УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр  Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн 50 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл цуглаж, УИХ, засгийн газарт хандсан шаардлагыг хүргүүллээ.   Уг шаардлагыг Засгийн газрын хяналт, үнэлгээний хэлтсийн дарга Х.Энх-э”рдэнэ хүлээлгэн өгсөн бөгөөд  хариуг энэ сарын 7-нд авах юм байна. Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт өнөөдрийг хүртэл биелэхгүй байна.  Иймээс хуулийн хэрэгжилтийг түргэсгэж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин байгаль орчныг сүйтгэж байгаа уул уурхайн компаниудад анхаарлаа хандуулахыг Иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс шаардаж байгаа аж. УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нийтэлж байна.
 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД ХҮРГЭХ СОНОРДУУЛГА

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д “… иргэн … эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж иргэдийн байгаль орчны талаарх эдлэх эрхийг тов тодорхой заасан байдаг  билээ.

Сүүлийн үед уул уурхайн хариуцлагагүй, замбараагүй үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг үйл ажиллагааг цэгцлэх ёстой хууль тогтоомжийн  хэрэгжилт  туйлын хангалтгүйгээс шалтгаалж олон зуунаар тоологдох гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэж, хүн, мал, амьтны уух ус нь бохирдож,  Монгол орны хүн ам нь уух усгүй, мал нь бэлчих бэлчээр нутаггүй болох эрсдэл улам бүр нэмэгдсээр байна.

Гэтэл “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг батлаад багагүй хугацаа өнгөрчихөөд байхад энэхүү нэн чухал ач холбогдолтой хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын үүргээ Улсын Их Хурал умартаж, биелүүлээгүй өдий хүрснийг эрс буруушааж, энэ сонордуулгыг ард түмний өмнөөс төрийн эрх барилцаж буй Улсын Их Хурлын гишүүдийн сонорт хүргэж байна.

Дээрх хуулийн хэрэгжилт цаашид ийнхүү зогсонги байдалд байсаар байвал уул, ус, хүрээлэн буй орчныхоо төлөө гэсэн иргэдийн хүсэл тэмүүлэл, тэмцэл улам эрчимжиж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, ихээхэн сөрөг үр дагавар нөхцөлдүүлж  болохыг Та бүхэнд хатуу анхааруулж,    “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжихгүй байгаагийн шалтгаан, үр дагавар, цаашид авах арга хэмжээний талаар 2010 оны 10 дугаар сарын 7-ны дотор  Улсын Их Хурлын нээлттэй чуулганаар хэлэлцэж, тодорхой хариу өгөхийг шаардаж байна.

МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВИХ ШААРДЛАГА
Монгол Улсад төрийн эрх барих дээд байгууллагаас баталсан байгаль орчныг хамгаалах талаар олон хууль тогтоомж байгаа боловч тэдгээрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Засгийн газар төрийн  хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй, өөрсдийн хүссэн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, харин хүсээгүй хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа нь байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулах боллоо. Үүний тов тодорхой нотолгоо нь УИХ–аас 2009 оны 7 сарын 16-ны өдөр  “Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг Засгийн газар огт хэрэгжүүлээгүй байгаа явдал мөн. Үүнийг Засгийн газрын зориудын санаатай үйлдэл хэмээн байгаль орчны чиглэлийн иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна. Ийнхүү Засгийн газар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрэгжүүлэх талаарх төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд бие биетэйгээ дайсагнан, буу шагайх дээрээ тулж байгаагийн хариуцлагыг Засгийн газар хүлээх болно гэдгийг сануулж, Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

 “Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг 2010оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг сарын дотор нэн яаралтай хэрэгжүүлэх. Хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлж чадахгүй бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, эх орон, иргэдийнхээ эрх ашгийг дээдэлдэг Засгийн газарт байр сууриа тавьж өгөх.

Улс орны баялаг ямар ч хяналт, бодлогогүйгээр олгогдож байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх, шинээр олгохыг түр зогсоосон шийдвэрийн хугацааг сунгаж, лицензийг цэгцлэх тодорхой арга хэмжээ авч, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх.

Монгол оронд өнөөдөр нүүрлэж байгаа байгаль орчны гэмт хэрэг, гамшигийг үүсгэн өдөөсөн гол буруутан нь төрийн холбогдох албан тушаалтнууд мөн. Тэдний хариуцлагагүй үйлдэлд нь, хуулийг хэрэгжүүлэхгүй хориг саад учруулж байгаад нь хариуцлага тооцож, төрийн албанаас зайлуулах.

МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж