Засаг даргын нэрэмжит сорил явуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Засаг даргын нэрэмжит сорил явуулна

Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар,
Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран Ерөнхий боловсролын
сургуулийн сурагчдын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох
сорил тэмцээнийг 2003 оноос хойш 7-17 насны ангилалаар 3 үе шаттай
зохион байгуулж ирсэн юм. Харин 2005 оноос энэхүү тэмцээнийг Нийслэлийн
Засаг даргын нэрэмжит болгон явуулж байгаа юм. Үүний үр дүнд сорил
тестийн үр дүнг тооцож нэгтгэх, бие бялдрын түвшний нэгдсэн мэдээллийн
сан байгуулж, хяналтын карттай болгох ажлыг амжилттай үргэлжлүүлж байгаа
ажээ. Тэгвэл энэ жилийн сорилын хүрээн дэх нийслэлийн шигшээ тэмцээний
нээлтийн ажиллагаа маргааш 14:00 цагаас Баянзүрх дүүргийн 97 дугаар
сургуульд болох бол хаалтын ажиллагаа аравдугаар сарын 02-ны өдрийн
13:00 цагт их жанжин Д.Сүхбаатарын талбайд тус тус болох ажээ.

 Дашрамд сонирхуулахад, уг сорилын хүрээнд нийслэлийн шигшээ тэмцээнд
жил бүр Нийслэлийн дүүргээс шалгарсан 40-50 сургуулийн 460-600 сурагч
оролцдог байна. Энэ удаагийн тэмцээн 2010-2011 онд зохион байгуулах
сургалт, хүмүүжлийн ажлын хүрээнд биеийн тамирын салбарыг сурталчлах
“Биеийн тамир бүх нийтийн үйлс” сэдэвт нээлттэй хаалганы өдрийн үйл
ажиллагаатай давхцаж байгаагаараа онцлогтой юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж