Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын ашиг сонирхол нэгдсэн гэв үү

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын ашиг сонирхол нэгдсэн гэв үү

Ардчилсан намыг хоёр хуваасан Ардчилсан хүчний холбоо гэгч чухам юу вэ. Уг холбооны ил тоглогчдын цаана хэн удирдаачийн алба хашиж байна вэ. Тэднийг найрал хөгжмийн багц аялгуун дунд арын эгнээнээс гоцлол хөгжимчний албыг булаацалдах хүсэлтэй цөөн хэдэн хоёрдугаар эгнээнийхний урагшлах тоглолт байсан гэж ойлговол эндүүрэл болох гэнэ. Учир нь тэдний ар тал буюу удирдаачийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэсэн яриа Ардчилсан намынхны дунд түймэр мэт дэгдэж эхэлсэн болохоор тэр.

Ердийн нэг З.Энхболд хийгээд ер бусын мугуйд С.Эрдэнэ хоёрын хувьд эрх мэдлээ баталгаажуулах хүсэл­тэй улс төрийн идэвхтэй тоглогчид гэдэг нь тодорхой.  Өнөөдрийг хүртэл явж ирсэн улс төрийн шат дамжлагаа тэдний хэн хэн нь голж, гоочилдог нь нууц биш. Зөвхөн З.Энхболд гишүүн гэхэд л Ардчилсан намын даргын төлөө нэр дэвшиж байсан удаатай. С.Эрдэнэ даргын хувьд нийслэлийн Ардчилсан намын даргын албыг гомдол, гутрал дүүрэн хүлээлгэж өгснийг нь эс тооцвол намынхаа удирдлагуудтай хийх тооцоог дуусгаагүй нэгэн. Өнгөн дээрээ инээмсэглэж буй ч нэдэр дээрээ нийслэлийн Ардчилсан намын даргын тамгыг өөрөөсөө ч “балчир” /улстөрчийн эрэмбийн хувьд/ Ш.Түвдэндоржид гардуулж өгсөндөө шаралхаж суугаа үл эвлэрэгч. Ер нь түүний хувьд өнгөрсөн хугацаанд хийж ирсэн, хийлцэж ирсэн улс төрийн амьдрал нь ямагт “Би байхгүй бол бид байхгүй” гэдэг зарчмаар ханддаг. З.Энхболд нь ч тэр бас л “Би бол бид байхгүй” гэдэг үзэл сурталдаа үнэнч явсаар ирсэн. Ийн Ардчилсан нам төдийгүй Монголын улс төрд давтагдашгүй ааш араншин, айхтар хатуу бодлоороо ялгарч ирсэн тэдэнтэй өдгөө дөрөө нийлэн алс хэтээ засах шаардлагатай хүн нь яах аргагүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажээ.

Тэрбээр өнгөрсөн Ерөн­хийлөгчийн сонгуульд Ард­чилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулснаар намын батлахаа хүлээлгэж өг­сөн. Ерөнхийлөгчийн статус нь үн­дэсний эв нэгдлийг илэр­хийлэгч гэсэн том лоо­зонтой болохоор Үндсэн хууль энэ шийдвэрийг шууд тулгачихдаг. Гэвч Ерөнхийлөгч байх хугацаан­даа л намдаа өөрийгөө хэн болохоо харуулж, эрх ашгийнхаа хэлхээг хадгалж үлдэхгүй бол албанаасаа буусны дараа хэн болдгийг нь Н.Энхбаяр өөрийн намтраараа түүнд хэтэрхий эрт сануулга өгчихсөн. Нэгэн цагт одоогийн МАХН-ын бүх лидерийг татан төвлөрүүлж, өөрийнх нь нэрийг сонсоод шар ус нь хурах мэт айлгаж чаддаг байсан Намбарын Энхбаяр өдгөө намдаа хэн ч биш болж хувирсан. Улстөрчдийн намдаа эзлэх хувирлыг жилийн дөрвөн улиралтай зүйрлэхийн аргагүй. Тэр ертөнцөд өөрийнх нь өмнө намар болж, навч унасан бол унаснаараа дуусна. Хэн ч шарласан моддыг услахгүй. Томхон шиг шүүрээр шүүрдээд л хаячихна. Ийм хэцүү хувь тавиланд өөрийгөө унагах вий гэж айсандаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намаасаа хараа хяналтаа салгахгүй гэж шийдсэн учраас Ардчилсан хүчний холбооны ерөнхий командлагчийн албыг авсан бололтой. Тэр ч бүү хэл Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр гэ­хэд л улс төрийн ашиг сонирхлоороо хамгийн дотно бүсгүй болох Ц.Оюунгэрэлийг томилуулж чадсан. Энэ сонгуульт албыг өөрийн хүнээр толгойлуулах нь Ардчилсан намын лидерүүдийн эн тэргүүний зорилго байдаг нь нууц биш. Иймээс ч Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох тухай яриа эхлэхтэй зэрэгцээд л “Алтангадас” ассоциациас улс төрийн өл хоолтой залгасан хэдэн бүсгүй өөр зуураа хэлхэлдэж сүйд болсон удаатай. Гэсэн ч тэд Ц.Элбэгдоржийн нэгдүгээр шадар бүсгүйд яах аргагүй тахимаа өгсөн нь учиртай.
Ийн эмэгтэйчүүдийг нь атгаж    чадсан   Ерөн­хий­лөгчийн зүгээс анхаарлаа хан­дуулах субъект нь тэргүүн эгнээний лидерүүдээ ямар ч хүчээр хамаагүй түрэх сонир­холтой хоёрдугаар эгнээнийхнийг эрх мэдлийн баланд хүргэх. Тэгж чадвал Ардчилсан хүчний холбооны эн тэргүүний зорилго биелнэ гэдгийг ч тухайн үед үүсгэн байгуулагчид нь ил тод мэдээлж байсан. Одоо л Ардчилсан нам дахь эрүүл уур амьсгалын илэрхийлэл, олон ургалч үзлийн дүр төрх гэсэн тайлбар өгөөд байгаа болохоос бус цагтаа намынхаа даргыг, хамтарсан Засгийн газрыг шүүмжилж, огцруулах, тараах уриалга гаргаж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлдсэн нь бий.

Тэр ч бүү хэл Ардчилсан намын зарим лидер “Ард­чилсан хүчний холбооныхон чинь МАХН-д урвагчид юм биш үү”, “Ардчилсан хүчний холбооныхны цаад зорилго нь Ардчилсан намын даргын суудлыг авах” гэх мэт тайлбарууд ч хийж байсан. Тэгвэл нэгдүгээр ишлэл буюу “Ардчилсан хүчний холбооныхон чинь МАХН-ын урвагчид юм биш үү” гэдэг хардлагыг цааш нь лавшруулахад “Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын сонирхол нэгдээд байгаа шүү” гэх таамаг ч хөврөх аж. Энэ таамаг хэнд ч сонирхолтой байх нь гарцаагүй. Учир нь Ц.Элбэгдорж хамтарсан Засгийн газрыг байгуулахыг эсэргүүцэж, намын даргынхаа албыг ч үл мартан энэ УИХ-ын анхдугаар чуулганыг хаяж гарч байсан эрхэм. Үгэнд нь ороогүй намынхаа нөхдийг зэмлэж, үгийг нь хүчгүйдүүлсэн МАХН-ын лидерүүдийг буруу­шаасан ч ганц хүний улс төр  тухайн үед хол яваагүй. Н.Энхбаярын хувьд гэхэд өдгөө ямар үг хэлж, ямар алхам хийж буй нь хэн хүнд тодхон болсон тул олныг нуршаад хэрэггүй биз. Гагцхүү хэн, хэн нь хамтарсан Засгийн газарт, тэр дундаа хамтарсан Засгийн газрыг хамтарч байгуулсан намынхаа удирдлагад дургүй. Дээр нь нэг нь Ерөнхийлөгчийн албанаас ерөнхийд нь эсэргүүцэгч болж буурсан, нөгөө нь Ерөнхийлөгчийн албанаас ерөнхий эсэр­гүүцэгч болж буухгүйн төлөө одоо л хүчээ зузаатгах шаардлагатай. Тэгэхээр энэ хоёр эрх ашгийн дунд улс төр л болсон юм хойно өнгөрсөн хугацааны зөрчлөө баллуурдаж орхиод хамтдаа ирээдүй рүү алхах хэрэгтэй болж буй нь тодорхой.

Үүнд нь мөнөөх дарагддаггүй С.Эрдэнэ нь дарагдсан болж жүжиглэсэн ч ирэх сард болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр үзүүлээд өгөхөө амласаар байгаа. Энэ хол зайд эр бяраа, эрэлхэг зоригтой гэдгээ гайхаж ирсэн түүний хувьд ард буй удирдаачдынхаа сонирхлоор яахин хурдан бууж өгч  болох билээ. Асаахыг хүсч байсан галыг нь Ардчилсан намын удирдлагууд асааж, галын дөлийг өөд нь бадраах эрхийг Ардчилсан хүчний холбооныхонд өгчихөөд байхад шүү дээ. Дээр нь зарим нэг хүн эл зөрчлийг Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас хол гэж ойлгуулахын тулд МоАХ-ны гишүүдийн зөрчил мэтээр тайлбарлаж буй. Гэвч угтаа Ардчилсан хүчний холбоог хамгийн анх дэмжсэн улс төрийн бүлэглэл бол яах аргагүй МоАХ. Энэ холбоог Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эрт багын анд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга удирддаг гээд бодоод үзээрэй. Энэ нөхцөлд Ардчилсан хүчний холбооноос тэднийг салгаж бодох гэж оролдоод ч нэмэргүй болно. Хэдийгээр Х.Баттулга анд нь өдгөө хамтарсан Засгийн газрын гишүүн ч тэдний эсрэг зогсох хүч бол яах аргагүй “Алтангадас” фракци. Энэ бол ил тодоор найзалж, ил бусаар зөрчилдөхийн цаад шалтгаан. Эндээс харахад Ардчилсан хүчний холбооны ард Ц.Элбэгдорж байна гэв үү гэсэн Ардчилсан нам дахь шуугианд эсэргүүцэл олоход хэцүүхэн ажээ.

Г.Отгонжаргал

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж