289 цайны газрыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

289 цайны газрыг хаажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийжээ. Шалгалтаар улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй нийт 68877 газраас 4884 буюу 79.3 хувийг улсын үзлэгт хамруулсан байна. Үүнээс 3267 буюу 66,8 хувьд 80-аас дээш хувиар, 1617 буюу 33,2 хувьд 80-аас доош хувиар стандартын төвшнийг хангаж, улсын дундаж хувь 63,1 байгаа нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдаагүй, хоол хүнсний гаралтай эрсдэл үүсэх магадлал өндөр байгаа гэж дүгнэсэн байна.
Энэ удаагийн шалгалтаар 2004 онд хийсэн улсын нэгдсэн шалгалтын дүнтэй харьцуулахад хоол, үйлчилгээний газрууд аймгуудад дунджаар 6,8 хувиар өссөн байна. Зөвхөн нийслэлд гэхэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын тоо 2004 онд 2170 гаруй байсан бол энэ оны байдлаар 60 гаруй хувиар өссөн, стандартын мөрдөлтийн төвшин өмнөх улсын үзлэгийн дүнгээс 0.7 хувиар буурсан байжээ. Зарим бизнес эрхлэгчид зөвхөн орлого хөөж ажиллах, хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа импортын хүнсний бүтээгдэхүүн, шинжилгээний бичгийг дагалдуулж өгдөггүй нийтлэг зөрчлүүд илэрчээ. Нийслэлийн хувьд худалдаа үйлчилгээ эрхлэгчид бүтээгдэхүүнээ татан авдаг “Барс”, “Нарантуул”, “Меркури”, “Sky” зэрэг хүнсний томоохон зах, бөөний төв, дэлгүүрүүд падаан шинжилгээний бичиггүй бүтээгдэхүүн худалдан авч ашигладаг байна. Мөн ажлын байрны нөхцөл, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй, цэвэрлэгээ, үйлчилгээ тогтмолжоогүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа эрхлэж буй зөрчил нийтлэг байсан аж.  Түүнчлэн цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй, ихэнх хоолны газрын үйлчилгээний танхим нь стандартын шаардлага хангаж байгаа боловч хоол үйлдвэрлэлийн байр нь халуун боловсруулалтын, бэлтгэлийн, угаалгын хэсгийг тусгаарлаагүй, технологи урсгал зөв зохион байгуулаагүйгээс хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдсэн байжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх хамрагдвал зохих нийт 662 цайны газраас 550 буюу 82,9 хувийг хамруулан 355 буюу 64,5 хувь нь стандартын мөрдөлт 80 хувиас дээш хангасан, нийт 58 сургууль гал тогоо бүхий цайны газаргүй /хувийн сургуулиуд/ байсан аж. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх цайны газруудын 164 буюу цайны газрын 92 хувь шалгалтад хамрагдаж эдгээрийн 28 буюу 17,0 хувь стандартын шаардлага хангаагүй, 32 сургууль гал тогоо бүхий цайны газаргүй, 28 буюу 17 хувь зориулалтын бус байртай, нийт ажиллагсадын 199 нь буюу 25,9 хувь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, 164 цайны газар шалгахад түүхий эд, бүтээгдэхүүнийг баталгаажилтгүй ашигласан зөрчил 65 удаа илэрсэн, хоолны газрын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй 322 зөрчилтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан байна.

Шалгалтын дүнгээр аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн шалгалтад хамрагдсан 139 цайны газруудын 50 буюу 35,9 хувь зориулалтын бус ажлын байртай, стандартын шаардлага хангаагүй, 35 буюу 25,1 хувь зориулалтын хөргөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, 69 буюу 49,6 хувь зориулалтын хоол үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, 4 буюу нийт ажиллагсадын 0,8 хувь мэргэжлийн тогоочгүй, 53 буюу 11,3 хувь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэсэн, 139 цайны газарт түүхий эд, бүтээгдэхүүнийг баталгаажилтгүй ашигласан зөрчил 75 удаа илэрсэн, хоолны газрын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй 201 зөрчилтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь хяналтаар тогтоогдсон байна.

Сумдын ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх нийт цайны газрын 52,6 хувь 191 шалгалтад хамрагдаж эдгээрийн 84 буюу 43,9 хувь стандартын шаардлага хангаагүй, 73 буюу 38,2 хувь зориулалтын бус байртай, 94 буюу 49,2 хувь зориулалтын хөргөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, 123 буюу 64,3 зориулалтын хоол үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, 17 буюу 0,9 хувь мэргэжлийн тогоочгүй, нийт ажиллагсадын 79 буюу 15,7 хувь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, 191 цайны газарт түүхий эд, бүтээгдэхүүнийг баталгаажилтгүй ашигласан зөрчил 143 удаа илэрсэн, хоолны газрын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй 123 зөрчилтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь мөн хяналтаар тогтоогдсон байна.

Шалгалтаар зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад 17 сая төгрөгийн торгууль ногдуулж, 289 цайны газрын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.

П.Наран
 МХЕе_:
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж