Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Олон улсын болон Монголын ахмадын өдөр 10-р сарын 1-нийг тохиолдуулан хийсэн, бүтээснээрээ хойч үедээ үлгэр дууриал болсон ахмадууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монголчууд эрт үеэс ахмад настнууддаа хишиг буян, хайр хүндэтгэлээ үзүүлж үг, сургаалыг  нь сонсож ирсэн сайхан уламжлалтай.

Ажил амьдралын арвин их туршлагатай ахмад буурлууд Та бүхэн бол  манай нийгмийн хамгийн хүндтэй  хүмүүс юм.  Монгол орны залуу хүн бүр ахмадуудаараа цаг ямагт бахархдаг байх ёстой.  Ахмад настнуудынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, сэтгэл санааг өөдрөг сайхан байлгахад чиглэсэн  олон ажлыг өнөөгийн төр, засгаас хийж хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие ямагт анхаарч ирсэн цаашдаа ч анхаарах болно.

Эх орны маань нийгэм, эдийн засаг түргэн хурдацтай хөгжих сайхан хэтийн төлөв харагдаж буй энэ үед ахмад настнууддаа тавих төр, засгийн анхаарал халамж улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай ахмадууд маань хийж бүтээсэн гээд гар хумхин суудаг хүмүүс биш билээ. Чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, төр засгийн бодлого, санаачилгыг дэмжин хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мод бут тарьж, амьдарч буй орчноо тохижуулах гээд олон ажлыг зохион байгуулж, өргөн мэдлэг, арвин туршлага, ажлын эв дүй,  ур чадвараа  өвлүүлэхээр хичээн зүтгэж байдагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд машид талархдаг.

Ахмадууд Та бүхэн манай нийгмийн хамгийн идэвхтэй, туршлагатай хэсгийн хувьд улс орныхоо амьдралд буурь суурьтай, цэцэн цэлмэг ухаанаар хандан цаашид ч үнэтэй хувь нэмрээ оруулж байна гэдэгт итгэж байна.

Буянт буурлууд Та бүхэндээ аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                       Ц.ЭЛБЭГДОРЖ

Улаанбаатар хот.
2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж