Т.Эрдэнэбилэг: Булганд нухацтай хандах хэрэгтэй байсан

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Т.Эрдэнэбилэг: Булганд нухацтай хандах хэрэгтэй байсан

Маргааш аравдугаар сарын 2. Монголын улс төрийн түүхэнд хар толбо үлдээсэн энэ өдөр АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга,  МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн Дарамын Төмөр-Очир, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгч  Санжаасүрэнгийн Зориг нарыг гэрт нь зэрлэгээр хөнөөсөн билээ. Үүнтэй холбогдуулан “Ярилцах танхим”-ынхаа энэ дугаарын зочноор Д.Төмөр-Очир агсны зээ хүү Т.Эрдэнэбилэгийг урьж ярилцлаа.

-Улс төрийн хоёр ч айхавтар аллага гарсан аравдугаар сарын 2-ны өмнөхөн тантай ярилцаж байна. Зөвхөн С.Зоригийн хэрэг гарсан төдийгүй таны өвөө Д.Төмөр-Очир агсныг хөнөөсөн нь одоо болтол илрээгүй байгаа талаар та ямар бодолтой байдаг вэ?

-“Амны билгээс ашдын билэг” гэдэг. Нас барсан өдөр бус төрсөн өдрийнх нь талаар яриагаа эхэлье гэж бодож байна. Миний өвөө Дарамын Төмөр-Очир паспорт дээрээ 1921 оны есдүгээр сарын 15-нд төрсөн гэж бичүүлсэн байдаг. Үеийн хөгшчүүд нь болохоор хавар төрсөн байх ёстой доо гэдэг. Өөрөө энэ тухай надад тусгайлан ярьж байгаагүй ч Ю.Цэдэнбал даргын төрсөн өдөртэй адилтган бичүүлсэн гэх таамаглал илүү үнэмшилтэй санагддаг юм.  Тэд үй зайгүй найзууд байлаа. Монголд социализм гэгчийг байгуулахын төлөө залуу нас, хамаг амьдралаа зориулсан даа. Саяхан МАХН-ынхан Ю.Цэдэнбал даргынхаа төрсөн өдрийг түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн тухай тус намын сониноос олж үзсэн. Аравдугаар сарын 2-ны өдөр бол төрөл төрөгсөд бидний хувьд хамгийн аймшигтай хар өдөр гэдэг нь ойлгомжтой. УИХ-ын гишүүн С.Оюун энэ өдрийг “Улс төрийн хүчирхийллийн өдөр” болгон тэмдэглэх санал гаргаж байсан. Үүнийг тухайн үед МАХН-ын гишүүд хүлээж аваагүй. Энэ хар өдөртэй холбоотой хэргүүдийг улс төрийн намууд өөрсдөдөө дивидент буюу ашиг хонжоо гаргаж авах замаар л ашиглаж байсан. Аймшигт аллага гарсны маргаашаас эхлээд л ингэсээр байгаад өнөөдрийг хүрч байна. Аллага шөнө гарсан. Өглөөний 06.00 цагт Монголын радиогоор мэдээлсэн. Надад лав энэ нь пропаганда буюу анхнаасаа төлөвлөсөн  юм уу гэмээр хар буухуйц санагдаж байсан. Тодорхой хүрээнд ийм юм болж магадгүй гэж мэдэж байсан ч юм шиг. Дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг ч маш эрчимтэй хийсэн. Хоёр гуравхан хоногт хөшөө босгоод, нэрэмжит сан ч байгуулаад, тал бүрээсээ урьдчилж бэлтгэлийг нь хангасан байсан юм шиг санагдаж байсан.

-Нээрэн тэр өглөөний 06.00 цагт яагаад мэдээ нь бэлэн болчихсон, орон даяар шууд аллагыг зарласан юм бол оо. Хүн бүр тэр үед сонсохгүй шүү дээ. Сайтар нягталж байгаад зарлаж болох л байсан байх?

-Манай өвөөгийн үед бол тэгж мэдээлж байгаагүй л дээ. Намын эсрэг, тэр байтугай нийгмийн эсрэг “хорон санаа” агуулсан эсэргүү этгээд. Монгол-Зөвлөлтийн найрамдлын эсрэг ажиллагаа явуулсан зэрэг түм буман ялд унагаж байлаа. Энэ нь он цагийн эрхээр бүдгэрэх биш, харин ч улам бүр даамжирсаар, цаг хугацаа өнгөрөх тусам хүндэрсээр эцэст нь бие махбодыг нь устгах шууд террорын хэлбэр лүү шилжин орж 1985 оны аравдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө мэсэнд цавчуулж амь үрэгдсэн шүү дээ,  хөөрхий минь.

-Уучлаарай, та тэр хэргийн талаар сөхөж ярьж болох уу?

-Өвөөг минь бусдын гарт алуулсан тухай гэрийнхэнд нь мэдэгдэлгүй 2-3 хоносон байдаг юм. Хууль цагдаагийнхан ч өөрсдөө нэлээд хожуу мэдсэн гэж албан ёсны рапорт, мэдээллүүдэд байдаг. Үүнийгээ баталж чадах эсэхийг нь яваад сураглахаар тодорхой хариу хэлээд өгөх хүн байдаггүй. Цогцсыг нь аль хэдийнэ цэвэрлэчихсэн байсан. Цагдаа нар ул мөрийг нь авсан гэж ярьдаг байсан ч тэгсхийгээд л ул мөр нь гэнэт алга болчихлоо, хавтаст хэргээс зохион байгуулалттайгаар авагдаад устгагдсан гэнэ гэж дуулдсан. Ер нь энэ сэдэв их хориотой байлаа. Миний эмээ хааяа асууна. Тодорхой хариу хэлж өгөхгүй байна гэсээр л урамгүй ирдэг байсан. Тэр үед уг хэргийг мөрдөж байсан хүмүүсээс ч одоо цөөн нь үлдэж дээ. Системээр нь өөрчилсөн болохоор шилжсэн, зарим нь тэтгэвэрт гарсан, эсвэл нас барсан  болохоор улам л бүдгэрээд байна.

-Таны бодлоор дээрх хоёр хэргийг илэрнэ гэсэн итгэл одоо байна уу?

-Миний бодлоор яагаад энэ ал­лагыг үйлдэв, шалтгаан нөхцөл нь яаж бүрэлдэв, хэний захиалгаар хэн гүйцэтгэв гэдэг дээр л хуулийнхан хамаг хүчээ төвлөрүүлэх ёстой бай­сан. Хэрэг илрүүлэх талаар тууштай зогсоогүй гэсэн байр суурьтай бай­даг. Тэр тусмаа хоорондоо арав гаруй жилийн зайтай ч аравдугаар сарын 2-ны өдрийг сонгож үйлдсэн С.Зо­риг агсны хэрэг өөртөө олон мэдээллийг агуулдаг. Гэтэл цаг­даагийн хариуцлагатай албан ту­шаалт­нууд үүнийг үл тоосон бай­далтай хайнга хандсаар ирсэн. Би УИХ-ын гишүүн байхдаа цол, тушаал, нэр устай нь хэлж сануулж байсан. Мөрдөн байцаах ажиллагаанд туслах комиссийн ахлагчаар нь ажиллаж байсны хувьд “Өвөөг минь хөнөөсөн өдөр С.Зоригийг хөнөөсөн нь анхаарал татаж байна. Энэ талаар ямар бодолтой байна” гэж асуухад тохиолдлынх ч байж болно шүү дээ гэсэн маягаар их хачин хариулт өгдөг, өөрсөд дээрээ л ямар нэгэн улс төрийн бараан сүүдэр буулгахгүй байхыг хичээж, хир халдах вий гэж л амиа хичээж хаяагаа манасан байдлаар ханддаг байж билээ.  Хариулт нь дандаа бэлэн, бас ичгүүр сонжуургүй худлаа хэлдэг байлаа. Үүнээс хойш 25 жил өнгөрч байна. Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь ч өнгөрлөө. Энэ хугацаанд дорвитой шалгаж, улс төрийн учир шалтгааныг нь ялгаж салгаад өгөх оролдлого ч хийсэнгүй.

-Та адилхан хохирогч гэдэг талаасаа С.Зориг агсны гэргий Б.Булгантай уулзаж байсан уу?

-Б.Булган бид чинь С.Зоригийг амьд сэрүүн байх үед гэр бүлээрээ бие биенээ мэддэг, хүндэлж хайрладаг, найзалж нөхөрлөдөг л байлаа. Үй зайгүй уулзаж учрахгүй ч гэсэн тэр хоёрыг бүр танилцаж байх үеэс л бие биеэ ойлголцдог, хааяа ууж идэх ч тохиолдол байдаг, сайхан л харилцаатай байсан. Хэрэг гарснаас хойш бүх юм их хачин тийшээ эргэсэн гэх үү дээ. Гэхдээ дотно, элгэмсүү харьцаа хадгалагдаж үлдсэн байлгүй яах вэ.

-Хачин болсон гэдэг нь?

-Бидний харилцаанд сэв суусан гэж би хэлэх гээгүй. Сэтгэлзүйн хувьд хүнд байгааг нь ойлгодгийн хувьд аймшигт хэргийг эргэн сануулах, яриулах нь хэцүү байдаг.

-Ер нь Б.Булгантай тааралдаж байгаа юу?

-Тааралдана аа. Гэхдээ ханийн хувьд ямар хүнд байгааг үгээр хэлэх аргагүй шүү дээ. Тийм болохоор халшраад байдаг юм. Б.Булган маань хохирогч гэдэг утгаараа зовлонгоо дааж ядахын хажуугаар гэрч болж үлдсэн хүн шүү дээ. Үүнийг тал бүрээс нь шалгах ёстой байсан. Би цагдаагийнханд туслах үүрэгтэй ажлын хэсгийг ахалж байсны хувьд  материаллаг талаасаа, наад зах нь санхүүжилт, техник зэргийг бүтээлгэж өгөх зэргээр УИХ-ын зүгээс туслалцаа үзүүлж болох зүйл гарвал тусалж л байсан. Хамгийн гол нь мөрдөн байцаах үйл ажиллагаа зөв чиг шугамаа сонгож авсан эсэх нь л чухал байсан. Ингэсээр байтал сонгууль болж МАХН ялсан. Үүнээс хойш хэргийн асуудал таг чиг болсон. Хэрэгт холбогдох мэдээллийг 500 сая төгрөгөөр үнэлж авна ч гэх шиг. Энэ тухай яриад ч яах вэ. Хэзээ өнгөрсөн хойно нь ямар мэдээллийг ингэж үнэлнэ гэж байгаа юм ёстой бүү мэд дээ. Хэрэг гарсны дараахан цугласан мэдээллийг зөв анализ хийж боловсруулж чадсан уу үгүй юу гэдэг дээр л харин зөв дүгнэлт хийх ёстой байсан юм.

-Б.Булганыг хэсэг хугацаанд хорьсон. Тэр үед та түүнтэй харилцаж байсан уу. Ер нь тэгж хорьсны хүчинд ямар мэдээлэл олж авсан нь тодорхойгүй байдаг?

-Энэ хэрэгт нухацтай хандъя гэсэн бол Б.Булганд дээд зэргийн нухацтай л хандах ёстой байсан. Түүний хэлж байсан зүйлүүдэд ч гэсэн. Б.Булган байтугай ямар ч хүн  нүдэн дээр нь хайртай хүнийг нь тарчилгаж байгаа тэр гэнэтийн алуурчдын эрээ цээргүй халдлага, хүлээстэй өөр өрөөнд байлаа ч гэсэн төсөөлөөд бодоход тэр дуу чимээ, амьсгаадаж тэмцэлдэж байгаа нь сонсогдож л таарна. Тиймээс сэтгэл зүйн асар их шоконд орж балмагдсан байсан. Гэтэл манай цагдаагийнхан тэр балмагдсан  хүний ярианаас нь олон том дүгнэлт хийсэн байх жишээтэй: Батаа, Оюун гэсэн нэртэй хүмүүсийг шалгаад л, хараал хэлсэн байна, лав л шоронд хоригдож байсан хүн байх ёстой. Б.Булганы гарыг хөдөлгөөнгүй болтол гутлын нарийхан үдээсээр уясан байна. Энэ бол шоронгийн хуяг, харуул байжээ гэх мэт сүрхий  олон хувилбар маш хурдан дэвшүүлээд байсан. Үүнд асар их цаг, хүч зарцуулсан. Хэрэг гарсны дараах тэр халуухан өдрүүдэд ийм буруу (“буруу” гэдгийг би үр дүн өгөөгүй гэдэг талаас нь хэлж байгаа юм л даа) мөрөөр орж цаг алдсан. Ажлын хэсгийнхэн “Энэ талаар дахин нягталбал яасан юм бэ. Гадны нөлөөгүй, утсаар ч ярихгүй, хүнтэй харьцаагүй тийм тайван амгалан нөхцөлд тусгаарлаад, хэсэг бодсоных нь дараа асуувал яасан юм бэ” гэсэн асуудал дэвшүүлж байсан. Гэхдээ Б.Булганыг сэжигтэн болгоод, цаад алуурчидтай үгссэн байж болзошгүй гэдэг талаас нь  хориосой гэж хэзээ ч хүсээгүй шүү дээ. Уг нь хэргийн газар, үйлдсэн цаг хугацаанаас харахад хөдөө зэлүүд газар биш олны дунд, орон сууцанд гарсан хэрэг юм чинь айлд бүгж байгаад хаалга дамжаад оров уу, хэн харж ажиглав гээд судалж болохоор л байсан. Тухайлбал, харж ажигласан гэсэн хүмүүсийн мэдүүлэг хаашаа замхраад алга болсон нь ч ойлгомжгүй болчихоод байна.

-Хамгийн гайхмаар нь Б.Булган яагаад С.Зоригийн хэргийн талаар ярихгүй байна вэ. Цөхөрсөн үү, дарамтлуулсан уу. Талийгаачийн гэр бүлийнхэнтэй ч хамтраад явбал болмоор санагдах юм. Яаж ч цөхөрч, дарамтлуулсан дуугүй байх аргагүй хэрэг шүү дээ?

-Цөхрөл, айдас хүйдэс аль аль нь байлгүй яах вэ. Ийм эмгэнэлт хувь заяаг даана гэдэг амаргүй. С.Зориг агсны гэр бүлийнхэнтэй одоо ямар харилцаатай байдгийг би сайн мэдэхгүй юм. Таамаглахад эмзэг асуудал. Ер нь нэгдмэл байдлаар явах нь үр дүнд хүрнэ гэдэг нь ойлгомжтой. Хэргийн газарт 100 гаруй хүн оруулж ул мөрийг баллачихаад “Цорын ганц гэрч Б.Булган тэгж хэлсэн” гээд ганцхан тэр хүний хэлснээр шалгах ажиллагааг явуулсан болоод орхиж болохгүй шүү дээ.
 
-Тэр үед Ардчилсан намын лидерүүд “Хэргийг заавал илрүүлнэ” гэдэг байсан. Д.Мөрөн хурандаад ч ихээхэн итгэж байсан. Гэтэл хэрэг илэрдэггүй. Мөрдөн байцаалтын эхний үед ажиллаж байсан зарим хүмүүс амь насаа золгүй тохиолдлоор алдлаа гэхчлэн сэжигтэй олон асуудал байна?

-Тухайн үед би уг хэрэг дээр ажиллаж байсан хариуцлагатай албан тушаалтнуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод шүүмжилдэггүй байлаа. “Бид олохын төлөө явж байна” гэсэн жижүүрийн үгийг нь сонсоод итгээд л явж байсан. Өвөөгийн хэрэг шиг огт сэжүүргүй, ул мөрийг нь  балласан, социализмын цаг үетэй адилгүй гэж бодоод алгуурхан боловч илрэх байх гэж боддог байсан. Гэтэл тэр хэрэгтэй адилхан л замхрах тийшээгээ “найдвартай” гээч нь явж өглөө дөө. Би “Мөрөн хурандаа, Алтангэрэл хурандаа тийм алдаа гаргасан” гэж дүгнэснээр хэрэг илрүүлэхэд тус болох биш дээ.

-Та яагаад ийм итгэл үнэмшилтэй байгаа талаараа жаахан тодруулж ярьж болох уу?

-Тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Энхбаатар  чуулганы нэгдсэн хуралдаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх тэр мөчид өөрөө хэлж байсан. “За яах вэ, биднийг казиногийн асуудал, зарим компаниас үнэ бүхий бэлэг, доллар авсан зэрэг авлигын асуудлаар буруутгаж болно. Энэ нь гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн ч байж болно. Тэгвэл яагаад энэ танилцуулга дотор С.Зориг агсны хэрэг гэж яриад, бичээд байгаа юм бэ” гэж асууж байсан. Энэ бол маш зөв асуулт. Харин манай ажлын хэсэг дээр Казиногийн асуудал зах сэжүүр нь дөнгөж яригдаж эхэлж байх үед цагдаагийнхан, “С.Зоригийн хэргийг улс төрийн захиалга гэж ярьдаг, бичдэг. Энэ захиалга нь хаанаас ирсэн байх вэ гэдгийг шалгаж нягтлах гол сэжүүр нь казиногийн хэрэг байгаа юм гэж тайлбарлаж танилцуулж байсан.  Казиногийн хэргийг л илрүүлчихвэл С.Зоригийн хэргийн эзэд аяндаа тодроод ирнэ. Энэ казиног л учрыг нь олохүй бол С.Зоригийн хэргийн сэжүүрт их саад болоод байна гэж хэлдэг байсан. Тиймээс энэ бол улс төрийн зорилготой, гэхдээ террор, аллагаар бус “цусгүй алах” ажиллагаа болж таарч байгаа юм. Үнэхээр авлигатай тэмцээд эхэлсэн юм бол тэр гурван хүнийг зөвхөн авлигын хэрэгт холбогдуулан ял эдлүүлснээр ажлаа зогсоож болохгүй шүү дээ. Тэр үед ЦЕГ дээр болсон нэгэн хуралд би оролцохдоо үг хэлэх боломж гарахад мөн л хэлж байсан. С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын хэргийг казиногийн хэргийг шалгах суурь дэвсгэр болгож ашигласан нь эвгүй муухай, ёс суртахуунгүй зүйл болсон гэж.

-Өвөөг тань хөнөөсөн хэргийг хэзээ нэгэн цагт илэрнэ гэдэгт та итгэдэг үү?

-Энэ хэрэгт МАХН-тай, түүний командаар хөдөлдөг байсан НАХЯ-тай холбоотой зүйл дэндүү олон бий. Мэдээллийг нуун дарагдуулдаг. Өвөөг эсэргүү гэж нэрлээд байх үедээ мөрдөж, тагнаж чагнаж байснаа ч хүлээн зөвшөөрдөггүй.  Одоогийн МАХН-ынхан “Бид өөр нийгмийн төлөө явж байгаа өөр хүмүүс” гэсэн жижүүрийн үгээр ам таглаж чадна гэж боддог юм шиг байна лээ. Намд элсэхгүй л бол хүн биш мэт үздэг байсан үед бол өөр хэрэг. Аль намын гишүүн байх, тэр байтугай аль ч намын гишүүн бус байж болох энэ цаг үед хүмүүс яагаад МАХН-д элсээд байдгийг би гайхдаг юм.

-Одоо Д.Төмөр-Очир агсны гэр бүл, тэдний удмынхан ямархуу амьдарч явна?

-Бид одоо хүртэл уй гашуу тайлагдаагүй л явна. Миний эмээ хоёр жилийн өмнө өөд болсон. Хөөрхий, манай гэр бүлийнхэн өвөөтэй хамтдаа 1963 оноос хөдөө цөлөгдсөнөөс эхлээд амиа алдах хүртлээ хэлмэгдсэн дээ. Талийгаач өвөө минь нэг хүү, нэг охинтой. Би охиных нь хүүхэд. Ээж, нагац ах хоёр хоёулаа тэтгэвэрт гарсан.

-Та тэр үед 18 настай байж. Таны улс төрийн чиг хандлага, хувийн үзэл бодол төлөвшихөд тань өвөөгийн нөлөө, захиас хэр туссан бол?

-Тэр үед тэгж хамаагүй ярьдаг цаг үе биш байсан. Ямар ч байсан хэн нэгний өмнө бөхөлзөж, аятайхан наалдаад явж чаддаггүй байсныг сайн санадаг байлаа. Хэлмэгдүүлэгчид, НАХЯ-ныхан, тагнуул туршуултай ач тач л үзнэ шүү дээ. Гэрийнх нь өөдөөс харсан байрнаас байнга дурандана. Ханын розетканы нүхээр чагнана. Орж гарсан хүн бүрийг дуудаж байцаана. Өдөр нь өвөөтэй таараад үг сольсон бол тэр оройдоо л дуудагддаг. Хөдөөнөөс ирсэн хүнийг хүртэл тэр холоос юугаа хийж Төмөр-Очиртой уулзав гээд байцаана. Хэдэн сар биш, хэдэн жилийн турш ийм байдал үргэлжилсэн. Мао Зедунаас үүрэг авч тагнуулын үүрэг гүйцэтгэлээ гэж зохиомол хардлага үүсгэн маш том хавтаст хэрэг бүрдүүлсэн байсан. Хожим нь тэр бүх материалаа өөрсдөө устгасан нь ч илэрсэн. 

-Та Үндэсний Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшиж гишүүнээр сонгогдож байсан. Яагаад намаасаа гарсан юм бэ?

-Миний дургүйцэж, эвгүйцдэг зүйлүүд хуримтлагдсаар намаасаа аргагүй эрхэнд гарахад хүрсэн.

-Юунд дургүйцдэг байсан гэж?

-МАХН-тай үгсэн хуйвалддаг, албан тушаалаа наймаалцдаг энэ байдал руу маш түргэн орчихсон юм л даа. МоАХ, ардчиллыг эхлүүлсэн тэр хүмүүс юуны төлөө, хэний эсрэг  явж байгаад дараа нь хэнтэй эргээд эвлэлдэн нэгдэж байгааг харахад хэцүү байсан. Тийм зүйл дээр их эвгүйцдэг байлаа. С.Зоригийн хэрэг дээр ч гэсэн Ардчилсан нам үүнд хамаагүй гэх байдлаар хандсан. Энэ хэрэг дээр ч гэсэн Ардчилсан намын фракциуд хоорондын зөрчилдөөнийг МАХН овжноор ашиглаж байсан. Миний хувьд ер нь аль алиныг нь ялгалгүй адилхан шалгах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байсан болохоор 2000 онд намаасаа гарсан даа.

-Иргэний зориг намаас тэгвэл яагаад гарсан юм бэ?

-Бас л дээрхтэй адил шалт­гаантай. МАХН-тай нийлж “Бүдүүн бүлэг” байгуулж байлаа шүү дээ. Би УИХ-ын гишүүн байхдаа ч, Ардчилсан намын жирийн гишүүн байхдаа ч ийм саналыг хэзээ ч хүлээж авдаггүй байсан.Үүнээс болоод л зам салсан гэх үү дээ.

-“Соцдекүүд”-тэй холбоотой байдаг уу?

-Улс төрийн бус зүгээр л хуучин цагийн найз нөхдийн холбоотой л байдаг. А.Ганбаатар бид хэд С.Зоригтой нэг фракцид багтдаг байлаа. Тэр хоёр ээлжилж хурлаа удирдана. А.Ганбаатар маань намаа сэргээх гэж ихээхэн хүчин зүтгэл гаргасан байх. Гэвч намаа хуучны тэр хэлбэрт нь оруулна гэдэг бол одоо үед их хэцүү хэрэг л дээ.

-Одоо та улс төрийн үзэл баримтлалын хувьд ямар байр суурьтай байдаг вэ. Сонгуулиар саналаа өгдөг үү?

-Хөндлөнгөөс л ажиглаж байна. Сонгуулиар иргэний үүргээ биелүүлж саналаа өгдөг. Саналаа өгөөд гарч ирэхэд “Аль намд өгсөн бэ” гээд хоёр талаас шалгаадаг, мөнгө өгдөг хүмүүстэй ч бишгүй таарч байсан.  Би МАХН, АН-ын алинд нь ч санал өгөөгүй, өөрийн үзэл бодлоор сонголтоо хийсэн л гэж хариулахаар “Аан, аль алинд нь өгсөн үү” гэж тэдний чихэнд сонсогддог юм байна лээ, чааваас.

-Ярилцсанд баярлалаа.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж