Бөмбөгийн хүчин чадал 90 кг тротилтай адилхан

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Бөмбөгийн хүчин чадал 90 кг тротилтай адилхан

Хэргийн газар. НТВ телевизийн кадр

ОХУ-ын Ставрополь хотноо аюулгүй болгосон тэсрэх төхөөрөмжүүдийн хүчин чадал нь 90 кг-ын тротилийн эквивалентын орчим байжээ. Энэ тухай Үндэсний террорын эсрэг хорооны мэдээнд өгүүлсэн байна.

Тухайлбал, пүрэв гаригийн өглөө илрүүлсэн тэсрэх төхөөрөмжтэй ВАЗ-2107 машинд селитер ба хөнгөн цагааны нунтгийн 60 кг хольц байсан байна. Хожим уг машинаас 40 метрын зайд хогийн дундаас хоёр дахь тэсрэх төхөөрөмжийг олжээ. Тэр гар хийцийн бөмбөг нь хөнгөн цагааны нунтаг ба селитрийн хольц, задрах элемент зэргээр дүүргэсэн машины бензины сав байсан гэнэ. Хоёр дахь бөмбөгийн хүчин чадал нь 30 кг тротилтай тэнцэх хэмжээнд байсан гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.

"Интерфакс" нэмэн мэдээлснээр ВАЗ-2107 машины бензины саванд эхний бөмбөгийг тавьсан байсан ба тэр нь автын дохиогоор ажиллах ёстой байжээ. Хоёр дахь бөмбөг нь хогийн саванд тавигдсан байв. Эхний дэлбэрэлтийн газар цагдаа нарыг ирэх үеэр тэр нь дэлбэрэх ёстой байсан бололтой. Хэвлэл мэдээлэлд “Жигули” машинаас холгүй "Лада Калина" гэсэн тэсрэх төхөөрөмжтэй хоёр дахь машин олдсон гэж мэдээлсэн боловч  РИА Новости ба "Интерфакс" тэр машины талаар мэдээндээ хэлээгүй байна.

Дахин сануулахад  ВАЗ-2107 машинд тэсрэх бодисоос гадна нэгэн эрэгтэй хүний цогцос олдсон нь 43 настай Геннадий Толботов гэгч байв. Тусгай албаныхан эхлээд тэр хүнийг үхтэл  нь зодоод  машинд хийж үлдээсэн гэж үзэж байна. Хожим тогтоогдсоноор тэрээр нутгийн таксист байсан ба түүнийг дагзанд нь хоёр удаа буудан  хөнөөсөн байжээ. Мөн ВАЗ-2107 машин нь түүнийх байсан гэнэ. Тусгай албаныхан түүнийг энэ хэрэгт хамаагүй гэжээ.

Ставропольд есдүгээр сарын 30-ны өглөө олсон бүх бөмбөгийг аюулгүй болгосон ба “хууль хяналтын байгууллагынхны мэргэжлийн үйл ажиллагааны буянаар аймшигт үр дагаврыг зайлуулж чадлаа” хэмээн "Интерфакс" агентлагийн эх сурвалж мэдээлжээ.  Бороонд норсноос тэсрэх бодис чийг аваад дэлбэрээгүй бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж