Хяналтын прокурорууд залилагчдыг өөгшүүлсээр байх уу

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Хяналтын прокурорууд залилагчдыг өөгшүүлсээр байх уу

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авснаар хохирол учруулсан бол тухайн этгээдийг залилангийн гэмт хэрэгтэнд тооцож, эрүүгийн хуулийн дагуу шийтгэнэ” гэж заажээ. Гэтэл шунахайн сэдэлтэйн улмаас гэрээгээр халхавчлан иргэдийн хөрөнгө залилж гаршсан хүмүүсийн хэргийг иргэний хуулиар шийддэг жишиг тогтжээ. Гэрээ хийхдээ иргэдийг төөрөлдүүлэх үүднээс хоёр өөр компанийн нэрээр тамга дардаг хүмүүс цөөнгүй байна. Ийм хэргийн хохирогчид нь цагдаа, шүүхийн байгууллагуудад хандсан ч энэхүү хэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бус иргэний хуулиар шийдэх ёстой гэсэн шийдвэр гарч, залилагчдад дахин залилан хийх боломж олгосоор байдаг нь харамсалтай. Тиймээс гэмгүй иргэдийг залилан мэхлэгчдэд дараагийн өгөөш гэж бүү байг хэмээн ийм хэргийн тод жишээг сийрүүлж байна.

Дүнзэн байшин барьдаг хэмээн барилгын бизнес эрхлэчдийн итгэлийг олж, гэрээ байгуулан, төлбөрийн мөнгө гаргуулж аваад сураггүй болдог тактиктай “Шинэ орос хийц”, “Орос хийц” хэмээх компани байна. Эдгээр компанийн хохирогчид тийм ч цөөн биш. Монголын томоохон аж ахуй нэгжүүд болон гадаад дотоодын иргэдийн итгэлийг олж авсныхаа дараа гэрээ байгуулан, их хэмжээний мөнгө авч сураггүй болдог дээрх хоёр компанийн захирлаар ах дүү хоёр ажилладаг байна. “Шинэ орос хийц” компанийн захирал Ч.Баасансүрэн нь дүнзэн байшин барих гэрээ хийж гаршсан бол “Орос хийц” компанийн захирал гэгч Ч.Ванчинсүрэн нь “Шинэ орос хийц” компанид түүхий эд нийлүүлэх гэрээ хийдэг байна. “Шинэ орос хийц” компанийн захирал Ч.Баасансүрэн нь иргэн Б.Ганбаярт арван ширхэг дүнзэн байшин барьж өгөх гэрээг 2008 оны тавдугаар сард байгуулж,үйлчилгээний хөлсөнд 50 мянган ам.доллар, гаалийн татварт таван мянган ам.доллар авчээ. Харин тэрхүү гэрээний үр дүн өнөөдөр иргэн Б.Ганбаяр шүүх, цагдаагийн байгууллагын өндөр босгыг элээж байгаагаар илэрч байх юм. Учир юу гэвээс гэрээгээр халхавчлан хийж буй залиланд өртсөн түүний хашаанд загварын гэгдэх дүнзэн байшингаас өөр ямар ч байшин сүндэрлээгүй, Гэрээ хийсэн тал нь ч сураггүй болсон аж. Тиймээс тэрбээр 2009 оны нэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар энэхүү хэрэг ил болжээ. Гомдлыг мөрдөн байцаагч эрүүгийн шинжтэй хэрэг хэмээн тогтоож, хэрэг үүсгэн хяналтын прокурорт шилжүүлсэн байна. Гэтэл хэргийг хяналтын прокурор залилан бус хэмээн үзэж, иргэний хуулиар зохицуулах ёстой хэмээн хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргажээ. Гэтэл “Шинэ орос хийц” компанийн захирал Ч.Баасансүрэнд гаргасан иргэн Б.Ганбаярын гомдлыг Ч.Баасансүрэнд иргэн Б.Ганбаяртай ижил аргаар мөнгөө алдсан иргэд ч дэмжиж байжээ. Тухайлбал “Шинэ орос хийц” компанийн захирал Ч.Баасансүрэн Өмнөд Солонгосын иргэн Пак Сон Юунаас 49 мянган ам.доллар, Монгол Улсын иргэн н.Доосүрэнгээс 40 мянган ам.доллар, Н.Хишигтээс 70 мянган ам.доллар, А.Сүхбатаас 140 мянган ам.доллар авсан ч ямар нэгэн байдлаар үйлчилгээний дутагдал байсан учир ийнхүү дэмжсэн аж. Хуулийн байгууллагуудаас иргэдийг залиланд өртөхгүй байхыг байнга сануулдаг атлаа залилагчдыг ийнхүү дураар нь тавьж байгаа нь сонирхолтой. Харин бодит байдал ийм байхад дээрхтэй ижил залиланд хүмүүс өртөх магадлал улам ихсэхгүй гээд яах билээ. Тиймээс иргэн Б.Ганбаяр Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Ж.Чимгээгийн уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг дахин хянуулахаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хандсан байна. Гомдлын хариуд Сүхбаатар дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Алтанзүрх  “Хяналтын прокурор Ж.Чимгээгийн гаргасан тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн мэдэгдэх хуудас 2010 оны тавдугаар сарын 5-нд түүнд хүргүүлжээ. Иргэний хуулиар уг хэргийг шийдвэл хохирогчид хохиролгүй болох ч тухайн залилагч залилангаа үргэлжлүүлэн үйлдсээр л байх болно. Харин залилан хэмээн хүлээн зөвшөөрч, эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шийдвэл залилагчдын дахин бусдыг хуурах боломжийг багасгана гэдгийг хяналтын прокурорууд мэдэж л байлтай. Гэсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгоод байдгийг нь авлигатай холбож тайлбарлах нь ч бий. Гэтэл хяналтын прокуроруудын хэрэгсэхгүй болгоод байсан хэргийг иргэн Б.Ганбаяр уйгагүй хөөцөлдсөний эцэст залилангийн сэдэлтэй хэмээн дахин шалгах тухай Нийслэлийн прокурорын даалгавар энэ оны долдугаар сарын 6-нд гарсан байна. Уг даалгаварт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамбаа хохирогчийн гомдлоор Ч.Баасансүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянахад мөрдөн байцаалтыг бүрэн гүйцэтгээгүйг тогтоосон байна. Тиймээс хэргийг анх мөрдөн байцаасан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Ц.Ганболдод нэмэлт ажиллагаа хийхийг даалгажээ. Гэсэн ч энэхүү хэрэг одоо болтол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг гэдэг нь тогтоогдоогүй хэвээр байсаар л. Залилагчид нь хэдэн хүний итгэлийг эвдэн, хөрөнгө мөнгөөр нь халаасаа түнтийлгэж байгаа бол. Үүний уршгаар хэдэн иргэн дээрхтэй ижил байдлаар шүүх, цагдаагийн босгыг элээхээр зүглэх бол гэдгийг харсаар байх уу.

Р.Сарангоо

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж