Ерөнхий сайд хэнтэй ганзага нийлчих вэ

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хэнтэй ганзага нийлчих вэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ерөнхий сайдын айлчлалын тухай факсын мэдээ хэвлэлийн хуудаснаа буух зуур түүний багт орсон үл таних залуугийн тухай мэдээлэл олныг сэртхийлгэж байна. Төрийн өндөр дээд айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, өөрийгөө хэн болохыг харуулна гэдэг жирийн нэг компанийн захирлын хувьд цээжинд нь ч багтах хүсэл биш. Хүсэлтийг нь ёсоор болгоно гэдэг ч Ерөнхий сайдын хувьд томоохон учир утгатай сонголт байх нь тодорхой. Тэгвэл тэрхүү нууцлаг залууг А.Эрдэнэбат гэх бөгөөд улс дамнасан бизнесийн сүлжээнд гаршиж, Монголын ураныг хөрснөөс нь хуулахгүй зарах ухаанд мэргэшсэн нэгэн гэнэ. Түүнчлэн саяхан нэрээ сольж, хуучин дээлний өнгийг шинэхэн “даавуу”-гаар өнгөлж гоёсон НАМЗХ-ны шинэ гишүүн. Улс төрийн карьер хийгээд бизнесийн боломж бололцооны төлөө гишүүнчлэлийн уралдаан зарладаг МАХН-ын дэргэдэх уг төрийн бус байгууллагын гишүүний батлах өдгөө түүний халаасанд бий. Тэр ч бүү хэл уг холбооны Удирдах зөвлөлийн шинэхэн гишүүн гэж байгаа. Гэхдээ энэ бол жирийн нэг үзүүлэлт, жирийн нэг мэдээ. Гол нь түүний нэр дээр хаяглагдсан 24 тэрбум төгрөгийн залилангийн  хэрэг гэгчийн учир шалтгаан нь юу вэ.

    Энэ талаар дараах мэдээллийг хангалттай үндэслэлийнх нь хамт дэлгэхэд асуудал үгүй тул нэмж, хасах хэрэггүй биз. Учир нь тэрбээр өөрийн 50 хувийг нь эзэмшдэг “Nuclear energy Mongolia” компаниараа дамжуулж, та бидний санаж, сэдэж ч үл зүрхлэх их гарын бизнес рүү ханцуй шамласан орсон нэгэн. Энэ компаниараа дамжуулж, таван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Японоос татаж чадсан аж. Улмаар мөнөөх хамтарсан компаниа өөрийн нэр дээр зуун хувь данслах аргыг гайхалтай гэгч нь бодож олсон гэж болно. Ингэхдээ хөрөнгө оруулагч япончууд даа “Хамтарсан компанийнхаа 25 хувийг гадны хөрөнгө оруулагчдад зарах замаар нэмэлт санхүүжилт олно” гэж тайлбарлаад цаанаа бол өөрийн зуун хувь эзэмшдэг “Live energy group limited” компанид шилжүүлчихэж.

    Уг компани нь Монголд бус Хонконгод бүртгэлтэй байдаг тул хөрөнгө оруулагчид нь түүний булхайг анзаараагүй өнгөрсөн нь мэдээжийн хэрэг. Гэтэл тэрхүү 25 хувийнх нь өртгийг монгол мөнгөөр бодоод үзэхэд 24 тэрбум төгрөгтэй дүйж буй бөгөөд эл хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн байна. Нэг ёсны энэ нь  улс дамнасан луйвар болох нь батлагдвал улс орноор дагуулж айлчилсан Ерөнхий сайд юу хэлэх бол.

    Дээр нь энэ компани нь ураны лиценз эзэмшдэг компани гэж байгаа. Ураны салбарт төрийн бодлого арайхийн тодорхой болж, энэ чиглэлийн хөрөнгө оруулагчид одоо л манай руу гэж байхад А.Эрдэнэбат гэгч аль хэдийнэ улс дамнасан бизнесийн талбарт гал шидчихсэн байдаг. Ингэж болох уу. МАСЗХ-гоор дамжсан улс төрийн нүүдэлд цагаан зам тосоогүй л юм бол түүнд ингэж эрх байхгүй баймаар. Иймд удахгүй Монголдоо ирэх Ерөнхий сайдаас А.Эрдэнэбат гэгч чинь хэн бэ гэдгийг юун түрүүнд асуух хэрэгтэй биз ээ. Ядаж С.Батболд нь А.Эрдэнэбатынхаа талаар мэдээлэлтэй байгаа байлгүй дээ. Тиймээс эцэст нь хөрсөндөө байгаа Монголын ураныг хөрснөөс нь салгахгүй зарж, наймаалцсан түүний тухай мэдээллийг ил болгох цаг ойрхон гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайдад хаяглах нь зөв болов уу.

    Г.ОТГОНЖАРГАЛ

    Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж