АТГ-ын дарга нарын асуудлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарын асуудлыг хойшлуулав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг авч хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулжээ. Уг хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гаригт болгож, хойшлуулсан байна. Уг нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намрын чуулганыг нээснийхээ дараа “Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдана шүү” гэж гишүүддээ зар тараасан ч ийнхүү хойшлогдлоо.

Дашрамд сануулахад, эл асуудлыг Хууль зүйн байнгын хороо хаврын чуулганаар гурван ч удаа хаалттай авч хэлэлцсэн ч нэгмөр шийдвэрлэж чадалгүй, “амарсан” юм. Ингэхдээ дээрх асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо мөн авч хэлэлцэх шаардлагатай гэж үзэн, шилжүүлсэн бөгөөд энэ хугацаанд тус хороо хуралдаж, “Авлигатай тэмцэх газрын дарга нар гүйцэтгэх албаны тухай хуулийг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гарган, УИХ-д хүргүүлээд буй. Харин Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа “Хүний эрхийн асуудлыг хэн нэгэн албан бичиг өгснөөр шийдвэрлэх нь учир дутагдалтай. Өнгөрсөн зуны турш би болоод манай байгууллага холбогдох газруудаар хангалттай шалгуулсан. Хууль зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байгаа” гэсэн байр сууриа өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж