Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сар бүрийн эхний даваа гаригийг “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байхаар зарласан. Ирэх сарын эхний даваа гариг буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нэгэн өвөрмөц хэлбэрээр зохион байгуулах юм байна. Эл өдөр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчдыг нэг өдрийн турш эмч, эмнэлгийг ажилтан болгон ажлаа танилцуулахаар тус газрынхан шийдсэн байна. Нээлттэй хаалганы өдөрт оролцох сэтгүүлчдийг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл бүртгэх бөгөөд тухайн өдөр сэтгүүлчид эмч, сувилагч, ээлжийн ажилтнуудын үүргийг гүйцэтгэх ажээ. Мөн өдөр үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн санал хүсэлтийг сонсох, сурвалжлах эрхийг нь нээлттэй үлдээх гэнэ. Сэтгүүлчдийг нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүд, Нэгдсэн эмнэлгүүд, Төрөх эмнэлгүүд, Тосгоны эмнэлгүүд, Хүүхдийн клиник сувилал, Яаралтай тусламжийн төв, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, Наркологийн эмнэлэг, “Энэрэл” эмнэлэг, өрхийн эмнэлгүүдэд ажиллуулах ажээ. Энэхүү сонирхолтой өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр тохиодог Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан зохион байгуулж байгаа юм байна.
Д.Цээпил