүйл Хөвсгөлд байхгүй. Ротацийн сонгууль дүрмийнхээ дагуу боллоо. Харин хурал нь шөнөжин үргэлжилсэн. Үг хэлэх, шүүмжлэх хүн олон байсан.
-Юуг илүү шүүмжилж байв?
-Манайхан чинь санал бодлоо чөлөөтэй ярьдаг. Ардчилсан намд юу болох болохгүй байгааг л ярьцгаалаа даа. Хөдөөгийн гишүүд Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсонд жаахан таагүй ханддаг юм байна. Тийм шүүмжлэл давамгайлж байна лээ. Гишүүдтэй ярилцаж байхад МАХН-д дангаар нь засгийн эрхийг нь бариулж байгаад УИХ-ын 2012 оны сонгуулиар нэг сая 500 мянган төгрөгийн амлалтаар нь хариуцлага тооцуулах ёстой байсан. Гэтэл манайхан Засгийн газарт нь хамтраад давхиад орчихсон болохоор хоёр намыг хамтад нь  хоёр сая 500 мянган төгрөгийн өрд унагах гээд байна. Ингэж таарахгүй гэж олон хүн хэлж байна лээ. Ер нь МАХН-д хариуцлагыг дангаар нь үүрүүлэх байсан. Одоо МАХН сонгууль дөхөхөөр Ардчилсан намд хариуцлагаа үүрүүлээд бултана гэж гишүүд үздэг юм байна.
-Та өөрөө хамтарсан Засгийн газрыг юу гэж үздэг вэ?
-Би бол түүнийг буруутгадаггүй. Зөв л юм хийгээсэй гэж хүсдэг. Хэрээрээ л ажиллаж байна гэж ойлгодог. МАХН дангаараа Засгийн газар байгуулсан бол үүнээс илүү ажилах байсан гэж үздэггүй. Шүүмжлэх ч юм бий. Долдугаар сарын 1-ний үеэр хүний амь үрэгдсэн дуулианыг газар авахуулахгүй байх, сонгуулийн амлалтаасаа бултах, Оюутолгойн гэрээг бизнес болгох санааг давхар давхар агуулж МАХН-ынхан Ардчилан намтай хамтарсан тал бий. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялсныг би хамтарсан Засгийн газарт орсны үр дүн гэж боддог. Бүртгэлээ гайгүй хийж, саналын хуудас шударга тоолоход ч энэ нөлөөлсөн байх. Харин 2012 оны сонгууль болоход Ардчилсан нам Засгийн газрын алдааг илүү үүрч гарч магадгүй гэж үздэг. Улс төрийн өнцгөөс нь харвал тийм.
-Нийслэлийн Ардчилсан нам дотор фракцуудын өрсөлдөөн маш их байна. Ротацийн сонгуулиас энэ байдал бүр илүү харагдлаа. Үүнийг та юу гэж үзэж байна?
-Намын удирдлага дахь Алтангадас, МоАХ-ны хүчний харьцааг өөрчлөх л гэсэн өрсөлдөөн шүү дээ. Үүнд жирийн гишүүд чирэгдэж хохирдог, хуваагддаг. Хоорондоо үзэлцдэг. Түүнээсээ болоод гаднах өрсөлдөөнөө хаядаг. МАХН руу, төр, засаг руу чиглэсэн шүүмжлэлээ орхидог. Дотроо тэмцэлдсээр хүчээ бардаг. Ийм л юм болдог. 2012 онд УИХ, Орон нутгийн сонгууль нэг зэрэг болох байх. Хуульд тийм өөрчлөлт оруулах гэж байгаа. Тэгэхээр нэг их хөрөнгө мөнгө гаргалгүй аль альд нь ялчихна гэж бодоод хоорондын тэмцэл хурцдаад байна уу л гэж ойлгож байна.
-Гэр доторх тэмцлээ яаж засвал зохистой гэж та боддог вэ?
-Нэг фракц нь нөгөөгөө ялж байж л засагдана даа. Эсвэл нэг нь нөгөөдөө уусах байх. Уг нь хоорондоо зохицох нь зөв гарц. Тэгэхгүй бол хүчтэй нь хүчгүйгээ, том нь багыгаа тасдах замаар л шийдэгдэх байх. Үүнээс болж удирдлагууд сонгуульд зөвхөн фракцийнхаа хүний нэрийг дэвшүүлэх, тэр нь сонгуульд ялагдах гээд дараалсан асуудлууд үүсгэдэг. Тэгэхээр намын дарга маш хүчтэй, ухаалаг байх хэрэгтэй. Зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Фракцад автаж болохгүй. Орон нутгийн намуудад их эрх мэдэл өгөх буруу юм шиг байна.
-Яагаад?
-Орон нутгаас нэр дэвших эрхээ авсан бол УИХ-д нэр дэвшиж болно гэсэн ойлголт өнгөрсөн сонгуулиар байсан. Тэдний нэрийг дэвшүүлсэн. Ихэнх нь унасан. Орон нутаг тийм ч зөв шийдвэр гаргадаггүй. Цөөн хүнтэй болохоор найраа их явдаг. Үүнийг намын удирдлага зөв чиглүүлэх ёстой.
-Ирэх сонгуулийг ямар системээр явуулбал оновчтой вэ, таны бодлоор?
-Одоо пропорциональ зүгээр болов уу л гэж бодож байна.
-Тэгвэл ёстой намын даргын ойр тойрны, тэдний бүлэглэлийн хүн УИХ-ын гишүүн болох боломж илүү гарах юм биш үү. Түүний илрэл нь энэ намын удирдлагын төлөөх фракцуудын тэмцэл байх?
-Тэгнэ, тэгнэ. Намын даргын үүрэг роль их нэмэгдэнэ. Тэгэхээр л намын дарга илүү тэнцвэрийг барьж, ухаалаг байх хэрэгтэй болж байгаа юм. Түүнээс биш том, жижиг мажоритариар сонгуульдвал өмнөхөөс ялгаа гарахгүй. Мөнгөний сонгууль үргэлжилнэ. Мөнгөтэй л хүн ялна. Нэр дэвших гэж лобби хийх, хоол унд идүүлэх бол наад захын асуудал болсон шүү дээ.
Уул уурхайн олон лицензтэй хүмүүс ялна. Гадаадын мөнгөтэй хүмүүсийн нөлөө, эрх мэдэл УИХ-д орж ирнэ. Монголын эрх ашгийг худалдаад авчихаар гаднын нөлөө орж ирвэл үндэсний аюулгүй байдалд хохиролтой шүү дээ. Их мөнгөний сонгууль Монголын ард түмний хувь заяа, ирээдүйд сөргөөр нөлөөлөхүйц, түүнтэй холбоотой болж мэднэ. Ингээд бодохоор пропорциональ нь дээр юм даа.  Тэгэхгүй бол мөнгөний сонгууль тасрахгүй.

                                Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж