Цалин, тэтгэврийг нэмснээр ядуурлыг гэтлэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Цалин, тэтгэврийг нэмснээр ядуурлыг гэтлэхгүй

УИХ-ын 2010 оны намрын чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
     Монгол улсын Ерөнхийлөгч өө,
     Хатагтай, ноёд оо,
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
 

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаа эхлүүлэхээр та бид цуглаад байна. Энэ удаагийн ээлжит чуулган улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд чамгүй өөрчлөлт, үр дүн гарсан үед нээлтээ хийж байна. Оны эхний хагас жилд эдийн засаг 5 хувь өссөн нь жилийн дүнгээр 7,4 хувьд хүрч тавьсан зорилт хангагдахаар байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 8 их наядад дөхөж, улсын төсвийн орлого төлөвлөснөөсөө давж биелэх төлөвтэй юм. Зэс, нүүрс, төмрийн хүдэр болон ноолуур зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний гадаад худалдааны үнэ өсч, экспорт нэмэгдлээ. Энэ онд бид инфляцийг 10 хувийн түвшинд барих зорилт тавьсан бөгөөд үр дүн нь үүнээс хол зөрөхгүй биз ээ. Эдийн засгийн сэргэлт, түүний дотор уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлийн хандлагаас үзэхэд ойрын ирээдүйд манай орны эдийн засаг харьцангуй хурдацтай, өсөлттэй байх төлөв ажиглагдаж байна.

Төрийн мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлт, нийгмийн амьжиргааг дээшлүүлэх зорилгод чиглүүлэх боломж ч бүрдлээ. Банкуудын хөрөнгийн нийт эх үүсвэр өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг их наядаар нэмэгдэн 4,7 их наяд болж, төлбөрийн чадвар сайжирчээ. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн доллартай харьцах ханш тогтворжин, гадаад валютын нөөц 1,6 тэрбум долларт хүрлээ. Иргэдийн хадгаламжид баталгаа гаргасан нь банкинд итгэх итгэлийг бататгажээ. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 38,6 хувиар өсч, урьд байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Энэ бүхэн макро түвшний бодлого бидний бодож төлөвлөсөн хэмжээнд явагдаж байгааг харуулж байна.

 Бодит эдийн засгийн байдалд ч анхаарал татах зүйл олон гарчээ. Хувийн хэвшлийн бүтээн байгуулалт төсвийн хөрөнгө оруулалтаас хол давж, гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд төсвийнхөөсхоёр дахин их болжээ. Эх орны гурилын хэрэгцээг дотооддоо хангах боломжтойгоос гадна нэг сая тонн хадлан, тэжээл бэлтгэх нь дээд амжилт гаргаж байсан 1990-ээд оны түвшинд дөхөж байна. Хүнсний ногоо, төмс, ургамлын тосыг валют заран гадаадаас авахыг эрс багасгах боломжтой боллоо.

 Иргэдийн хүнсний хэрэглээнд зонхилох байр эзэлдэг мах, махан бүтээгдэхүүний үнэ оны эхний саруудынхыг бодвол буурч байна. Гэхдээ, энэ нь санаа амарч тайвшрах үндэслэл биш ээ. Хөдөлмөрчдийг үе үе бухимдуулдаг махны үнийн гэнэтийн өсөлтийн шалтгаан нь нөөцийг урьдчилан бүрдүүлэх боломжийг алдсантай холбоотой. Энэ бол зах зээлийн мэдрэмж, ажлын зохион байгуулалт дутсаны тодорхой нэг жишээ юм. Зөвхөн мах ч биш цаашдаа үр тариа, гурилын хомсдол гаргахгүй байх талаар урьдаас бодож сайтар зохион байгуулж чадвал ийм бэрхшээлийг дахин давтахгүй байх боломжтой. Эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх бодлогыг бид тууштай явуулах хэрэгтэй байна.

Бүс нутгууд дахь үйлдвэрлэлийн парк, Сайншанд, Дорнод нутгийн үүц болсон газрын тос, уран, цайр, тугалга, алт, Говийн бүсийн зэс, нүүрс зэрэг баялагыг эргэлтэд оруулж үйлдвэрийн цогцолборуудыг нэн даруй эхлүүлнэ гэж бид Засгийн газартаа ихээхэн найдаж байдаг аа. Засгийн газар өргөн цар хүрээтэй ийм хөтөлбөр, төсөл, бодлогуудыг Улсын Их Хурлаар батлуулсан юм.

Хөгжил дэвшилд мэдэгдэхүйц ахиц авчрах стратегийн бүтээн байгуулалтыг аль болох Монголын бизнес эрхлэгчид, иргэдэд өгөөжтэй байлгах нь нэн чухал. Ингэснээр эх орны хувийн хэвшлийнхний чадавхи улам хүчирхэгжинэ.

Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн болон Засгийн газрын байгууллагуудын хамтын нэгдмэл үйл ажиллагаа нэн чухал байна. Газар, байгалийн баялаг, эх орон, ажил үйлсийнхээ жинхэнэ эзэн нь байя, өөрсдөө хийж бүтээе, ажиллая, ирээдүй байна гэсэн иргэд, иргэний нийгмийн бүтээлч сэтгэлгээг дэмжиж байна. Монголчууд та бидний мэргэн ухаан, ур чадвар, ажилд хандах хандлага онцгой ач холбогдолтой бөгөөд чухамдаа бүх зүйл өөрсдөөс маань шалтгаалахаар байна.

Монголын мал аж ахуй биднийг үеийн үед тэжээж байх эдийн засгийн үндсэн салбарын нэг хэвээр байх болно. Мал аж ахуй, түүнийг баримжаалан хөгждөг хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар, газар тариалан, орон нутгийн хийгээд өрхийн үйлдвэрлэл, ардын урлал, оёдол, фермерийн аж ахуй, аялал жуулчлал Улсын Их Хурлын анхааралд байх болно. Эдгээр салбарт манай орны ажлын чадвартай хүний 80-аад хувь ажиллаж, амьдарч байна.

Ажлын байр бий болгох үндэс нь орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах явдал гэж үзээд сүүлийн хоёр жил дараалан жил бүр 30 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулахаар хуульчилсан. Зөвхөн аймгийн төвөөр хязгаарлалгүй сумдад ажлын байр, хөгжлийг дэмжих сан бий болгохоор Улсын Их Хурлын гишүүд санаачлага гаргах боллоо.

 Монголд гурван хүн тутмын нэг нь эрдэмд суралцан оюуны салбарт хүчээ сорьж байна. Жил бүр 50 мянга гаруй зургаан настай хүүхдүүд сургуульд орох болов. Боловсрол, мэдлэгт зарах хөрөнгө хагас их наядад хүрэх болсон нь урьд хожид байгаагүй өндөр үзүүлэлт. Оюунлаг Монгол болохын тулд ирээдүйнхээ төлөө ийнхүү ажиллаж байгаагаараа бид бахархах ёстой. 165 мянган оюутан их, дээд сургуульд суралцаж, 45 мянган мэргэжилтэй ажилтныг улсын шууд зардлаар сургаж байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг эндээс эхэлж байгааг та бүхэн бэлхнээ харж байгаа байх аа.

 Цалин, тэтгэврийг 30 хувь нэмэх нь нийгмийн хамгааллын асуудлыг зөвхөн хөнгөвчилж байгаа болохоос нийгмийн томоохон бэрхшээл болсон ажилгүйдэл, ядуу зүдүү байдлыг гэтэлж байгаа хэрэг хараахан биш гэдэг нь ойлгомжтой. Сонгогчдод амласан 1,5 сая төгрөгийг 2012 оны эхний хагас жилд буюу сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд өгч дууссан байхаар тооцон, 2011 оны төсвөөр энэ асуудлыг үндсэнд нь шийдвэрлэх боломжийг хангах хэрэгтэй байна. Эрхэм гишүүдээ! Багагүй хүндрэл бэрхшээлтэй хэдий ч энэ амлалтыг биелүүлэхийн төлөө ажиллацгаая. Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөр хийх, иргэдийн өнөөгийн бодит амьдралд тодорхой тус дэм үзүүлэхүйц хэлбэрээр уг ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Амьдарлын үнэхээр хүндрэлтэй иргэдийн амьжиргааг дэмжихэд мөнгөн хэлбэрээр туслах, олон хүүхэдтэй нийгмийн эмзэг хэсэгт үзүүлэх үйлчилгээнд анхаарах нь бидний санаа зовох зүйл төдийгүй, шууд үүрэг билээ. Бид бүхнээс бүтээлч, уйгагүй хөдөлмөр, ажлын нягт зохион байгуулалтыг иргэд хүлээж байгаа. 

 Дутагдал бэрхшээлийг давж урагшаа ахиулан харвал эх орны дүр төрх өөдрөг байгааг дээр миний хэлсэн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээс мэдэж болно. Гэвч ажилд багагүй дутагдал байгааг хэлэхгүй байж болохгүй. Засаж залруулахыг бодох, хичээх шаардлага их байна. Манай оронд хууль хэрэгжүүлэх ажилд үлэмжхэн дутагдал оршиж байна. Нэлээд тохиолдолд хэрэгжүүлэх үйл явц өөрөө иргэдэд ойлгомжгүй, үнэндээ зарим тохиолдолд буруу арга, муйхар шаардлагаар хуулийн хэрэгжилтийг хангуулах гэсэн явуургүй арга барил ажиглагдаж байна. Нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхийн оронд тайлбар тавьж, аливаа бэрхшээл дутагдлыг гарсан, “гараагүй” хуулиудад тохох гэж оролдож байна. Хуулийг хэрэгжүүлэхгүй байх, санаатайгаар хүчгүйдүүлэх гэсэн илрэл ч гарах болов. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж эрх зүйт төрийг төлөвшүүлэхийн тулд бид хуульд захирагдах ёстой. Хяналт муу тавьж байгаа учраас хэрэгжихгүй, хэрэгжүүлэхгүй гэсэн ойлголт байх ёсгүй. Хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг л гүйцэтгэх засаглал хэмээн ойлгоно. Хуулийн хэрэгжилт төрийн бүх шатны байгууллага, ард иргэд, сонгогчдын хамтын хүчин чармайлтаар хангагдана.

 Зөвшөөрөл, лиценз, газар, байгаль экологитой холбоотой иргэдийн маргаан тэмцэл, тэдний тавьсан шаардлага хангагдахгүй байгаа, шудрага бус байдлаар ханддагыг зогсоох ёстой. Авилга, шудрага бус байдал газар авсан, төр захиргааны зарим ажилтаны иргэдэд хайнга ханддаг, ихэрхсэн үйл ажиллагаа, өөрсдийгөө илүү бөөцийлж иргэдийн ажил үйлсэд ёс төдий ханддаг явдал байсаар байна. Архидан согтуурах, гэмт хэрэг, зөрчил иргэдийн сэтгэлийг зовоох боллоо. Энэ бүхэн дээр суурилсан нийгмийн дургүйцэл бухимдал байгааг нуух аргагүй. Харин ч бид дүгнэлт хийж ажиллах ёстой. Улс төрийн хяналтын механизмыг улам чангатгахын зэрэгцээ төрийн бүх шатны байгууллагын албан хаагчдын хувийн санаачлага, чармайлт, ухамсар, хариуцлага нэн чухал байгааг энд тэмдэглэе.

 Эрхэм гишүүд ээ, та бүхэн сонгогчидтойгоо уулзаж, ажил амьдралтай нь танилцаж, иргэдийнхээ санал бодлыг сонсож, боловсруулах бодлого, хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудынхаа тухайд тодорхой бэлтгэлтэй болсон байх аа. Миний бие саяхан Дорнод Монголын их тал, баруун хязгаарын зарим аймаг, сумдад ажиллалаа. Сурч боловсрох, намрын ургац хураах, хадлан өвс бэлдэх, өвлийн бэлтгэл хангах гээд хүн бүр завгүй, эрмүүн хөдөлмөрлөж байгаа нь харагдав. Зуншлага энэ зун ихэнх нутгаар тааламжтай, малчдын сэтгэл хангалуун байна. Энэ бол намрын өнгө байж болох ч бас амьдрал дээрх бодит байдал мөн.

 Олон нийтийн зүгээс хурц хурц шүүмжлэл гарч, шаардлага өндөр тавих болсон нь бүтээн байгуулалтын ажил цар хүрээгээ тэлж, шийдвэрлэх асуудал олширон, хөгжлийн хурдыг түргэтгэх гэсэн нийгмийн өрнүүн сэтгэлгээтэй холбоотой юм. Шүүмжлэл, шаардлага нь хууль тогтоох үйл ажиллагаандаа оновчтой бодлого боловсруулах, ур ухаан гарган ажиллахыг бидэнд бас анхааруулж буй хэрэг ээ.
 Улсын Их Хурал энэ намрын чуулганаар сонгуулийн хуулийг шинэчилсэн найруулгаар  батлах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн журмын хууль, халамжийн болон даатгалын, эрүүл мэндийн, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон бодлого, эрх зүйн баримт бичгүүд дээр ажиллах болно. Өнгөрсөн чуулгануудаар бид улс орны амьдралд нэн чухал ач холбогдолтой Оюу толгой, Тавантолгойн ордыг ашиглах, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, “Монгол мал”, “Шинэ бүтээн байгуулалт”, Төмөр замын талаар баримтлах бодлого зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэн, улс орноо санхүү эдийн засгийг хямралаас гэтэлгэн, бүтээн байгуулалтын олон ажлыг эхлүүлсэн билээ. Өнөөгийн Улсын Их Хурал, түүний гишүүд бид хамгийн өгөөжтэй, түүхэн чухал бодлого шийдэлд хүргэх цар хүрээтэй ажлын эхлэлийг тавьж байна, тавих ч ёстой. Энэ бүхэн маань ирээдүйд үлэмжхэн үр дүнд хүрэх болно гэдэгт итгэлтэй байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганыг нээснийг мэдэгдье.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж