
Б.Хурц хашиж байсан албан тушаалаараа ч, хувь хүн талаасаа ч сонирхол татах фигур. АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн “хорхойтой“ араанд зуугдаж, дөрвөн сар дарамтлуулсан ч “АТГ улс төрийн залхаан цээрлүүлэх, шантаажлах байгууллага болжээ” гэж мэдэгдсэн зоригтой эр. Гэвч АТГ-ын дарга мөчөөгөө өгөлгүй хөрөнгө, орлогоо нуусан гэх шалтгаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг эл асуудалд татан оролцуулсан.
“Гааль”-ийн Х.Баатарт холбогдох хэргийг илрүүлж, “Аалзны тор“ хэмээх авлигын сүлжээг задлахад багагүй хувь нэмэр оруулсан Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын алба, МИАТ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг нэртэйгээ адил хурц албан тушаал хашиж ирсэн билээ. Тийм ч учраас түүний талаарх мэдээллүүд хурц байдаг.
Б.Хурц зах зээл эхлэх үед УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай хамт хил дамнан гахай үүрч, ноолууран цамцны бизнес эрхэлж байсан нь түүний намтарт бий. Түүнийг ойр дотныхон нь “Чамгүй өндөр боловсролтой, жинхэнэ чекист эр“ гэдэг юм билээ.
Б.Цэцэгдэлгэр
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин