
Аравдугаар сарын 3-ны өдөр Бразилд явагдах сонгуульд нийт 135 сая хүн санал өгөх бөгөөд “Тиририка” хочит алиалагч Сан Пабло муж улсын сонгуулийн тойрогт өрсөлдөж, Конгрессын гишүүн болохоор зорьж байгаа нь хэрэгжихэд тун ойрхон болоод байна гэж санал асуулгынхан мэдээлсэн байна. 45 настай алиалагч нэг сая хүний санал авахаар телевиз, радиогоор ярих, олны өмнө тоглолт хийх зэргээр идэвхтэй ажиллаж байгаа аж.
Тиририка “Холбооны депутат хүн юу хийдгийг та мэдэх үү? Би ч бас мэдэхгүй юм байна. Та нар миний төлөө саналаа өгөөрэй. Дараа нь юу хийдгийг нь та нарт тодорхой ярьж өгөе” гэх мэтээр ярьж, хүмүүсийн инээд дургүйцлийг төрүүлж байгаа ажээ.
Түүнийг конгрессын нэр хүндийг бууруулж байна гэж ял тулгасан боловч бас л үр дүнгүй өнгөрчээ. Түүнд учирч буй сүүлийн саад тотгор нь бичиг үсэг мэддэггүй гэсэн яриа аж. Бразил улсын Үндсэн хуулиар уншиж, бичиж чаддаггүй хүн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хориглосон заалт байдаг юм байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг