Ерөнхийлөгч үг хэлэхгүй байх

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч үг хэлэхгүй байх

УИХ-ын намрын чуулганы нээлт маргааш болох гэж байна. Түүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхгүй гэсэн мэдээлэл чих дэлсэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгатай товч ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч чуулган бүрийн нээлт дээр үг хэлдэг. Маргааш намрын чуулганы нээлт дээр хэлэх үгийг нь бэлэн болгочихсон уу?

-Ерөнхийлөгч энэ удаа үг хэлэхгүй байх аа.

-Ямар шалтгаанаар тэгж шийдсэн юм бол. Уг нь Ерөнхийлөгч үг хэлдэг нь уламжлал болсон зүйл шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлэх үгийг бэлтгээгүй байна гэж ойлгож болох уу?

– Олон нийт мэднэ дээ, Ерөнхийлөгч хэлэх үгээ өөрөө л бичдэг, хүний бэлтгэсэн үг уншдаггүй хүн. Ер нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үгийг бэлтгэнэ гэдэг хэцүү. Бид шаардлагатай тохиолдолд л санал бодлоо хэлдэг.

-УИХ-ын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намын бүлгийн дарга нар үг хэлдэг уламжлал тогтоод удсан болохоор асууж байна л даа?

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог. Та бүхэн мэднэ,  өнгөрсөн жил л гэхэд УИХ-ын чуулганы нээлтээс гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийн үеэр төсөвтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж байсан. Мөн  цаазаар авах ялыг түдгэлзүүлэхтэй холбоотой үг хэлсэн. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганд үг хэлж, Үндэсний аюулгүй байдлгын талаар  дэлгэрэнгүй мэдээлэл хийж байсан гээд шаардлагатай тохиолдолд үг хэлж, байр сууриа илэрхийлдэг.

-Таныг ингэж хэлж байх зуур Ерөнхийлөгч үгээ хэлэхээр зэхэж байгаа юм биш биз?

-Үгүй байх аа. Санаачилсан олон асуудал нь УИХ,  Засгийн газрын төвшинд хүлээгдэж байгаа. “Тэдгээрийн шийдлийг харья даа” гэсэн байр суурьтай байх шиг байсан. Тэгээд ч  та бүхэн санаж байгаа бол “Чуулганы нээлт бүр дээр үг хэлээд байх бодолгүй байна. Хэлж дэвшүүлж байгаа саналуудыг цаг тухайд нь түргэн шуурхай шийдэж байхыг хүсч байна” гэж өнгөрсөн жил үг хэлэхдээ хэлсэн.

-Ерөнхийлөгчийн санаачилсан ямар асуудлыг УИХ, Засгийн газар шийдэлгүй удаагаад байгаа вэ?

-Тухайлбал, Эрүүгийн хуулийн  авлигатай холбоотой заалтад өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ-д өргөн бариад удаж байна. Мөн Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал удаж байгаа. Оюутны тэтгэлгийн асуудал гэхэд л Засгийн газар дээр нэлээд цаг алдлаа гээд олон асуудал бий.

-Тэгвэл энэ намрын чуулганы хугацаанд Ерөнхийлөгч үг хэлэхгүй нь гэж ойлгож болох уу?

-Тийм биш л дээ. Нээлт дээр л гэж хэллээ шүү дээ. Мэдээж шаардлагатай гэж үзвэл үг хэлнэ. Намрын чуулган хуралдах хугацаанд наад зах нь 75 ажлын өдөр байгаа. Ерөнхийлөгчийн хувьд  тэдгээрт оролцож үг хэлэх эрх нь Үндсэн хуулиар нээлттэй. Ер нь чуулганы нээлт бол  УИХ-ын хуралдааны ажлын ердийн нэг л өдөр шүү дээ.

-Эцэст нь нэг зүйл асууя. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцтай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ хүн харьяалагддаг уу?

-Зарим хэвлэлд бичсэн шиг Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн ажлын албаны даргыг томилдоггүй, энэ бол манай Тамгын газарт харьяалагддаг албан тушаал биш. Түүний хувьд өмнө нь тодорхой албан тушаал хашиж байсан хүмүүсийн алдаанаас болж хэлмэгдэж байгаа юм байна гэсэн хувийн ойлголтой байгаа шүү.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж