МАХН доромжлолыг хүлээж авахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

МАХН доромжлолыг хүлээж авахгүй гэв

МАХН-ын удирдлагууд сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын намын хорооны дарга нар ирсэн бөгөөд ирэх сарын эхээр болох намын 26-р их хурлаар хэлэлцэх асуудлын талаар танилцуулахын зэрэгцээ сүүлийн үед хэвлэлээр гараад буй намын нэр, үзэл баримтлалын өөрчлөлтийн тухай санал шүүмжлэлийн эргэн тойронд албан ёсны тайлбар хийсэн байна. 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “МАХН нь зүүний төвийн үзэл баримтлал, нэрээ өөрчлөхгүй. Харин намын их хурлаар өмнө ашиглаж байсан уугуул нэрээ сэргээн хэрэглэх талаар хэлэлцэх болно. Мөн өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа оноогоо хэлэлцэх юм. Гэтэл манай намыг барууны чиглэлийн нам болох талаар ярьж шүүмжлэх хүн байна. Бид эрхэмлэх үнэт зүйлээ хэрхэвч өөрчлөхгүй. МАХН-ын үйл ажиллагааг шүүмжлэхийг хүлээн авна, харин доромжлолыг хүлээж авахгүй. Хэрэв энэ мэт намын дүрмийг зөрчсөн зүйлд улс төрийн хариуцлага хүлээлгэх болно” гэв.

Мөн сүүлийн өдрүүдэд зохиогдож буй “МАХН урагшлах уу, ухрах уу” хэмээх хэлэлцүүлгийг албан бус хэмээн тодорхойлж, “намын гишүүд ийнхүү цуглан, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй” хэмээв.

Мөн маргаашнаас намын анхан шатны нэгж болох үүр хороодоос намын их хуралтай холбогдуулан санал цуглуулах, хэлэлцүүлгүүдийг явуулах болсноо  дуулгалаа.

Б.Мандах  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж