
МҮЭХ-ныхон ямар байр суурьтай байгааг Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Отгонтунгалагаас тодрууллаа.
-Маргаашнаас эхлэн төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 30 хувиар нэмэхээр болсон. Гэтэл хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй болон тэтгэврийн зээлтэй иргэд нэмэгдлээ ирэх оноос авна гэх юм?
-Одоохондоо ийм мэдээлэл манайд ирээгүй байна. Хэрэв тийм бол энэ байж болохгүй асуудал шүү дээ. Тэртэй тэргүй Төсвийн тодотголын тухай хуулиар төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зориулан 78 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн. Энэ мөнгө Нийгмийн даатгалын санд орчихсон байхад ямар нэгэн байдлаар иргэдийг ялгаварлан гадуурхсан тохиолдол гаргаж болохгүй. Тэтгэврийн зээл бол банк, иргэн хоёрын хоорондын л асуудал. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам банктай хамтарч ажиллах гээд байгаа л юм биш бол тийм зүйл болох ёсгүй.
-МҮЭХ-ноос цалинг ялгавартай нэмэх ёстой гэсэн санал гаргасан. Энэ асуудал юу болсон бэ?
-Үндсэн цалинг нэмэхэд нэмэгдлүүд нь дагаад нэмэгдэнэ. Цалингийн зөрүүг 2008 онд тодорхой хэмжээнд арилгаж, цалингийн сүлжээний зөрүү дөрвөн бүлэг байсныг 16 болгох жишиг тогтоосон. Харин төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны хуульд заасны дагуу буцалтгүй тусламж авдаг. Энэхүү буцалтгүй тусламжийн хэмжээ гурав дахин ялгаатай байгааг арилгах үүднээс цалингийн ялгавар гэдэг нэр томъёо гарсан. Тухайлбал төрийн жинхэнэ албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 18-36 сарын цалинтай тэнцэх 12-18 сая төгрөг авч байхад үйлчилгээний албан хаагчид 12-18 сарын цалинтай тэнцэх 4-8 сая төгрөг авч байх жишээтэй. Ажил олгогч төр нь ажилчдаа үндслэлгүйгээр ийнхүү ялгаварлан гадуурхах эрхгүй. Энэ бол ердөө ашиг сонирхлын зөрчлийн үүднээс үүссэн асуудал. Учир нь хуулийг Засгийн газрын удирдах албан тушаалтнууд л гаргаж байгаа биз дээ.
Цалин нэмэх тал дээр МАОЭНХ-ны дэд тэргүүн Х.Ганбаатар ямар бодолтой байгааг сонирхож, хувийн хэвшлийнхний цалинг хэзээ нэмэхийг асуусан юм.
-Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг маргаашнаас нэмнэ. Хувийн хэвшлийнхний цалинд ямар хөдөлгөөн орох бол. Гурван талт хэлэлцээрийн үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн гурван талт хэлэлцээрийн үр дүн биеллээ олсон болоод л төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж 30 хувь нэмэгдэж байна. Хувийн хэвшлийнхний цалинг үүн шиг төвлөрсөн байдлаар зохицуулах боломжгүй. Төрийн албан хаагчдын цалин нэмсэн тохиолдолд бизнесийн салбарын цалин дагаад нэмэгдэх ёстой ч хувийн хэвшлийн удирдлагуудад хандаж НХХЯ, МҮЭХ, МАОЭНХ-ноос төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй ижил хэмжээгээр цалингаа нэмэх уриалга гаргахаар болсон. Хувийн хэвшлийнхэн маань дэмжинэ гэдэгт итгэж байгаа.
Харин иргэд ийнхүү ярьж байна.
Өндөр настан Ж.Цагаан:
-Би 87 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гучин хувь нэмбэл тэтгэвэр дээр минь 26100 төгрөг нэмэгдэх тооцоо гарч байгаа юм. Энэ нь манай нэг сарын цахилгааны төлбөр л гэсэн үг. Тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэдгийг хэдэн сарын өмнөөс зарлахаар наймаачид үнээ нэмж, бид маргаашийг л хүлээж суух болчихоод байна шүү дээ. Гурилын үнэ нэмэгдсэн байна. Ингэхээр үр ашиг гарахгүй байх л гэж бодож байна.
Хувиараа бизнес эрхлэгч С.Амар:
-Эгч нь “СОТ2” гэдэг барилга трестэд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Одоо 95 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Ямар сайндаа л төв талбай дээр зураг аваад зогсч байх вэ. Цалин, тэтгэврээр амьдарна гэдэг худлаа юм байна. Өндөр цалин, тэтгэвэр авдаг хүмүүсийнхийг бага хэмжээгээр нэмээд бага цалин, тэтгэвэртэй хүмүүсийнхийг ахиухан нэмж болдоггүй юм уу. Уг нь МҮЭХ-ныхон ингэж яриад л байсан. Одоо бүр таг болчихож. Цалин, тэтгэврийг үнэхээр харьцангуй нэмж байна.
Р.Сарангоо
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин