Хөдөө нутгийн амар амгалан

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Хөдөө нутгийн амар амгалан


Өнгөрсөн жил зуд болж гамшиг тохиолоо гэх ч айл бүхэн таргийн таван үхэр, ташуурын арван адуутай байх бөгөөд хангай дэлхийн өгөөж арвин болохоор мал цөөтэй өрх айлынхан жимс самар түүх, айлд мод бэлтгэх, хадлан хадах, сааль саах зэргээр амьдарч болоод байгаа харагдана. Гэвч хүн бүхэн л бэлэн мөнгөний бараа харахаа байсан, юмны үнэ тэнгэрт хадаж байгаа тухай ярьцгааж байна. Хөдөөнийхний хэрэглээ энгийн, гурил мах, сүү цагаа байхад болоод явчихдаг болохоор нэг төлөгөөр 25 кг-ийн шуудай гурил гурвыг авах мэтээр бараа солилцоо хийгдэх болжээ. Орон нутгийн гурилын үйлдвэрийн 25 кг-ийн шуудай гурил 10-11  мянган төгрөг байдаг гэнэ. Хөдөөгийнхөн “гэрийн минь гадаа бэлэн аваад ирж байхад” гээд баярлан авцгаах юм. Багийн төв дээр нэг багахан дэлгүүрээс өөр худалдаа үйлчилгээ байхгүй болохоор тэр байх. Мөн сумын төвөөс яваа бололтой мотоцикль дээр цүнхтэй бараагаа ачсан ганзагын наймаачид гутал, хувцас зарж явах бөгөөд хэрээс хэтэрсэн үнэтэй болохоор бэлэн мөнгөгүй тэд бараг л худалдан авахгүй юм билээ.

Айлуудын  гадна  УАЗ-469, эсвэл хятадын “пад” буюу бага оврын трактор, “хужаа” мотоцикль, нарны зай, тавган антенн харагдана. Хятад техник бензин түлш бага иддэг, бүтээмж нь боломжийн болохоор монголын хөдөөг эзэгнэх болсоор удаж байна. Хятад мотоцикль нэг сая гаруй орчим төгрөгийн үнэтэй, жилд нэг мотоцикль элээдэг “хүнд гарууд” ч байх юм.


Залуучууд голдуу мотоцикльтой давхилдах агаад саахалт хоорондоо ч эхнэр хүүхдээ сундлан давхиж гангарна. Тэр ч бүү хэл адуу мал хайх, хонь тугал эргүүлэхдээ унах нь ч бий. Хангай газар болохоор эрхбиш мотоцикль явахааргүй бартаа саад байх тул огт морь унахгүй байна гэж байхгүй. Айлын гадаа уяан дээр уяатай өнжих морь бол хүүхэд эсвэл хөгшчүүлийн л унаа. Үхэр тэрэг хөллөөд ус түлээгээ зөөх, татдаг хөрөөгөөр түлээ хөрөөдөх хүн бараг байхгүй болж. Түлээ түлш бэлтгэх, хадлан өвс авахад “пад” трактор чухал үүрэгтэй. Хуучны орос “Дружба” хөрөөгөөр түлээгээ хөрөөдөөд, хагалаад овоолоод хаячихсан байна. Энэ мэт эрчүүдийн гараар хийх ажилд техник хүчээ өгөх болсон боловч малчин эзэгтэй нар борви бохис хийх завгүй ажилладаг нь хэвээрээ. Өглөө эрт босч цайгаа чанаж, үнээгээ сааснаар өдрийн их ажил эхэлнэ.

Энэ нутагт буриад нар голдуу байх тул үнээнийхээ сүүг хөөрүүлж өрөм тавихгүй, харин сүүгээ машиндаж цөцгий цохино. Тогоо нэрэх, аарцаа шүүх, ааруул тавих, бяслаг шахах гээд сүү цагаа боловсруулахыг өглөөгүүр, нар халахаас өмнө хийж дуусгахгүй бол сагана гээч нь болох бөгөөд ингэж цагаан идээгээ сагуулсан эзэгтэй хамгийн арчаагүй муугаараа дуудуулна. Түүнтэй залгаад угааж арчих, хоол ундаа бэлдэх, хүүхдээ арчлах нөр их ажил хөвөрнө. Хөндлөнгөөс харахад сунаж унамаар байвч ажил хийж сурсан тэр эзэгтэй нар гарын үзүүрээр хөнгөхөөн хийчихээд өөртөө зав гаргаад солонгос киногоо үзчихнэ, айл саахалтаараа ороод ойр зуурын хов жив ярьж, хол ойрын сонин хачин сонсчихно, ой руу яваад жимс түүчихнэ, чанамал хийгээд тавьчихна, оёдол, хатгамалаа ч хийчихнэ.

Мал, ахуйн их ажлынхаа дундуур зав зай гармагц зурагтаа асаан тухалцгаана. Тэдний голчлон сонирхох нэвтрүүлэг гэвэл “цагийн хүрд”, цаг агаарын мэдээ, солонгосын олон ангит кино. Солонгос киногоо бүр үнэхээр дэргэдийн амьдрал мэт шүүмжилж, сайшааж, үзэн ядаж, бие биедээ ярьцгааж их идэвхтэй үзнэ. Монголын радио сонсдог хүн бараг үгүй болсон тул радиотой айл ч байхгүй болсон юм шиг байна лээ. Оройдоо нарны зайгаар чийдэн асаагаад гэрэл гаргадаг болохоор “Одоо хүлээн авагчийн зай, лаа, шүдэнз зардаг наймаачин явахаа байсан” гэж хөгшчүүл ярина лээ.

Монгол эсгий гэр энд бараг харагдахгүй, буриад, монголгүй айл бүр хаваржаа, намаржаа, зуслан, өвөлжөө тус бүрдээ дүнзэн байшинтай. Өөрсдийн амьдардаг байшингаас гадна бараа хураах амбаар барина. Зусландаа бол гал түлж цагаан идээ боловсруулах жижгэвтэр байшин айл бүхэнд байна. Хүүгээ гэрлэж айл болоход гэр бүрж өгдөг бол эндхийнхэн дүнхийсэн сайхан дүнзэн байшин барьж өгөөд гаргана. Нүүдэл суудал хийхэд энэ нь амар, хэдэн ор, гудас, хөнжил, авдар саваа ачаад л нүүчихнэ. Бэлээхэн байшиндаа оруулаад тавьчихна.

 Нутгийн хөгшчүүл жилээс жилд усны ундарга муудаж байгаа тухай сэтгэл түгшин ярьж байлаа. Хур ихтэй жил уулын ам болгоноос горхи булаг урсаж орж ирдэг байсан бол  жил ирэх тусам багасах болсон гэнэ. Зуны цагт үе үе үерлэн шуугиж хүний хөл хорьдог ус ихт гармууд намар оройнх мэт гүехэн байлаа. Гэхдээ л машины гишгүүр давж байсан юм.  Сүүлийн жилүүдэд Монголчууд өөрсдөө эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах болж, зүгээр харж баясах төдийгүй агнах, загасчлах сонирхол ч байдаг байх. Голын эрэг тохойд майхан барьсан жийп хөлөглөсөн аялагчид их байдаг болж. Зарим нь бууриа цэвэрлээд, хогоо аваад явж байхад, тэр сайхан байгаль дунд өөрт хэрэггүй гэсэн бүхнээ хаяад явах хүйтэн сэтгэлтнүүд бас байх юм.

Нийгэм солигдож, мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байгаа хэдий ч хүн төрөлхтөний хөгжил дэвшил хорвоогийн өнцөг булан бүрд тэгш хүрдэггүй болохоор Монголын хөдөөгийн байдал нэг иймэрхүү байсаар байна.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж