
-Та Лондонд болсон явдлыг тодруулсныхаа дараа тодорхой мэдээлэл өгнө гэсэн. Лондон дахь Элчин сайдын яамнаас тодорхой мэдээлэл ирсэн үү?
-Бид холбогдох мэдээллүүдийг авсан. Б.Хурцыг саатуулсан нь үнэн. Гэхдээ тодорхой мэдээлэл өгч болохгүй байна.
-Яагаад?
-Хэсэг хугацааны дараа хэвлэлийн бага хурал зарлаж энэ талаар мэдээлэл хийнэ. Мэдээлэл өгч болохгүй гэх шалтгааныг тайлбарлах боломжгүй.
-Б.Хурцыг эх оронд нь авчрах боломж бий юү. Эсвэл хэргийг нь шийдтэл саатуулах ёстой юу?
-Ямар хэрэгт холбогдсоноос л шалтгаална гэв.
Монголын хууль хяналтынхан Б.Хурцыг саатуулахад огт оролцоогүй аж. Тодруулбал, Б.Хурцад холбогдох авлигын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон. Тиймээс Б.Хурц сэжигтэн, яллагдагчийн бүртгэлд байхгүй нэгэн аж. Эх сурвалжууд түүнийг Лондонгийн хууль зөрчсөн гэж таамаглаж байна. Харин Цагдаагийн ерөнхий газрын Интерполын товчооныхон “Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариугаа хоёр өдөр давтлаа.
Б.Хурцын эхнэр гадаад руу ажлаар яваад удаагүй байгаа аж. Гэхдээ хаашаа, ямар ажлаар явахаа хамт олондоо дуулгалгүй гэнэт явжээ. Тэгэхээр нөхрөө харьд саатуулсныг сонсоод араас нь явсан байх магадлалтай. Эхнэр нь түүнийг Лондонгийн саатуулах байранд байгааг мэдээд явсан бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яамныхан энэ талаар сонсоогүй байна гэдэг эргэлзээтэй. Мөн Б.Хурц энэ сарын 17-ны баасан гарагт Лондон руу ниссэн нь албан томилолт биш бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр, Б.Хурц ганцаараа явсан аж. Хэрвээ ажлын томилолтоор явсан бол Монгол Улсыг төлөөлж байгаа Консулын газарт албан ёсоор бүртгүүлэх учиртай. Харин Б.Хурц Консулын газарт бүртгүүлээгүй аж.
Б.Цэцэгдэлгэр
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин