Эрдэнэс бус, эрдмийг шүтдэг болно

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Эрдэнэс бус, эрдмийг шүтдэг болно

Монголд эдийн засгийн асуудлаар ойр ойрхон олон улсын чанартай хурал болж байна. Ялангуяа Монголын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчинд дэлхийн өнцөг булан бүрээс онцгой анхаарал хандуулах болов. Монгол Улс нэгэнтээ дэлхийд Монголиа биш, Мinegolia хэмээгдэх болсон учир, басхүү байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгаа эрчимжүүлэх гарааны зурхай дээр зогсож байгаа болохоор бүгдийнх нь нүд, чих сортолзохоос ч аргагүй. Монгол үнэхээр сэрж байна. Бас Монголыг олон зүйл сэрээж байна. Манайх руу зөвхөн бүс нутгийнхан гэлтгүй хөгшин Европын орнууд ч хошуурч эхэллээ. Жишээ нь уржигдархан Лондонгийн Хөрөнгийн биржийнхэн “Чингис хаан” зочид буудалд олон улсын бага хурал зохион байгуулж, Монголын хөрөнгийн зах зээл рүү эргэж буцалтгүй хөл тавихаа зарласан. Мөн хөрөнгө оруулагчдын чуулган бараг л өдөр бүр болж байна. Энэ бүхэн мэдээж таатай мэдээ. Гэхдээ Монгол орон хэдийгээр бусдад юм өгдөг, бусдын ашиг олдог, бизнесээ өргөтгөдөг газар боллоо ч бусдаас бас юм салгадаг байх нь чухал. Өөрөөр хэлбэл, дэлхийд хөгжлөөрөө гайхуулдаг улс орнууд манайх руу хошуурч байгааг овжин ашиглаж, тэднээс дэвшилтэд технологи, арга туршлага гээд олон зүйлийг авч болно. Тэгвэл яг энэ сэдвээр өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нэгэн хурал боллоо.
“Инноваци ба технологийн бодлого, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын бага хурлыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Хурлыг зохион байгуулагчид “Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө зэрэг томоохон баримт бичгүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд түлхэц болох учиртай” хэмээн ярьж байлаа. Хуралд олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий АНУ-ын М-САМ компанийн ерөнхийлөгч Дэвид Пратт, ерөнхий захирал доктор Дэвид Мартин нар оролцсон юм. Тэд “Шинжлэх ухаан, технологи, бизнес, санхүүгийн салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог сайтар хангах нь тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл болно. Мөн инновацийг хөхиүлэн дэмжиж, шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэл, бизнес хөгжлийн үйлчилгээтэй холбож өгөх нь эдийн засгийн эргэлтийг хурдасгаж, санхүүгийн салбарт ахиц гарна” хэмээн онцолж байв. Үнэхээр Монгол Улс зөвхөн байгалийн баялгаар хөгжинө гэж байхгүй. Дэлхийд ч тийм түүх байдаггүй. Хүний мэдлэг оюуны үнэ цэнэ л хэзээд бүхний дээр байдаг. Сүүлийн үед манай улсад хүний мэдлэг оюуны үнэлэмж тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Инновацийн талаар ч их ярьж байна. Өнгөн талаасаа хурал зөвлөгөөн төдийхнөөр л хэлбэрдээд байгаа юм шиг боловч энэ сэдэвт анхаарлаа хандуулж, ойр ойрхон ярьж, хэлэлцэж байгаа нь сайн хэрэг. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Малайз дахь “Шинжлэх ухаан, технологи, инновацийн олон улсын төв”-тэй хамтран өнгөрсөн долоо хоногт “Инноваци ба хөгжил” семинар зохион байгуулсан. Энэ үеэр Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн суурийг хэрхэн тавих, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог хөгжүүлэхэд анхаарах асуудлуудаа тодорхойлоод авсан. Мөн тулгамдсан асуудлаа амжилттай шийдвэрлэсэн бусад орны туршлагаас ч хангалттай сонссон.  Үндсэндээ төр, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох нь хамгийн эхэнд хийх ажил юм гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн гэхэд болно. Харин энэ удаагийн хурлаар инновацийн хөгжилд төрийн бодлогоор бодит дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшний оролцоо ямар байхыг голлон ярьсан юм. Мөн бизнесийн болон шинжлэх ухааны байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллахаа хэлэлцлээ.

Инноваци нь аливаа улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл, хөдөлгөгч хүч болдог. Мөн үйлдвэрлэлийн өсөлтийг хангаж, улмаар эдийн засгийн дэвшилд хүргэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх болсон. Үүнтэй холбоотойгоор аливаа улс орны хөгжлийн түвшинг инновацийн идэвхжилээр тодорхойлдог болоод байгаа билээ. Тиймээс ч улс бүр өөрийн онцлогт тохирсон инновацийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж буй. Харин манай улсын хувьд инновацийн хөгжил эхлэлийн шатандаа байгаа гэхэд болно. Гэхдээ дээр дурьдсанчлан ойлголтын түвшин болон төрөөс баримтлах бодлогын хувьд нэлээд жигдэрсэн гэдгийг хуралд оролцсон төлөөлөгчид онцолж байсан юм. Тухайлбал, Үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газар 2008 онд баталсан. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх хамгийн гол баримт бичиг гэдгийг мөн төрийн түшээд хэлж байлаа. Үндэсний инновацийн тогтолцоо гэдэг нь нийгмийн хэсэг, нэгжүүдийн эдийн засгийн үр өгөөжтэй мэдлэгийг бүтээх, түүнийг түгээх, баяжуулах, ашиглах үйл ажиллагааг дэмжих системийн тухай ойлголт юм. Хуралд оролцогчдын онцолсон бас нэг санаа нь “Цаашид нийгэм, эдийн засгийн бүх хүрээнд инновацийн хандлага улам онцгой үүрэгтэй болно” гэх өгүүлбэр. Энэ үг бараг хүн бүрийн амнаас гарч байсан гэхэд болно. Өнөөдөр мэдлэгт суурилсан эдийн засаг гол капитал байх болно гэдгийг АНУ-ын мэргэжилтнүүд болон монголчууд хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үндэсний аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, боловсролын болон төрийн үйл ажиллагаанд инновацийн соёл нэвтрүүлэх гэж бас нэг чухал зүйл байдаг аж. Ямартай ч энэхүү соёлыг төрийн болон бизнесийн бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн тулд төр засгийн зүгээс эрвийх дэрвийхээ ажиллаж байгаа гэдгээ БСШУЯ-ны төлөөлөгчид хэлж байв. Харин хуралд оролцсон зарим эрдэмтэн “Бид аливаа шинэ ойлголтуудыг болж өгвөл энгийнээр ярьж, ойлгож байвал амьдралд буулгахад ойрхон болно. Тухайлбал инноваци гэж чухам юуг хэлээд байгааг тайлбарлах хэрэгэтэй. Хэдийгээр инновацийн тухай нэгдмэл ойлголт байхгүй ч ерөнхийд нь нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд аливаа шинэ, үр ашигтай зүйлийг нэвтрүүлэн ашиглахад чиглэсэн бүтээлч үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн үр дүн гэж тодорхойлж болно” гэсэн юм. Ямартай ч Монгол Улс алт, зэс гэх мэт эд баялгийг шүтдэг бус, хүний оюун ухаан, мэдлэг чадварыг дээдэлдэг, энэ бүхнийг эдийн засгийн гол найдвараа болгосон улс болохыг эрмэлзэж байна. Тийм боломж бидэнд бий.

Ч.Дашдэлэг

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж