
Хүүхдийн ордоны хаалгаар ороход хүн бүрийн энгэрт улаан цэцэг зүүж өгч байлаа. Энгэртээ МАХН-ын бэлгэ тэмдэг бүхий улаан цэцгийг зүүсэн иргэд танхимыг дүүргэв. Харин энэ удаагийн хэлэлцүүлэгт ирсэн дэмжигчдийн олонхи нь залуучууд байснаараа онцлог гэж хэлж болох юм. Тэд зүүний үзэл баримтлал болон нэрээ солихоор сэтгэл шулуудсан намын удирдлагууддаа “Буруу зүйл ярьж байна” хэмээх шүүмжлэлийг харамгүй хэлж байлаа. Мөн энэ үеэр намын ахмад үеийнхэн ч дуугүй байсангүй. МАХН-ыг шинэчлэхийн тулд нэрээ солих шаардлагагүй, үзэл баримтлалаа өөрчлөх хэрэггүй. Зөвхөн намын толгойгоо солих ёстой гэх сануулгыг дэмжигчийн олонхи нь хэлж байсан юм. Цаашлаад “Ардаа тараахгүй гэж дарга тавьдаг Адуугаа тараахгүй гэж азарга тавьдаг” гэдэг үг бий. Үүн шиг манай улсад олон даргын хэрэг алга. Тэр ч бүү хэл дэнж дээрх малын зүс танихгүй хүн ХХААХҮ-ийн сайд хийж таарахгүй” хэмээн гишүүд, дэмжигчид ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Энэ үеэр намын анхан шатны байгууллага болох намын үүрийг дэмжихгүй байж намыг хөгжүүлэх талаар ярих ч хэрэггүй гэдгийг танхимд цугларсан хүмүүс алга ташин дэмжсэн юм.
Мөн эдийн засгийн ухааны доктор Н.Дашзэвэг “МАХН-ын шинэчлэлийг намын даргаасаа эхэлье. Намыг шинэчлэхгүй бол бид хөгжихгүй. Дотоод ардчилал алга. Нам өөрөө дотоод ардчилалтай байж хөгжинө. Наад зах нь гэхэд намын залуучуудын байгууллагын тэргүүнийг намын дарга нь сонголоо. Ийм сонголтгүй зүйл гэж байж болох уу. Ер нь аливаа зүйлийг намын гишүүд санал нэгтэйгээр сонгох учиртай” гэх утга бүхий илтгэлийг тавьсан. Харин Эрүүл мэндийн дэд сайд асан, доктор Н.Удвал “Улс төрийн нам хариуцлагатай байх ёстой. Бид хариуцлагаас зайлсхийх бус хариуцлагаа үүрэх хэрэгтэй” гэдгийг илтгэлдээ онцоллоо. Хэлэлцүүлэгт олон эрдэмтэн, докторуудын төлөөлөл илтгэл тавьж байсан бөгөөд түүний нэг нь Нийгмийн ухааны доктор, профессор С.Молор-Эрдэнэ байв. Тэрбээр “МАХН-ын удирдлагууд барууны үзэл баримтлалыг сонгоно гэж байна. Барууны үзэл баримтлал бол АН-ын үзэл. Хэрэв энэ үзлийг бий болгох гэж байгаа бол АН руу явж болно шүү. Эсвэл өөр нам байгуулаад гарсан нь дээр. Бид та нарыг хорихгүй” хэмээн нэлээд ширүүхэн хэлээд авлаа.
“МАХН-ын шинэчлэл: Урагшлах уу, ухрах уу”. МАХН үнэн хэрэгтээ урагшлах, ухрахын аль нэгийг сонгох их сонголтын өмнө иржээ. Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт ирсэн хүн бүр намаа намагтай шалбаагнаас аврахаар хүч хавсарч байгаа юм байх. Нэгдэн нийлж, ярилцаж, хэлэлцсэний эцэст тэд эрдэмтдийн зөвлөл байгуулж байгаагаа мэдэгдлээ. Уг эрдэмтдийн гэх тодотголтой зөвлөлийн даргаар эдийн засгийн ухааны доктор Н.Дашзэвэг тодорчээ. Харин Удирдах зөвлөлд Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Удвал, нийгмийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ, техникийн ухааны доктор Х.Владимир, хуульч Н.Нарангэрэл бүхий 16 хүн багтсан юм. Мөн эмэгтэйчүүд нийлж бүлгэм байгуулахаа ч хэллээ. Учир нь жендерийн тэгш байдлыг ярьж буй энэ үед эмэгтэйчүүд нэгдэж өөрийн эрх ашгийн төлөө ажиллах болно гэдгийг хэлэлцүүлгийн үед мэдэгдэв. Өмнөх хэлэлцүүлгээс гаргасан дүгнэлтэд дурдсан хөдөлгөөнийг байгуулахаар болсон аж. Гэхдээ одоогийн байдлаар уг хөдөлгөөнийг байгуулахаар түр зөвлөл байгуулжээ.
Уулзалт, хэлэлцүүлгийн үед цугларсан дэмжигчдээс хэд, хэдэн санал асуулга авчээ. Намын нэрийг солих нь зөв үү, буруу юу гэдэг асуулт дээр 600 орчим дэмжигчдийн 70 хувь нь буруу хэмээв. Харин үзэл баримтлалыг өөрчлөх шаардлагагүй гэж 54.6 хувь нь үзсэн. Намын нэр хүндийг унагаж буй гол хүмүүс нь намын удирдлагууд. Тэд намын нэр хүндийг дэндүү доош нь унагаж байна гэж 64.7 хувь нь үзжээ. Тэдний энэ удаагийн хэлэлцүүлэг ерөнхийдөө намын удирдлага тэр дундаа Ерөнхий сайд С.Батболд руу хандсан байлаа. Намаа удирдаж чадахгүй бол наад албаа чаддаг хүнд өгсөн нь дээр гэсэн утгатай үгний цаана Н.Энхбаяр байгаа нь тодорхой. Тэрбээр эхний хэлэлцүүлгээрээ намын шинэчлэлийг хэнээс эхлэх ёстой вэ гэдгийг дэмжигчдээрээ хэлүүлж байсан бол энэ удаад намын удирдлагууд руугаа довтолж эхэллээ. Түүний дараагийн хурал харин хэн рүү чиглэсэн байх бол.
Н.Энхбаярыг магтсан хүн зөндөө байлаа. Н.Энхбаяр МАХН-нд байхгүй болохоор нам нэр хүндгүй, нам толгойгүй боллоо хэмээн цугларсан хүн бүр хэлсэн юм. Мөн түүнд ийм арга хэмжээ зохион байгуулж байгаад нь талархал илэрхийлээд авсан. Гэхдээ тэд үг хэлэхийнхээ өмнө “Долгинож байгаа юм биш шүү” гэдгээ түргэн гэгч нь хэлцгээв. Эдгээр уулзалтад нийт 1000 гаруй гишүүн, дэмжигчид цугларсан. Харин эдгээр иргэнд тэрбээр урилга бэлтгэн хүргүүлжээ. Мөн улаан цэцэг зүүлгэн, дэвтэр, үзэг бэлэглэсэн юм. Энэ олон хүнийг цуглуулах, урилга, бэлэг тараахад тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай нь мэдээж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Н.Энхбаяр уг уулзалтуудыг зохион байгуулахын тулд 150 гаруй сая төгрөг зарцуулсан аж. Гэхдээ уг хэлэлцүүлэг үүгээр дуусахгүй. Тиймээс түүний халааснаас гарах мөнгөний хэмжээ ч мөн үүгээр зогсохгүй нь бололтой.
Ц.Энхцэцэг
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин