Б.Хурцын шүүхийн шийдвэрийг хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Б.Хурцын шүүхийн шийдвэрийг хүлээнэ

Үндэсний Аюулгүйн байдлын зөвлөлийн Ажлын алба, Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газар хамтран хэвлэлийн бага хурлаар Англи улсад баривчлагдсан Б.Хурцын талаар мэдээлэл хийж, Монгол улсын зүгээс хийж явуулж буй арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа. Тэд зөвхөн танилцуулга хийсэн бөгөөд сэтгүүлчдийн зүгээс ямар нэгэн асуултанд хариулт өгөх боломжгүйгээ мэдэгдсэн юм.

Дээрх хэрэг явдлын тухайд гэвэл тухайн үеийн Засгийн газрын удирдлага ардчиллын удирдагч С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр Францад амьдарч байсан н.Энхбатыг олж Монголд авчрах үүргийг тухайн үеийн ТЕГ –ын даргад өгсөн бөгөөд тус байгууллагын хэсэг ажилтнууд энэ даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн гэнэ. Гэвч гадаадаас хүн баривчилж, хулгайлж авчрах тушаал нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн явдал байв. Ийм тушаал өгснийг тухайн үеийн Ерөнхийлөгч ч мэдээгүй, н.Энхбатыг баривчлах талаар шүүх прокурорын байгууллагын шийдвэр гараагүй байсан байна.

Хүн хулгайлсан энэ хэрэг илчлэгдсэний дараа ХБНГУ болон Францийн зүгээс манай талд явуулсан асуудлыг нухацтай тавьж эхэлсэн байна. Харамсалтай нь албан ёсоор уучлалт хүсэхийн оронд улсын нууц задалж, гүйцэтгэх ажиллагааны процесс, тусгай ажиллагааны гүйцэтгэгч нарын нэрсийг гадаадынханд өгсөн аж.
 
Б.Хурцыг баривчилсан өдрөөс нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба Гадаад харилцааны яам болон Их Британид суугаа Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж, энэ үйл явдлын талаар бүх мэдээ, мэдээллийг авч, манай улсын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа гэнэ. Тухайлбал, Монгол Улсын гадаад харилцааны яам Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яаманд 2010 оны есдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг нэн даруй суллахыг шаардаж ноот бичиг хүргүүлэн, Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн сайдаас Их Британий дотоод хэргийн сайдад хандан Б.Хурц албан ажилаар зорчиж байсан, дипломат халдашгүй эрхтэй болохыг сануулсан захидлыг хүргүүлсэн байна. Мөн ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын даргыг тус улсад томилон ажиллууж байгаа аж. МУ-ын Шадар сайд М.Энхболдоос Их Британийн Ерөнхий шүүгчид албан захидал хүргүүлж, нэн даруй суллахыг хүсээд байна.

Манай талаас Британы шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байхад үүнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.  

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж