Ирээдүйд уул уурхайгаас олох ашгаа барьцаалж боловсрол эзэмших боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Ирээдүйд уул уурхайгаас олох ашгаа барьцаалж боловсрол эзэмших боломжтой гэв

“Монгол-Тэнгэр” оюутан, залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Лхагвасүрэн, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганбаатар нар гадаадад 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрөөр оюутан, залуусыг сургах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Монголын идэвхтэй нийгмийн зүтгэлтний хувьд таван жилийн өмнөөс Монголд чадварлаг, мэргэжлийн боловсон хүчнийг бий болгож, эд баялгын бус эрдэм оюуны баялгын хөрөнгө оруулалтыг хэрхэн хийх талаар анх санаачилж, 2008 оноос эдгээр холбооны залуучуудтай хамтран ажилласны эцэст өнөөдрөөс эхлэн бидний ажлын гараа эхэлж байна. Долоон жилийн дараа Монголд Оюутолгойгоос орж ирэх 2,7 триллион ам.долларын ашгаас нийтдээ 50 мянган оюутныг тэтгэлэгт хөтөлбөрөөр сургах асуудлаар Америк, Канад зэрэг өндөр хөгжилтэй хэд хэдэн орнуудын их, дээд сургуулиудтай тодорхой хэмжээнд ярилцаж байгаа. Өөрөөр хэлбэл манай улсын оюутнуудыг маш өндөр хэмжээний боловсролыг эзэмшүүлээд өг. Харин бид долоон жилийн дараа төлбөрийг нь өгье гэдэг тохиролцооны үндсэн дээр хийх юм. Өнөөдрөөс эхлээд холбооны залуус их, дээд сургуулиудын оюутан залуус, ард иргэдээс санал асуулга авч эхэлнэ. Үүний үр дүнг энэ ондоо багтаан Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг хүснэ. Ямар ч хүн эх оронд оруулах боловсролын хөрөнгө оруулалтаас татгалзах эрх байхгүй” гэж хурлын үеэр МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатар онцоллоо. Монгол орны ирээдүй болсон оюутан, залуусыг улсынхаа хөгжилд зайлшгүй шаардлагатай байгаа нарийн мэргэжлээр гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль, коллежид чанартай боловсрол эзэмшснээр эх орондоо хурдацтай хөгжлийг авчрахад “Т.О.Т” хөтөлбөрийн зорилго оршиж байгаа бөгөөд эхний ээлжинд 2000 оюутныг 252 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хамруулах юм байна. Уг 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт жирийн иргэдийн хүүхдүүд, оюутан залуус бүрэн хамрагдах боломжийг нээж өгч байгаа гэж Монгол-Тэнгэр” оюутан, залуусын холбооныхон үзэж байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж