УИХ-д шаардлага хүргүүлэхээр цуглаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

УИХ-д шаардлага хүргүүлэхээр цуглаж байна

Өнөөдөр байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг ТББ нэгдэн Сүхбаатарын талбай дээр  эсэргүүцлийн жагсаал хийхээр  цуглаж байгаа аж. Тэд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт өнөөдрийг хүртэл биелэхгүй байна.  Тиймээс  чуулганы нээлтийн үеэр Төрийн ордны гадна жагсаал хийж, УИХ-ын гишүүдэд шаардлагаа хүргүүлэх юм байна. Энэхүү хуулийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтран бүтэн жил хөөцөлдсөний эцэст өнгөрсөн оны долдугаар сарын 16-нд УИХ-аар батлуулсан юм. Гэсэн ч хуулийг хэрэгжүүлэх ёстой Засгийн газар энэ тал дээр хөшүүн хандсанаас уг хууль зөвхөн цаасан дээр үлдээд байгаа. Иймээс хуулийн хэрэгжилтийг түргэсгэж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин байгаль орчныг сүйтгэж байгаа уул уурхайн компаниудад анхаарлаа хандуулахыг Иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс шаардаж байгаа аж.

Дашрамд дуулгахад, Монгол орны нийт газар нутгийн 17 хүрэхгүй хувь нь тусгай хамгаалалтад хамрагдаж, харин 30 гаруй хувь нь ашигт малтмалын 5000 гаруй тусгай зөвшөөрлийн барьцаанд байна. Мөн гол мөрөн, нуур цөөрөм хэдэн мянгаараа ширгэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөсөө илүү уул уурхайн замбараагүй олборлолттой шууд хамааралтай гэж ТББ-ынхан үзэж байгаа юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж