Улсын онцгой комисс Хэнтий аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Улсын онцгой комисс Хэнтий аймагт ажиллаж байна

Улсын онцгой комиссын гишүүд Хэнтий аймагт өнөөдөр ажиллаж байна. Дорнод, Сүхбаатар аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Хэнтий аймгийн Засаг дарга урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 удаа захирамж гаргаж хорио цээр хязгаарлалтын дэглэмийг чангатгаж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна. Одоогийн байдлаар Норовлин, Баянхутаг, Галшар, Батноров, Хэрлэн сум, Бор-Өндөр хотод нийт 12 пост, 26 хөдөлгөөнт эргүүлд нийтдээ 72 хүн ажиллаж байна. Хорио цээр хязгаарлалтын дэглэмийг чангатгах тухай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Батноров, Норовлин, Баянхутаг, Баян-Овоо, Галшар сумдаас Өндөрхаан хот болон бусад аймаг, нийслэл, сум, дүүрэгт мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг түр хугацаагаар нэвтрүүлэхийг хориглоод байна. Мөн зээрийн шилжилт хөдөлгөөнд тандалт хийх, зээрнээс дээж авах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагуудаас 2 ажлын хэсэг гарч ажиллаж байна. Мал эмнэлгийн албанаас ариутгал халдваргүйтгэлийн автомашинтай эмч нар дээрх сумдын 79 өрхийн хашаа саравч, өтөг бууцанд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Мөн 17 сум, 5 тосгоны нийт 6580 өрхийн 2,3 сая малд үзлэг хийж, шүлхий өвчний сэжигтэй мал илрээгүй байна. Тус аймагт энэ онд ой хээрийн түймэр 1 удаа, галзуу өвчний дуудлага 13 удаа тус тус бүртгэгдсэн байна. Өнгөрөгч хавраас зуны хооронд тус аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дархан сумдад галзуу өвчний 13 голомт гарч уг голомтонд 13 мал ан амьтан малын халдварт галзуу өвчнөөр өвчилсөн ба шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд уг өвчнийг газар авахуулалгүй голомтонд нь устгасан юм. Энэ үед голомтын ойр орчмын 124 өрхийн 23200 мал, амьтанд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийсэн ба одоо уг ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 7 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.

И.Байгальмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж