Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

200 тонн жонш хураажээ

Дундговь аймгийн Хулд сумын нутагт алт илэрч 500 нинжа цугласан тул ажлын хэсэг томилогдон тухайн газар нутагт ажиллаж байгаа талаар урьд нь мэдээлсэн билээ. Хулд сумын нутаг дахь тухайн газар алт биш жонш илэрснийг зэргэлдээх аймгаас ирсэн металь хайгчтай баг нотолсныг ажлын хэсэгт оролцоод ирсэн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч М.Батаа ярьж байна Тэрээр “Мэдээлэл ташаарсан нь бидний буруу биш. Харин багийн засаг дарга Бямбажав буруу мэдээлэл өгсөн нь тогтоогдсон. Бид хүчний байгууллагын оролцоотой есөн хүний баг хоёр хоног тэнд ажиллаад ирлээ. Шинэ ордоос жонш ухах  гэсэн хүмүүс анхаарлыг өөр зүгт хандуулан өөрсдөө “од шүүрэх” гэсэн санаархал байсныг бид анхааралдаа аваад байна. Нинжа нарын 200 тонн жоншны хувь заяаг шийдэх гээд ярилцлага өгөх зав  алга. Дундговьд илэрсэн алтанд хорхойсох хэрэггүй. Энд алт гараагүй. Алтанд шүлэнгэтэгчид металь хайгчтай ирээд буцсаныг нутгийхан дуулиан болгосон юм билээ. Тэнд алт биш жонш байсан л даа” гэж өгүүлэв. Ажлын хэсэг жоншны нинжа нарын 200 тонн жоншыг хураагаад байгаа аж. Одоо  ажлын хэсгийхний анхааралд өртсөн 200 тонн жоншны хувь заяа хаашаа эргэх бол.  Энэ хэмжээний жонш Чойр хүрэхэд л 30 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Бас хэдэн жилийн өмнө Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн холбогдох ажилтнууд нинжа нараас ихээхэн хэмжээний алт хураасан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны томчуулыг доргиосон ч хэргийг төв рүүгээ татсанаар намжсан  тухай  эх сурвалж өгүүлж байна.

С.Пүрэвсүрэн        
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж