Сурах бичгийн санхүүжилтийг удаашруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Сурах бичгийн санхүүжилтийг удаашруулжээ

МОНГОЛ ХЭЛ, МАТЕМАТИКИЙН СУРАХ БИЧИГГҮЙГЭЭР ХИЧЭЭЛЭЭ ЯВУУЛЖ БАЙНА

Ерөнхий боловсролын сур­гуулиуд 12 жилийн тогтол­цоонд уван цуван шилжиж байгаагаас үүдэн сурах бичиг зо­хиож, хэвлэж, түгээдэг бэрх ажилтай болоод байгаа билээ. Гэхдээ бэрх ажил бай­лаа гээд сурагчдаа номгүй ши­рээнд суулгаж болохгүй л баймаар. Энэ хичээлийн жилд 12 жилийн тогтолцоонд шилжиж буй анхны гу­рав болон наймдугаар анги­тай болж байгаа бөгөөд үүнийг дагаад сурах бичгийн ши­нэчлэл хийх шаардлага гарсан. Гэтэл есдүгээр са­рын 1-нд хүүхдүүд сурах бичиггүйгээр монгол хэл, ма­тематикаа заалгасан аж. Багш нар нь ч удахгүй хэв­лэг­дэнэ гэж найдаад хэд хоног аргалахаас аргагүйд хүрчээ. Уг нь энэ  сарын 20-ноос хэтрүүлэлгүй сурах бич­гүү­дийг хүлээлгэж өгнө гэж байсан хэмээн багш нар ярьж байна. Гэтэл өнөөдрөөр энэ сар дуусч байхад сурах бичгүүүдээ сурагчид бүрэн аваагүй л байгаа юм. Сурах бичиггүй байна гэдэг нь сурагч хичээлээ ойлгохгүй, гэртээ хариад даалгавраа хийж чадахгүй байх шалт­гаан болно. Тиймээс өнөөд­рийг хүртэл багш нар аргал­лаа. Дахиад хэд хоног арга­лах нь тодорхойгүй бай­на. Зарим сургууль хуу­чин сурах бичиг ашиглаж, со­нины хайчилбар дээр дасгал ажлаа хийж байна гэх мэдээлэл ч байна. Үүнд холбогдох газруудын хойр­го шийдвэр нөлөөлсөн хэ­рэг. Улсын хэмжээнд нийт сурах бичгийг есдүгээр са­рын 1-­нээс өмнө хэвлэж, ний­лүүлэх ёстой. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлдгийг бүгд мэднэ шүү дээ. Энэ жил дээрх сурах бич­­гийн санхүүг шийдэж хэв­лэх зөвшөөрлийг Сангийн яам, Азийн хөгжлийн банк өгөх байж. Гэтэл Сангийн яам хичээлийн шинэ жил эхлэхээс ганц­­хан хоногийн өмнө буюу найм­дугаар сарын 31-ний өдөр энэхүү зөвшөөрлийг өг­сөн байх юм. Тиймээс энэ удаашралыг нь дагаад хэв­лэлийн компанитай хийх гэрээ, хэвлэх ажил нь хүртэл оройтжээ. Мөн Азийн хөгжлийн банк хэдий тус­ламжаар хэвлэн өгч бай­гаа ч хэвлэх зөвшөөрлөө харь­цангуй хожуу буюу есдүгээр сарын 1-ний өдөр өгсөн аж. Тиймээс шилжилтийн хоёр ангийн ном хэвлэлтээс гарах гэж цаг алдсаар байна. Сурах бичгийн энэхүү түвэг­тэй асуудлын талаар бид БСШУЯ-ны Ерөнхий боловс­ролын газраас тодруулахад “Энэ жил бид сурах бичиг хэвлэх нэлээд ажилтай бай­сан. Нэг, хоёрдугаар ангийн сурах бичгийг ч шинэчилж, нөхөн хэвлэсэн. Жишээ нь, нэгдүгээр ангийн 45 мянга гаруй хүүхдэд 46600 сурах бичиг хэвлэж түгээсэн. Харин шилжилтийн гурав, наймдугаар ангиудын хувьд цөөн хэдэн ном очоогүй бай­гаа нь үнэн. Гэхдээ ирэх сарын 4-нөөс эхлэн тарааж худалдаанд ч гаргана. Мөн сурах бичгийг үнэгүй та­раадаг болсноос хойш эдэлгээ нь мууд­­сан. Урж тасддаг, ашиглах бо­ломжгүй болтол нь бал­ладаг байдал их гарч байна. Тиймээс өмнөх жил хэвлэсэн сурах бичгийнхээ 15-20 ху­вийг дахин хэвлэсэн”  хэмээн ярьсан юм.

ХҮРЭЛЦЭЭ МУУГААС ХИЧЭЭЛ ЯВУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

Нийслэлийн тавдугаар сур­гуу­лиар ороход нийгмийн ажилтан болон номын санч нь сурах бичгийн хүрэлцээ тааруухан байгаа. Ер нь бүх л сургуулиар тийм байгаа юм биш үү гэсэн хариултаар угтан авсан юм. Бид наймдугаар ангийн хоёр бүлгээр ороход сурагчид нь ном хүрэлцэхгүй байгааг нуулгүй хэлж байлаа. Тэгээд ч хүрэлцэхгүй байгаа номоо авъя гэхээр худалдаанд ч гараагүй байна гэсэн юм. Биднийг ороход тэрхүү ангид Нийгэм судлалын хичээл орж байлаа. “Битпресс” хэв­лэ­лийн үйлдвэрт шинээр хэв­лэсэн сурах бичиг байлаа. Зөв­хөн энэ ном гэхэд л тус ангид аравхан ширхэг иржээ. БСШУЯ-аас наймдугаар ан­гийн сурагчдыг сурах бич­гээр 40 хувь хангах ёстой аж. Гэтэл 40 хувьдаа хүрэх­гүй тооны сурах бич­гийг өгч, аманд ч үгүй, хамарт ч үгүй байдалд оруулж бай­на. Дөчин хувийг хангаад үлд­сэн хувь нь өөрсдөө ху­дал­даж авдаг. Гэтэл худалдаанд байхгүй номыг яах билээ дээ. Хүрэлцэхгүй сурах бичигтэйгээр хичээл явуу­ла­хад ямар байгаа талаар тус сургуулийн Нийгэм судлалын хичээлийн багш Ч.Баттулга, “Одоо энэ ангид гур­ван ширээний дунд нэг ном байна. Урагшаа, хойшоо харж суугаад хичээллэх хэ­цүү шүү дээ. Ер нь манай сур­гуу­лийн бүх ангиуд иймэрхүү тооны номтой бай­гаа. Нэмнэ л гэдэг нэмж өг­сөн юм байдаггүй юм. Ядаж худалдаанд байвал хүүхдүүд өөрс­дөө худалдаж аваад хичээ­лээ хийчихнэ. Хичээл эхэлс­нээс хойш би нэг ч удаа гэ­рийн даалгавар өгөөгүй. Су­рах бичиг байхгүй юм чинь яаж хийх вэ дээ” хэмээн ярьж байна.

Ийнхүү хожуу эхэлсэн хэв­лэх ажлаас болж бүтэн сар болж байхад сурах бич­гийн хүрэлцээ бүрэн шийдэг­дээгүй байна. Мөн холбогдох яамнаас бага ангийн сурагч­дад сурах бичгийг үнэгүй та­рааж 80-100 хувь хангана гэж журамласаар байтал багш нар нь номны мөнгө нэхдэг байдлыг анхаараасай.

Ямар ч байсан ерөнхий боловсролын дунд сургуулиудтай холбоотой олон асуудлын нэг болох сурах бичгийн хүрэл­цээ, нийлүүлэлтэд анхаарахгүй бол ирэх жил энэ асуудал дав­тагдахгүй гэх газаргүй.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж