“Их нарт” байгалийн нөөц газрын танилцуулга

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

“Их нарт” байгалийн нөөц газрын танилцуулга

“Их нарт” байгалийн нөөц газар Дорноговь аймгийн баруун хойд хэсэгт Айраг, Даланжаргалан сумын заагт 43 мянган га газрыг хамран оршдог. Нартын хад нь говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил учир 1996 онд хамгаалалтад авсан юм.

Сэтгэл татам сүрлэг хадны тогтцууд нь Дорноговь аймгийн баруун хойд цөлөрхөг хээрийг чимэхийн дээр элдэв төрлийн амьтад үүрлэн нутаглах гол үндэс болдог. Дэлхий дээрх хамгийн том уулын хонь болох сүрлэг сайхан угалзаас өчүүхэн жижигхэн орог зусаг хүртэл янз бүрийн хөхтөн амьтан Их нартад нутагладаг. Хар сүүлт, цагаан зээр ч элбэг амьдардаг. Хотны бүгээхэй, зээрд шонхор тохиолдоно. Идлэг шонхор, начин шонхор, сохор элээ, шилийн сар, цармын болон талын бүргэд зэрэг махчин шувуу, ялангуяа нөмрөг тас олноор үүрлэнэ. Хөхтөн амьтан, хэвлээр явагчдын 40 гаруй зүйл, 120 гаруй зүйлийн жигүүртэн шувуу Их нартад амьдарч буйг судлаачид тогтоосон байдаг. Таана, хөмүүл, хайлс, цагаан бургас, алтан харгана, лидэр, алтан үндэс, монгол буйлс, морин зээргэнэ, цайны бут, зээрийн ундаа, чихэр өвс, мангир, барагшун зэрэг 120 гаруй нэр төрлийн эмийн болон эмийн бус ургамал, эмэнд ордог 10 гаруй төрлийн чулуу бий. Мөн энд янз бүрийн өвчин анагаах чадалтай Халзан-Уулын рашаан зэрэг рашаан усны нөөц ихтэй.

Их нартад “Хульхан ам”, “Шинэ усны ам”, “Хөх усны ам”, “Элсний ам”, “Гурван хоногийн ам” гэх мэт 1-3 км үргэлжилсэн булаг, модтой үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газар бий. Их нартад ердөө 250 метрийн зайнаас аргаль хонийг харж болох нь гадаад, дотоодын аялагч жуулчдын сэтгэлийг хамгийн ихээр татдаг бөгөөд ийм боломж дэлхийд маш цөөхөн газарт л байдаг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж