Лондонгийн биржийн лобби дэндлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Лондонгийн биржийн лобби дэндлээ

“Монголын Хөрөнгийн биржийн удирдлагын багийн сонгон шалгаруулалтад
Лондонгийн бирж ялах нь тодорхой болжээ” гэсэн мэдээ сүүлийн үеийн гол
дуулиан болж байна. Учир нь тендерийг гардан зохион байгуулж буй Төрийн
өмчийн хороо энэ талаар ганц ч үг унагахгүй амаа тас хамхиж байхад
дэлхийд нэр хүндтэй “Ройтерс” агентлаг Монгол Улсын Ерөнхий сайд
С.Батболд дээрх үгийг хэллээ хэмээн мэдээлсэн юм. Ерөнхий сайд АНУ-ын
Нью-Йорк хотноо Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хэлэлцэх НҮБ-ын
бүгд хуралдаан, Ерөн­хий ассамблейн 65 ду­гаар чуулганд оролцох үеэрээ
“Ройтерс” агентлагт ярилцлага өгсөн нь үнэн. Гэвч түүний гадаад бодлогын
зөвлөх болон хэвлэлийн төлөөлөгч нь дээрх мэдээллийг ташаа байсан
хэмээн няцаагаад байгаа. Үнэхээр ч асуудлын гол нь Ерөнхий сайдад бус,
Лондонгийн Хөрөнгийн биржид байна гэдэг нь сүүлийн үеийн зарим үйл
явцаас тодорхой болж байх шиг.

Лондонгийн Хөрөнгийн бирж болон “Ренисанс Капитал” компани хөрөнгө
оруулалтын банкуудтай хамтран өчигдөр “Монголын хөрөнгийн зах зээл”
сэдэвт олон улсын бага хурал зохион байгууллаа. Тэд хурлынхаа гол
зорилгыг  “Монголын компаниудад дотоодын болон олон улсын зах зээлд
гарах боломж олгох” хэмээн тодорхойлжээ. Энэ үеэр Лондонгийн Хөрөнгийн
биржийн төлөөлөгчид “Монгол Улсад хөрөнгө оруулах орчин”, “Монголын
Хөрөнгийн биржийн арилжааны ирээдүй” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.
Мөн энэ үеэр индэрт гарсан хүн бүр “Монгол бол хөрөнгийн зах зээлийн том
талбар, асар их боломж, ирээдүй” гэсэн чихэр шиг гоё үгсийг харамгүй
хэлж байлаа. Жишээ нь, Лондонгийн Хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн
асуудал хариуцсан менежер Аюуна Нечаева “Лондонгийн бирж ба хөгжиж буй
зах зээл” сэдвээр илтгэл тавихдаа Монголын хөрөнгийн зах зээлийн
ирээдүйг ёстой л ид шидийн гэмээр төсөөлж байв. “Монголын ДНБ гэрлийн
хурдаар өснө, Монголд улс төрийн ямар ч эрсдэл байхгүй, Монголын
компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой…” гэсэн үг, өгүүлбэрүүд
арай л нялуун сонсогдож байлаа. Яах вэ. Монголчуудад тийм боломж байгаа
нь үнэн. Гэхдээ тийм түвшинд хүртэл нэлээд зай бий. Басхүү улс төр,
эдийн засгийн дотоод, гадаад хүчин зүйлээс маш их хамааралтай шүү дээ.
Гэтэл Лондонгийн Хөрөнгийн  биржийнхэн “Бидэнд л итгэл хүлээлгэж,
бидэнтэй л түншлэх юм бол та нар хожино” гэсэн утга санааг арай л
түрэмгий илэрхийлэх шиг болсон. Монголоос асар их мөнгө үнэртэж байгаа
болохоор арга ч үгүй биз. Бүгд л ашгийн төлөө явдаг. Тэднийг буруутгах
аргагүй. Монголчууд хэрхэн хөгжүүлэхээ мэдэхгүй эргэлзээд байгаа
хөрөнгийн зах  зээлийн  талаар  турш­лагаа хуваалцаж байгаа нь ч сайн
хэрэг. Тэд үнэ цэнэтэй зүйл хангалттай хэлж байна билээ. Лондонгийн
Хөрөнгийн биржийн төлөөлөгчид “Эрдэс баялгийн асар их нөөцтэй. Тэгсэн
хэрнээ цөөн хүн амтай. Байгаа боломжоо өөрсдөө ашиглаж чаддаггүй Монгол
шиг ийм өвөрмөц зах зээл өнөөдөр дэлхийн хаана ч байхгүй” хэмээн шуудхан
хэлсэн нь өнгөн талаасаа бидэнд доромжлол мэт сонсогдоно. Гэвч бусдын
хэлсэн үг, хийсэн үйлдлийг ашиглаж чаддаг хүнд бол шал өөр үг.
Товчхондоо  “Монголчууд 13 дугаар зууны байлдан дагууллаас хойш 800
зууны дараа дэлхийд эдийн засгаараа дахин мандан бадрах” сайхан хувь
заяа ойрхон байна аа гэсэн үг. Яагаад гэвэл, бидний боломжийг бусад улс
өөрсдийн боломж болгож хараад байна шүү дээ. Хэдийгээр энэ нь энгийн
үзэгдэл мэт болчихоод байгаа ч дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд 200
жил мөрөө гаргасан Лондонгийн Хөрөнгийн бирж мэтийн асар туршлагатай
байгууллага урьд нь манайх руу ингэж хошуурч байгаагүй. Зөвхөн
Лондонгийн гэлтгүй дэлхийд тэргүүлдэг бусад бирж ч мөчөөгөө өгөхгүйг
хичээж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар англи эрхмүүд шиг ашиг
сонирхлоо бүрмөсөн тайчсан нь хараахан алга. Лондонгоос Монголын эдийн
засгийг цаг мөч бүр ажиглаж суусан тэд дахин хэзээ ч олдохгүй ховор
боломжоо алдчих вий гэж эмээхдээ Улаанбаатарт хүрэлцэн ирж ухуулга
лоббигоо идэвхтэй хийж байна. Тэдний хувьд ашиг орлогын үүдийг нээх гол
түлхүүр нь Монголын Хөрөнгийн бирж гэдэг нь ойлгомжтой. Тэд энэ удаад
Монголын уул уурхайн томоохон компаниудыг давхар бүртгэлтэй болгох тухай
нэлээд онцолж ярьсан. Тодруулбал, гадаа­дын зах зээлд гарахыг хүсч буй
компаниуд Монголын­хоос гадна Лондонгийн биржид давхар бүртгүүлэх
шаардлагатай гэж байгаа. Тиймээс  юуны өмнө Мон­голын Хөрөнгийн бир­жийг
авахын тулд ийм өргөн цар хүрээтэй лобби хийхээс ч аргагүй. Магадгүй
“Монгол Улсын Ерөнхий сайд Лондонгийн бирж ялах нь тодорхой болсон гэж
хэллээ” гэдэг үгийг тэд л “Ройтерс”-оор хэлүүлсэн байхыг үгүйсгэх
газаргүй юм. “Тэр мэдээллийг хаанаас гаргасныг мэдэхгүй байна” хэмээн
булзаж байгаа ч тэдний ярианаас нэг тийм үнэр хангалттай мэдрэгдэж
байсан шүү.

Ч.Дашдэлэг

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж