Солонгос дахь Ким-үүдийн засаглал

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Солонгос дахь Ким-үүдийн засаглал


1948 онд Хойд Солонгос улс байгуулагдсанаас хойш “мөнхийн ерөнхийлөгч”, улс орны эцэг Ким Ил-сун болон түүний үр хүүхдүүд болох нэгэн гэр бүлийнхэн төмөр мэт хатуу гараар улс орноо захирч иржээ.

1994 онд Ким Ил-сун нас барахад цөмийн зэвсэгтэй энэ коммунист орны удирдлагыг түүний хүү “хайрт удирдагч” Ким Жонг-илд шилжүүлэн өгсөн түүхтэй. Одоо түүний эрүүл мэнд суларч доройтсны улмаас өөрийнхөө халаа авагч хүнийг хамгийн бага хүү Ким Жон-унийг болгохоор бэлтгэж эхэлсэн байна.

Кимийн хүчирхэг гэр бүлийн талаар тун бага мэдээлэл байдаг болохоор тэдгээрийн талаар цуу яриа, хариултгүй олон асуултаар дүүрэн байдаг аж.

Ким Жон-ил. Одоо 68 настай, 1994 оноос эхлэн Хойд Солонгосыг удирдаж ирсэн. Засаглалын бүх эрхийг гартаа атгаж байдаг бөгөөд улс орны эдийн засаг сүйрч, өлсгөлөн болж байсан хэдий боловч улс орноо цөмийн зэвсэгтэй болох замд хөтлөн оруулжээ. Тэр нарны салшгүй хар шилтэйгээ, цэргийн дүрэмт хувцас өмсөн явдаг онцлогтой. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр түүний гэр бүлийнхэн Сибирь нутагт хүрэлцэн ирж амьдарч байсан бөгөөд тэнд төрсөн гэх яриа ч байдаг. Гэвч түүний албан ёсны намтарт хойд солонгосын ариун уул Пэктудэд төрсөн гэдэг ажээ. Сургуулиа төгссөний дараа Солонгосын Хөдөлмөрийн Намын соёл, сурталчилгааны хэлтэст алба хашиж, аажмаар албан тушаалаа шатлан дээшлүүлж, улс төрийн боловсрол эзэмшиж эхэлсэн байна. 2008 оноос эрүүл мэнд нь муудаж эхэлжээ. Олон бүсгүйтэй нэр нь холбогдож явсан бөгөөд урлагийн ертөнцтэй их холбоотой байсан гэж ярьдаг ажээ. Хоёр өөр ээжээс төрсөн гурван хүүтэй ба хэд хэдэн охинтой аж.

Ким Жон-ун. Хойд Солонгосын удирдагчийн бага хүү. Түүнийг энэ долоо хоногт дөрвөн таван хошуутай генералын зэрэгт дэвшүүлэн, Хөдөлмөрийн намын удирдлагын зөвлөлийн гишүүн болгосныг халаагаа өгөх хүнээр бэлтгэж байгаатай холбоотой гэж үзэж байгаа юм байна. Бага хүүгийг нь ойролцоогоор 1983 оны үед төрсөн байх гэж үздэг ба Ким Жон-илийн гурав дахь эмэгтэй 2004 онд нас барсан бүжигчин Ko Young-kee-гоос төрсөн хүүхэд гэж ярьдаг ажээ. Тэрээр 1990-ээд оны үед Бернийн олон улсын сургуульд герман, англи, франц хэл сурч байжээ.
Ким Кыон-хуи. 64 настай бөгөөд Хойд Солонгосын удирдагчийн эмэгтэй дүү нь, түүнтэй хамгийн ойр дотно байдаг хүний нэгэн гэж үздэг ажээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сараас эхлэн түүний хажууд явах нь цөөрсөн аж. Тэрээр нэг хүү, нэг охинтой ба охин нь 2006 онд нас баржээ. 25 настайгаасаа Эмэгтэйчүүдийн үйлдвэрчний байгууллагад ажиллаж, олон төрлийн хэлтсийн даргаар ажиллаж иржээ. Одоо Хойд Солонгосын хөнгөн үйлдвэрийн секторыг удирдаж байгаа аж.

Энэ долоо хоногт дөрвөн таван хошуутай генерал цолтой болж, намын улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсон байна. Улс төр судлаачид Ким Жон-унд улс орны жолоог атгуулах тэр үе мөчид гол үүрэг гүйцэтгүүлэхээр бэлтгэж байгаа нь тэр гэж үзэж байгаа юм байна.

Чанг Сун-таек. Солонгосын удирдагчийн хүргэн, Ким Кыонг-хуигийн нөхөр. Хүмүүсийн яриагаар сургуульд сурч байхдаа Ким Жон-илтэй ойртож дотноссон гэдэг. 1970 оноос намын байгууллагад ажиллаж, албан тушаалаа ахиулсаар иржээ. 1990-ээд оны сүүлээр Ким Жон-илийг хөдөө орон нутгаар явахад нь байнга дагаж явдаг байсан ба 2003-2006 онд хойд солонгосын эдийн засгийн бодлогыг шүүмжилснээс болж, албан тушаалаасаа хэсэг хугацаанд бууж байсан байна. 2007 оноос өндөр албан тушаал дахин хашиж эхэлсэн ажээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж