Илюмжинов ерөнхийлөгчөө өгөөд ерөнхийлөгч болов

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Илюмжинов ерөнхийлөгчөө өгөөд ерөнхийлөгч болов

Кирсан Илюмжинов. Фото: "Лента.Ру"

Кирсан Илюмжинов Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) ерөнхийлөгчөөр дахин сонгогдов. Сонгууль Ханты-Мансийскт болж,  Илюмжинов өрсөлдөгчөөсөө илт давуутайгаар ялав. Илюмжиновтой энэ тушаалд дэлхийн шатрын 12 дахь удаагийн аварга Анатолий Карпов өрсөлдөж, түүнийг Гарри Каспаров дэмжиж байлаа.
Сонгуулийн өмнө Каспаров эрс мэдэгдэл хийж сонгуулийг хууль бус гэж зарласан байна. Танхимд үймээн үүсч хуралдаан 30 минутаар тасарчээ. Дараа нь Илюмжинов Карповын командад буулт хийж саналын хуудас тоолсон комиссийн хоёр хүнийг сольсон байлаа.
Үүний дараа Илюмжинов Карпов хоёр хөтөлбөрөө танилцуулсан ба дараа нь санал хураалт явагдлаа. РИА Новости агентлагийн мэдээгээр Илюмжиновыг 95 хүн дэмжиж, Карповын төлөө 65 хүн санал өгсөн байв. Гурван хүн түтгэлзэж, саналын хоёр хуудсыг хүчингүйд тооцлоо.
Карпов ФИДЕ-гийн ерөнхийлөгчөөр нэрээ дэвшүүлэх хүслээ өнгөрсөн гуравдугаар сард илэрхийлсэн бөгөөд дараа нь уг байгууллагыг авлигад идэгдсэн гэж шүүмжилсэн байв. Илюмжинов Карповтай шүүхээр зарга үүсгэжээ. Хожим Карпов, Каспаров хоёр Лозанна дахь Спортын арбитрийн шүүхэд өргөдөл гарган Илюмжиновыг Шатрын холбооны ерөнхийлөгчөөр дэвшүүлэх нь хууль бус гэсэн боловч шүүх Илюмжиновын талд шийдвэрээ гаргаснаас Кирсан Илюмжинов улс төрд Халимагийн ерөнхийлөгчөөс огцроод байсан ч спортод шатрын ерөнхийлөгчөөрөө дахин сонгогдлоо. Гэхдээ сонгуулийн дүнг батлах үеэр Карпов, Каспаров хоёр дахин шүүхэд хандаж магадгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж