П.Сэрдамба Монголын багийг ахална

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба Монголын багийг ахална


Дэлхийн оюутын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчдын нэрсийг өнөөдөр албан ёсоор зарлалаа. Ирэх сарын 4-нд Спортын төв ордонд эхлэх боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийг төлөөлж олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба 49 кг-д, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-д, дэлхийн оюутны аваргын мөнгөн медальт Э.Идэрхүү 56 кг-д, олон улсын тэмцээнүүдийн аварга Д.Отгондалай 60 кг-д, Ази тивийн аваргын мөнгөн медальт Б.Түвшинбат 64 кг-д, ОУХМ Л.Шинэтулга 69 кг-д, ОУХМ Н.Шинэбаяр 75 кг-д,  ОУХМ С.Эрдэнэбаяр 81 кг-д,  Г.Эрболат -91 кг-д,  Д.Идэрбат +91кг дээш жинд  тус тус хүч үзэхээр болжээ. Тамирчдыг оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн болон олон улс, дотоодын бусад сорилт тэмцээн, бэлтгэл сургалтад хамрагдсан байдал, бэлтгэлжилтийн одоогийн төвшин зэргийг харгалзан, Дасгалжуулагчдын зөвлөл, Монголын олимпийн боксын холбооны саналыг үндэслэн сонгожээ.

Монголын оюутны боксын шигшээ багийн тамирчид өнгөрсөн саруудад 45 хоногийн хугацаагаар Эрдэнэт УБҮ-ийн амралтын төв, 21 хоногийн хугацаанд БНХАУ-ын Хөх хотод бэлтгэл хийгээд гурав хоногийн өмнө эх орондоо иржээ. Манай тамирчид одоогоор Спортын төв ордоны дэргэдэх “Спорт цогцолбор” зочид буудалд байрлан, бэлтгэлээ базааж байгаа бөгөөд аравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гадаадын баг тамирчидтай нэгдэн, “Баянгол” зочид буудалд байрлах ажээ. Монголын оюутны багийн бэлтгэлийг хангахад Эрдэнэт УБҮйлдвэр, тэмцээний ЗБХороо, БТСГазар, Нийслэлийн ЗДТГазар гүн туслалцаа үзүүлэн, зохих зардлыг санхүүжүүлсэн байна.

Тамирчдыг манлайлах, тэмцээнд амжилтай оролцох үүргийг багийн ахлагч, дэлхийн аварга Ц.Сэрдамба хариуцах бол Монголын төлөөлөгчдийн ахлагчаар  МОБХ-ны ерөнхийлөгч Д.Цогбаатар, орлогчоор МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Батэрдэнэ, ахлах дасгалжуулагчаар ардын багш Д. Банди, дасгалжуулагчаар Д.Ганзориг, Д.Батсүрэн нарыг тус тус МОСХолбооноос томилсон шийдвэрээ гаргажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж